Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэн, Хуульч, өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр: Хамгаалагдсан хүний эрх Үндсэн хуулийн үнэ цэн юм

-Үндсэн хуулийн үнэ цэнэ миний хувьд хамгийн түрүүнд Монгол Улс, Монгол Улсын Бүрэн эрхт, тусгаар байдал гэж ойлгодог. Эх оронтой байна гэдэг бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Энэ үнэ цэнийг олж авах гэж өвөг дээдэс минь халуун амь бүлээн цусаа хайрлалгүй  тэмцэж хойч үедээ өвлүүлэн үлдээсэн.  Өөрийн гэсэн тусгаар тогнолгүй, газар нутаггүй, хэл соёлгүй бол улс оронд Үндсэн хууль гэж байх боломжгүй юм. 

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн эхэнд

-“ улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

- хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

- төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

- хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

- эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.” гэсэн байдаг. Эндээс үзэхэд Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөш шударга ёс, эв нэгдэл хамгийн эхэнд  эрэмбэлэгдсэн байна.  Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж хүний эрхийг хамгаалахын тулд төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр буюу засаглалын гурваг салаа мөчрийг хувиарласан, хүний эрхэм чанарыг хүндэтгэх, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж тунхагласан, мөн иргэний шашин шүтэх, эс шүтэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар  хамгаална гэж заасан нь өнөөдрийн хөгжлийн үндэс, Үндсэн хуулийн үнэ цэн юм.

Хүний эрх, үндсэн хуульт ёс, нийгмийн үнэт зүйл болон үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалдаг ажил мэргэжил эрхэлдэг хүний хувьд   үйлчлүүлэгч нарын минь эрх Үндсэн хуулиар  хамгаалагдаж байдаг.  Ийнхүү хамгаалагдсан хүний эрх Үндсэн хуулийн үнэ цэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn