П.АМГАЛАН
2026 он гарснаас хойш Баян-Өлгий аймагт хэд хэдэн онцлох ажлуудыг зохион байгуулж, шинэ оны “өнгө төрх”-өө тодорхойллоо. Аймгийн хэмжээнд хэрэгжүүлсэн онцлох ажлуудын нэг нь хүүхэд, залуус руу чиглэсэн "Байгальд ээлтэй залуусын чуулган” байв. Уг чуулганы гол зорилго нь өсвөр үе, залууст байгаль орчин, өв соёл, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувь хүний хөгжил, манлайлал, цахим ур чадварыг дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэнийг төлөвшүүлэхэд чиглэжээ.
Чуулганд аймгийн Засаг дарга Е.Зангар, аймгийн ЗДТГ-ын боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира болон 15–20 насныхан оролцжээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Е.Зангар “Аймгийн Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн тэргүүний хувьд энэхүү чуулган болон цаашид хэрэгжүүлэх ижил төстэй үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллана. Аймаг орон нутагт байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжил, тогтвортой бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар оролцогч залуучуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, залуусын санаачилга, оролцоо энэ салбарт чухал үүрэгтэй” гэдгийг онцоллоо.
Аймгийн удирдах ажилтнуудын хуралдааныг зохион байгууллаа
Мөн аймгийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны ээлжит шуурхай хуралдааныг зохион байгууллаа. Шуурхай хуралдаанаар аймаг, орон нутагт тулгамдаж буй цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрүүдийн талаар санал солилцов. Энэ үеэр Аймгийн Засаг дарга Е.Зангар “Холбогдох байгууллагын удирдлагуудад салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй” гэв. 2026 оны эхний улиралд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулах талаар тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.
Мөн холбогдох байгууллагын удирдлагуудад салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллах хэрэгт холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Тодруулбал, нэгдүгээр сарын 15-наас эхлэн аймгийн Засаг дарга салбарын сайд нартай гэрээ байгуулах тул гэрээнд тусгагдах зорилт, арга хэмжээг байгууллагын дарга нар онцгой анхаарч, хэрэгжих боломжтой, үр дүнтэй заалтуудыг тусгах хэрэгтэйг онцлов.
Түүнчлэн төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу тавдугаар сарын 31-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагааг дуусгах шаардлагатай тул орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо. Уг ажлын хүрээнд байгууллагын хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэх, байгууллагуудын хөдөлмөрийн гэрээг хянаж, шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргах аж.
Аймгийн ОБЕГ автопарктай боллоо
Аймгийн Онцгой байдлын газрын 192 метр квадрат талбай бүхий, 6 автомашины багтаамжтай автопаркийн нээлт боллоо. Тус автопаркийг орон нутгийн төсвийн 116.7 сая төгрөг, Онцгой байдлын Ерөнхий газрын 107.4 сая төгрөгийн санхүүжилттэйгээр нийт 224.1 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Алтай шар говь” ХХК барьж гүйцэтгэсэн байна. Шинэ авто парк ашиглалтад орсноор Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглагддаг тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийн хадгалалт, бэлтгэл, бэлэн байдал хангагдах боломж бүрдэх аж. Ингэснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шуурхай, найдвартай байдал дээшлэх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 5 (7747)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn