П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Кино гэдэг цаг хугацааг барьж үлдээдэг урлаг” хэмээн Ардын жүжигчин, кино найруулагч Д.Жигжид хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, кино урлаг нь түүх, нийгэм, хүний төрх зэргийг мөнхөлж үлдээдэг урлагийн үнэ цэнтэй баримт юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийх хоёр монгол киног онцолж байна. 

 

Буриад зоны туульсын амьдрал “Дангина” 

 

“Ус тайгыг дагаж амьдрах, уул талыг барьж амьдрах буриадын хоёр отог омог зэрэгцээ тэнхлэгт, алсхан, өөр өөрийн ахуй заншил, амьдрал соёлоороо оршино. Аль аль нь л байгаль дэлхийгээсээ хараат, тайгаасаа, талаасаа амин зуулгыг гүйцэлдүүлэн, тоонот нутгийнхаа агаар салхи, аялгуу гоо бүхнээс шилэлдэн шалгарал тэмцэл дүүрэн амьдрагч буриад түмний хэсэг. Талын буриадууд нутаг шилэн нүүдэллэж яваад нуур тэнгисийн хүчит салхинаа сүйдэн осолдоно. Энэ ослын үеэр нэгэн жирэмсэн эх тэнгисийн хүчит давлагаан дотор төрнө. Түүнээс хоёр охин төрж, бүсгүй үрсээ амьд үлдэх боломжийг олгоод өөрөө их усанд үйж одно. Тэнгисийн эрэгт завины хэмхэрсэн толгойд хөвж ирсэн хоёр охины нэгийг тал нутгийн анч эрэмгий бүсгүй олон авч явна. Нөгөө нэг охиныг үндсэн омгийнхон нь  эцэг нь олж авдаг”... гэх үйл явдлаар өрнөх туульсын уран сайхны кино нь UBS телевизийн дөрөв дэх бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл юм. Буриад зон олныг их ээдрээтэй, амаргүй хувь тавилан туулсан Монголын хайрлах учиртай, дээдлэн халамжлах өвтэй угсаат түмэн гэдэг. Тиймдээ ч туульсын адал явдалт өгүүлэмжээр ийн амилуулсан бөгөөд Гавьяат жүжигчин, циркчин Э.Лхагва-Очир гол дүр бүтээсэн гэдгээрээ мөн үзэгчдэд хүлээлт  үүсгэж байна.

Одоогоос 11 жилийн өмнө UBS телевиз “Содура” уран сайхны киногоороо тайгын цаатан ард түмний ахуй амьдралыг, найман жилийн өмнө өмнийн шаргал говьд үүссэн гэх домогтой үндэсний бахархалт морин хуур хөгжмийн яруу эгшиглэнг дуурьсгасан “Говийн домог”, дөрвөн жилийн өмнө “Нарны садан” уран сайхны киногоор хангайн царам, уулын таг, усны тунгалгийг даган Монгол орны унаган мал сарлагийг адгуулан маллах зон олны тухай түүхүүдийг өгүүлж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж байсан. Ийнхүү дараагийн нэгэн туульсын уран сайхны киногоо маргааш буюу нэгдүгээр сарын 9-нд  нээх гэж байна.

 

“Задлаагүй захиа”-г задлахад  долоо хоног үлдлээ 

 

-“18 нас хүрээгүй хүү нь өөрийгөө насанд хүрсэн гэж худлаа хэлж цэрэгт бүртгүүлснээр дайнд татагдав. Ганц хүүгээ амьд ирэхийг бэтгэртлээ хүлээсний эцэст түүнд хаягласан улаан туузтай захиа ирснээр” … үйл явдал өрнөх “Задлаагүй захиа” уран сайхны киног Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн байна.

40 жилийн өмнө тайзнаа амилж байсан энэхүү жүжгийг “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран бүтээсэн бөгөөд найруулагчаар нь Б.Батдэлгэр ажиллажээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд “Шар гэгээ”, “Татар” кинонуудаараа үзэгчдийн халуун сэтгэл, дүүрэн алга ташилтыг хүртээд буй тул шинэхэн уран бүтээл нь мөн хүлээлт өндөртэй байна.

Гавьяат жүжигчин Г.Золбоотын амилуулж байсан театрын анхны дүр нь Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн Гэндэн өвгөний идэр насны дүр байв. Хожмын хувь заяаны тохиолоор энэ дүрээ дэлгэцийн бүтээлд дахин мөнхөлж, үзэгч түмэнтэйгээ уулзах гэж буйг онцлууштай.

Түүнчлэн найруулагч Б.Батдэлгэр дүрийн сонгон шалгаруулалтаа тун няхуур хийгээд оновчтой хийдгийг хамтран ажиллагч уран бүтээлчид нь хэлэхээс гадна бүтээлийг нь шимтэн үздэг түмэн олон хардаг болов уу. Энэ удаа 21 аймгаас дүрийн сонгон шалгаруулалт зарлаж эрж хайсны эцэст Монгол орны баруун хязгаар Увс аймгаас гол дүрээ олсон гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn