П.АМГАЛАН

 

Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалаад тэс өөр. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа ОУХМ Б.Энхтамир  болон Румын улсын тамирчин David Popovici нарыг онцолж байна. Тэд хоёулаа 2004 онд төрсөн.

 

Усанд сэлэлтийн олон рекордын эзэн Б.Энхтамир

-Найман настай хүү усан спортоор хичээллэж эхэлсэн нь түүний өнөөдрийн “би”-г бүтээсэн. Түүний хүсэл мөрөөдөл, тууштай байдал  найман настай хүүгийн “би”-гээс хальж эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан тамирчны замналын эхлэл болсон нь энэ. Тэрээр Монголын усан спортын олон амжилт, рекордыг эзэмшигч. Бас  олон амжилт, олимп, дэлхийн тэмцээнүүд түүний өмнө бий. Монгол Улсын усан спортын хөгжлийг бүтээсэн амжилтаараа түүчээлж,  өөрийн ертөнцийг бүтээж яваа нэгэн гэж түүнийг тодорхойлж болохуйц.

Б.Энхтамирын бүтээж яваа ертөнцийн нэгэн тод өнгө нь бас түүний үнэнч зөвлөгч, найз, түшиг тулгуур нь түүний эгч ОУХМ Б.Энххүслэн. Тэд хоёул усан спортын тамирчид. Нэг гэр бүлээс төрсөн Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа тэд ялалт, ялагдлын алинд ч бие биенээ хэнээс  илүү ойлгон мэдэрч, хурцалж чаддаг нь амжилтын нэг үндэс байх. ОУХМ Б.Энххүслэн 2023 онд Ханжоугийн Азийн наадамд оролцоход тэрээр эгчийнхээ бэлтгэл хангагчаар ажилласан юм.

Монголын усан спортын нэгэн цаг үеийн түүхийг тодоор бичиж яваа түүний гаргасан амжилт олон. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг “Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон 33 тамирчны нэг бол Б.Энхтамир. Тэрээр дэлхийн алт, мөнгө медаль төдийгүй эх орныхоо олон рекордыг эзэмшсэн амжилтаараа тамирчин бүрийн зорин очиж, медалийн тавцанд зогсон, эх орныхоо дууллыг эгшиглүүлж, төрийнхөө далбааг мандуулахыг хүсдэг олимпд оролцохоор Парисыг зорьж байсан юм. “Олимпын наадам эхлэхэд тэдэн хоног үлдлээ” гэсэн хүлээлт дор дэлхийн тамирчид нэгэн дээвэр дор цуглаж ур ухаан, авьяас чадвараа сорьж өрсөлдсөн. Түүний дунд “Усанд сэлэлтийн  төрөлд  Монгол Улсын тамирчин Батбаярын Энхтамир”  хэмээн дуудахад ч монгол түмний хувьд догдлол дүүрэн байв. Ийнхүү олимпын 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 80 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Энхтамир 50.81 секундийн хугацаанд зайгаа дуусгаж, 50-р байрт орсон юм.  Мөн түүний эгч ОУХМ Б.Энххүслэн мөн олимпд өрсөлдсөн нь Монголоос анх удаа эгч, дүүс олимпын наадамд оролцож буй түүхэн  тохиолдол болсон. Мөн тэрээр эх орныхоо есөн рекордыг эзэмшигч. 2024 онд Дохад зохион байгуулагдсан усан сэлэлтийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 100м-ын зайн чөлөөт сэлэлтийн төрөлд 51.55 секундэд барианд орж байв. Ингэснээр 50-р байранд орж эх орныхоо рекордыг шинэчилсэн юм.  Мөн тус тэмцээнд 200м чөлөөт сэлэлтийн төрөлд 1:52.96 цагийн амжилтаар өөрийн эзэмшиж байсан Монгол Улсын рекордыг шинэчилж байсан нь түүний бахдам ажилтын нэг. Мөн түүний хувьд 100 метрийн сэлэлтээр 51 секунд явсан Монгол Улсын анхны тамирчин юм.

 

Мөрөөдөлдөө хүрч чадсан David Popovici

-David Popovici-гийн ертөнцийг усан спортгүйгээр төсөөлөхийн аргагүй. 22 настай түүний хувьд усанд сэлэлт бол амьдралынх нь цаг хугацаа бүрийн нэг. Тэрээр Италид зохион байгуулагдсан Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо 17 настай байв. Тус тэмцээний үеэр  100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 46.86 секундээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож чадсан нь түүний бахдам амжилтын нэг байсан.

Энэ төрлийн өмнөх дээд амжилтыг 2009 онд Бразилын Сезар Сиело тогтоож байсан бол 0.05 секундээр ахиулсан юм. Ийнхүү David Popovici 2022 онд  100 болон 200 метрийн чөлөөт сэлэлтээр дэлхийн аварга болж байсан төрөлдөө хамгийн залуу дээд амжилт эзэмшигч болж байв. Энэ үед өмнөх амжилтыг эзэмшиж байсан Бразилын тамирчин Сезар Сиело “Энэ өдөр ирэхийг би мэдэж байсан. Миний тогтоосон дээд амжилт 13 жилийн дараа эвдэгдлээ. Баяр хүргэе, David Popovici. Дээд амжилтыг ийм удаан эзэмшсэндээ баяртай байна. 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн хамгийн хурдан тамирчин шинээр гарч ирлээ. Тэр дөнгөж эхэлж байна” гэж твиттер хуудсандаа  жиргэж байв.

Харин David Popovici тухайн үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өөрийнхөө дээд амжилтыг эвдэж, 45 секундэд хүрэх зорилготой байгаа” хэмээн  зорилгоо тодорхойлж байв. Үүнээс хойш түүний амжилт тасралтгүй хөвөрсөн.

David Popovici 19 настайдаа эх орноо төлөөлж "Токио 2020" олимпын наадамд оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан нь түүний амжилтын хуудсанд тод бичигдэх агшин болсон. Энэ цаг хугацаанаас хойших түүний хичээл зүтгэл, тасралтгүй хөдөлмөрийн үр дүн дараагийн олимпод оролцож, өмнөх амжилтаа бататгах боломжийг олгосон юм. Энэ түүхэн цаг хугацаа, түүний мөрөөдөл биелэсэн агшин бол 2024 он. Тэрээр 2024 онд “Парис-2024”  олимпын наадмын 200 метрийн чөлөөт сэлэлтийн түрүүлж алтан медалийн тавцанд зогссон билээ.

Ингэснээр  олимпын наадмын усанд сэлэлтийн төрлийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн амжилтын эзэн болсон.Тэрээр энэ амжилтынхаа дараа сэтгэгдлээ хуваалцахдаа "Надад гайхалтай сайхан санагдаж байна. “Парис-2024” олимпын наадам үнэхээр сайхан болж байна. Энд цугласан олны дунд маш олон Румынчуудыг харахад сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Өнөөдөр миний мөрөөдөл биелсэн өдөр. Би энэ мөчийг юутай зүйрлэж хэлэхээ мэдэхгүй байна" хэмээн баяр бахдал дүүрэн хэлсэн юм. Энэ амжилт түүний олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийнх нь үр дүн “бэлэг” байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn