Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх орон, андгай тангараг, албаны нэр төрийг мөрөн дээрээ үүрч, тусгай хүчнийхээ нэр сүрийг 17 жилийн турш өндөрт өргөж, “Марш тактик”-ын босоо аварга болсон хошууч М.Хишгээг бид энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа онцолж байна.
Аав, ээж минь малчин болгохыг хүссэн ч хүсэл мөрөөдөл минь цэргийн хүн болохоор тэмүүлсэн
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч Маналжавын Хишгээ нь Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. Аав ээж нь малчин хүмүүс тул монгол ахуйтайгаа ойр өсөж, аливаа зүйлд идэвхтэй, аргыг нь олоод хийчихдэг хүүхэд байжээ. Цэргийн мэргэжлийг сонгох болсон тухайгаа “Манай аавын үеэл нь цэргийн хүн байсан. Нэг удаа манайд ирэх үед үер бууж таарсан.
Гэтэл үерийн усыг маш хурдан зайлуулж, шуудуу татаж байгаа нь хурдан шаламгай байсан. Мөн хувцсаа маш гоё цэвэрхэн өмссөн байгаа нь сайхан санагдаж цэргийн ахаараа бахархах сэтгэл төрсөн. Энэ нь цэргийн хүн болох үндэс суурь болсон.
Аав, ээж маань малч удмаа залгуулж, нэг хүүхдээ малчин болгоно гэдэг байсан. Хоёр эгчийгээ бодвол арай эршүүд байсан учраас намайг тохирно гэж бодсон байх.
Аравдугаар ангиа төгсөөд, аав ээжийнхээ хүсэлтийг дагаж нэг жил хөдөө байсан. Цаашид хөдөө амьдарна гэхээр нэг л санаанд буухгүй байсан учраас аав, ээжтэйгээ зөвлөлдөөд, 2000 онд их сургуульд сурахаар Улаанбаатарт ирж байсан” гэсэн юм.
М.Хишгээ аравдугаар ангиа төгссөн жилээ элсэлтийн ерөнхий шалгалт өгч сургууль авсан ч, жил өнжиж, дараа жил нь Улаанбаатарыг зорьсноор “Элитийн батальон” буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захиалгаар Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд сурах тохиол таарч, сонсогч болж байжээ.
Элитийн батальонд мэргэн буучаар элссэн нь

Хүн бүрд хувь төөрөг, зурсан зураг гэж бий. М.Хишгээгийн хувь тавилан эх орноо батлан хамгаалж, олноо манлайлж, түүх бүтээхээр төржээ. Элссэн сургуулиа голж, ээж аавынхаа үгэнд орж жил өнжсөн нь түүнийг Зэвсэгт хүчин гэх их айлын хаалгаар орох боломж гэдгийг тэр үедээ мэдээгүй байх. 2000 онд сургуулиа солихоор Улаанбаатарт хамаатныдаа ирж зурагт үзээд сууж байхад нь Монголын үндэсний олон нийтийн телевизээр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захиалгаар БХИС-ийн Ахлагчийн сургуулийн сонгон шалгаруулалтад хүүхдүүдийг бүртгэж байна гэх зарыг олж харжээ. Яг тэр цаг мөчид энэ зарыг олж харсан нь ирээдүйн Марш тактик тусгай бэлтгэлийн дархлагдсан аварга тасгийн захирагч М.Хишгээг бий болгох анхны алхам байжээ. Энэ тухай дурсахдаа “Тухайн үед ойролцоогоор 80 гаруй эмэгтэй шалгалт өгч, 30 эмэгтэй сонсогч сонгож авсны нэг нь би. Сонсогч байхдаа эмэгтэйчүүдээ хариуцсан “Түрүүч” байсан. Энэ нь тэмцээнд тасаг удирдан оролцоход маш их туршлага болсон.
Байшингийн хундам сайн бол тэр байшин сайн болдог гэдэг шиг бидэнд цэргийн хэргийн мэдлэг, дадлага олгож карантинд гарч цэргийн анхны “А” үсгийг заасан бага дарга нар минь их чамбай бүсгүйчүүд байсан юм. Ингээд нэг жилийн курст сурч төгсөөд Зэвсэгт хүчний 150 дугаар ангидаа мэргэн буудагчаар томилогдож байсан” гэв. Ингэж л тэрээр Зэвсэгт хүчин, тэр дундаа Элитийн батальон, хожмоо Тусгай хүчний гэх тодотголтой болсон 150 дугаар ангиас ажлын гараагаа эхэлж байжээ.
Ард түмэндээ Элитийн батальон хэмээн нэрлэгдсэн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн түүхийг сөхвөөс, Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах, бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах зэрэг зорилгод үндэслэн 1972 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хуралдсан БХЯ-ны коллеги, Ардын Армийн Улс төрийн газрын товчооны хамтарсан хурлын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тус оны тушаалаар Ардын Армийн 150 дугаар анги буюу “Ардын Армийн сургуулийн тусгай батальон” Сонгино цэргийн гарнизонд байгуулагджээ. Хожмоо 1997 оны тавдугаар сараас Мотобуудлагын мэргэжлийн тусгай батальон болж шинэчлэн зохион байгуулагдсан байдаг. Одоо тусгай хүчний цэрэг гэдэг тодотголтой болж үйл ажиллагаа, бэлтгэл сургалтаа түүнд уялдуулах болсон байна.
Шигшмэл дундаа шилдэг нь байжээ
Цэргийн ангиуд өдөр тутмын үйл ажиллагаа, сургалт бэлтгэлээ тасралтгүй явуулахын тулд сахилга батыг өндөр түвшинд чандлан ажиллах учиртай. Цаг барих, хариуцлагатай байх, удирдлага дор байгаа хүмүүсээ зөв үүрэг чиглэлээр хангаж ажиллах гээд нэрлээд байвал зарчмын олон шаардлага бий. Угтаа эдгээрийг бүрэн хангаснаар анги өнгөтэй өөдтэй, алба хаагчид нь сэтгэл өег байх үндэс болдог. Тусгай хүчний ангийн алба хаагч болж Зэвсэгт хүчний сор болсон шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, амьдрах боломж олдсон би их азтай хүн гэсэн юм. М.Хишгээгийн хувьд цэргийн тангараг өргөсөн цагаасаа л шигшмэл алба хаагчид дундаа шилдэг нь байсаар иржээ. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний 150 дугаар ангидаа 20 жил алба хаасан байна.
Амжилтад багийн эв нэгдэл чухал

Тусгай ангийн алба хаагч гэдэг салхи шуурга, халуун хүйтэн, ар гэрийг үл ажран “Эх орон” гэх ганцхан үгийг цээжиндээ тээж, жилийн 365 хоногийн турш үргэлжийн бэлэн байдалд бэлтгэл сургуультай байдаг. Ингэхдээ тэд 14 хоног хээрийн бэлтгэлд гарч, гурав хоног хувийн бэлтгэлээ базааж, эргээд хээрийн бэлтгэлд гардаг байсан гэнэ.
Зэвсэгт хүчин байхгүй бол тусгаар тогтнол гэдэг үг магадгүй цаасан дээр л үлдэж, ард түмнийг айдас сүүдэр мэт дагаж, харин тэд байгаа цагт ард түмэн амар тайван амьдарч чаддаг. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний алба хаагчид бол дайн гарвал бамбай, энх цагт итгэл, ард түмний нурууг түшсэн чимээгүй хүч юм. М.Хишгээ хэлэхдээ Зэвсэгт хүчний тайван цагийн үндсэн хөдөлмөр бол цэргийн сургалт бэлтгэл сургалтын нэг хэсэг нь цэрэгжлийн спорт гэнэ. Тэгвэл Цэрэгжлийн спортын тэмцээн уралдаан нь тухайн ангийн цэргийн сургалт бэлтгэлийн үр дүнг шалгадаг үзүүлэлтийн нэг бөгөөд цэргийн алба хаагчид нь хэр зэрэг бэлтгэгдэж буйг дүгнэдэг учиртай юм. Тэгвэл М.Хишгээ Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш, тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд 2001 оноос хойш тус тэмцээнд 17 удаа тасаг удирдан оролцохдоо 15 удаа тэргүүн байр эзэлсэн бахархам бас түүхэн амжилтын эзэн. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагддаг марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнд тасаг удирдан таван удаагийн аварга болж Зэвсэгт хүчний маршийн тактикийн тэмцээний шилжин явах цомыг гурван гурван удаа, Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний цомыг нэг удаа ангидаа үүрд хадгалж байжээ. Энэ амжилтаа тэрээр “Нэгэн цаг үед гайхалтай чадварлаг охидтой мөр зэрэгцэн алба хааж явсандаа талархаж, бахархаж явдаг” гэсэн юм.

Эмэгтэй хүний хувьд ар гэр, үр хүүхдээ орхиод тасралтгүй бэлтгэл хийнэ гэдэг амаргүй. Тэгвэл тус маршийн тэмцээнд орж буй тасгийн 10 эмэгтэй алба хаагчдын хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, нэг баг хамт олон болж, атгасан гар шиг эв нэгдэлтэй байж чаддаг байсан нь энэхүү түүхэн амжилтын эзэд болгожээ. М.Хишгээ энэ талаар “Ганцаарчилсан тэмцээн бол тухайн хувь хүний ялалт, ялагдал байдаг. Багийн тэмцээн бол хүн бүрийн оролцоо, итгэл, эв санаан дээр ялалт яригддаг. Зэвсэгт хүчний маршийн тэмцээнд орохын тулд хаврын хоёр сарыг бэлтгэл сургуулилтад зарцуулдаг. Ингээд нэгдүгээр шатандаа Зэвсэгт хүчнийнхэн дундаа тэргүүн байр эзэлж, хоёрдугаар шатандаа Зэвсэгт хүчнээ төлөөлөн Төрийн цэргийн байгууллагуудтай өрсөлддөг. Жагсаал, гардан тулаан, гарааны өмнөх болон таван кг ачаа үүрээд зургаан км саадтай замыг туулах гээд бүх зүйлд багийн жигдрэлт, хамтын ажиллагаа чухал байдаг. Тиймээс багийн нэг гишүүн чөлөө авахад бэлтгэл маш их тасалддаг. Тиймээс тэмцээнд орж буй алба хаагчид маань ч, ар гэр нь ч үүнийг мэддэг тул асуудлаа зохицуулж, дэмжиж ажилладаг байсан” гэсэн юм.
Цэрэгжилийн спортын анхны спортын мастер

Удирдагч хүний ур чадвараас ажилчдын амжилт хамаардаг. Тэгвэл М.Хишгээгийн хувьд 15 удаа амжилттай “Аварга” болсон нууц нь багаа атгасан гар шиг нэгдмэл, эв найрамдалтай байлгадагтай холбоотой гэнэ. Энэ тухайгаа “Эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг баримтлан ажилладаг даа. Хэн нэгэнтэй ялгаатай харьцахгүй байх, үүрэг даалгавар ачааллыг жигд өгч, хамт олноо эв нэгдэлтэй байлгахыг эрхэмлэдэг. Багийн нэг хүн нь хэчнээн сайн гүйдэг, чадвартай байлаа гээд тэр тасаг амжилтад хүрдэггүй хамгийн сүүлийн хүнээр цаг зогсож, байр эзлүүлдэг.
Тиймээс тасгийн захирагчийн хувьд нөхцөл байдлыг мэдэрч ажиллахыг хичээдэг. Баг хамт олноо зөв сонгож бүрдүүлэх тал дээр анхаарч ажилладаг, тогтмол төлөвлөдөг, дүгнэлт хийж бэлтгэл сургуулиа хийдэг байсан. Зарим багийг харж байхад чадалтай байгаа нь түрүүлээд явчихдаг тэгэхээр хамгийн ард үлдэж буй хүний сэтгэл зүй маш хүнд байдалтай болж, бусдыгаа гүйцэхээ больдог. Ингэх юм бол тус баг амжилт үзүүлдэггүй. Би бүр маршийн зам буюу гүйлтийн үед биедээ нэг олс авч явдаг байсан. Хамгийн хурдан гүйдэг хоёр нь удаан гүйдэг нэгийгээ дундаа хийж, тус олсоо араар нь татаад гүйх зэргээр л зохицуулж ажилладаг байсан. Мөн байр зүй гэж даалгавар бий. Үүнд тасгийн захирагчийн үүрэг үүнд маш чухал. Энд тэнд нуусан цэгүүдийг тасгийн захирагч комфус, GPS багаж ашиглан олох, мөн газрын зурагт өөрсдийн байгаа цэгийг оруулдаг. Миний хувьд өөрөөс шалтгаалах зүйлээ маш их бэлддэг. Тасгийн захирагч буюу багийн ахлагчид алдах эрх байхгүй гэж өөртөө шаардлага тавьдаг байсан. Тэмцээн гэхээр зөвхөн оролцогчдоор төсөөлөх нь өрөөсгөл түүний ард багш, дасгалжуулагч, тогооч, жолооч, эмч гээд бүхэл бүтэн бүрэлдэхүүн ажиллаж байдаг. Их олон хүний хөдөлмөр шингэсэн байдаг тул амжилт гаргах ёстой гэж боддог байсан” гэсэн юм.
Хошууч М.Хишгээ тасгийнхаа гурван эмэгтэйн хамт Монгол Улсын Цэрэгжилийн спортын анхны мастерууд болж байжээ. Түүнээс хойш тус тасгаас 20 гаруй эмэгтэй Монгол Улсын Цэрэгжлийн спортын мастер цолтон төрөн гарсан түүхтэй.
Зэвсэгт хүчний залгамж халааг одоо ч бэлтгэсээр байна

М.Хишгээ 2009 оноос хань Алтансүхийн Батсүхтэй үерхэж, гэр бүлж болжээ. Гэвч тэрээр гэр бүл төлөвлөлөө хойш тавьж Зэвсэгт хүчин тэр тусмаа бүх цэргийнхэн дундаа өөрийгөө батлан харуулж, 2017 онд маршийн хос алтан медальтай зодог тайлжээ. Энэ тухайгаа тэрээр “Маршийн тэмцээн бол залуу насны тэмцээн. 2017 онд ороод дахиж марш тактикийн тэмцээнд оролцохгүй байхаар шийдсэн /инээв/. Тэгээд 37 насандаа 2018 онд бүл нэмж хөөрхөн охинтой болсон” гэсэн юм. Түүний хань хурандаа А.Батсүх нь Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч. Тэрээр мөн цэрэгжлийн спортод Зэвсэгт хүчин дундаа нэрээ дуурсгаж, мөрөө үлдээсэн нэгэн бөгөөд Монгол Улсын “Цэрэгжлийн спортын мастер” юм. А.Батсүх ханийнхаа тухай “Миний хань Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул. Гэр бүл болоод 17 жил болж байна. Энэ хугацаанд намайг хань минь үргэлж дэмжсээр байсан. Бид хоёр гэр бүл болоод удаагүй байсан үе л дээ. Би цанаар хичээллэж байгаагүй юм. Гэтэл тэр жил намайг цанын тэмцээнд ор гэдэг тушаал удирдлагаас өгсөн. Ингээд нэгэнт л орж байгаагийнх ангийнхаа нийлбэр онооноос хасуулахгүй байхыг бодож биеэ дайчилж оролцсон. Цанын тэмцээний талбайн гүйлтийн зам таван км-ийн тойрог байдаг юм. Хүн л юм чинь ядрах зогсмоор санагдах үе байна шүү дээ. Би ядарч, зогсмоор санагдаад болдоггүй. Тэгэхээр нь ханийгаа “Дагаад гүйгээрэй” гэсэн юм. Цасан дунд цанатай хүн, гуталтай явж байгаа хүн хоёр газар тэнгэр шиг ялгаатай шүү дээ. Тэгсэн хань минь хажууд дагаж гүйсээр барианд оруулж байсан. Ер нь миний хань намайг тэмцээнд оролцох үед маш ихээр дэмждэг. Тийм ч учраас энэ амжилтуудыг гаргасан байх гэж боддог” гэсэн юм.
Харин М.Хишгээ 2023 оноос Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт төлөвлөлт, сургалтын офицероор томилогдсоноосоо хойш Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнд дүүргээ төлөөлөн баг бэлтгэн амжилттай оролцуулсаар байгаа юм. Энэ тухайгаа “2024 онд Нийслэлийн аваргад бэлтгэсэн хүүхдүүд маань тэргүүн байр эзэлж “Алтан медаль”, 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнд бэлтгэсэн сурагчид маань хүрэл медаль хүртсэн юм. Өөрийнхөө сурсан, мэдсэн, туршлага дээрээ үндэслэн ирээдүйн Зэвсэгт хүчний залгамж халаа болсон сурагчдаа бэлтгэсээр байна” гэв.
Улсын зүрх цохилж буйг илтгэх судас, тусгаар тогтнолыг баталгаа, өнөөдөр маргаашийг холбох эх орны үнэт дархлаа болох Зэвсэгт хүчний тусгай ангийн бахархам бас гайхалтай түүхийн эзэн М.Хишгээгийн “Монгол Улсын төлөө” зүтгэсэн цаг хугацааны багахан хэсгийг ийнхүү сийрүүлэн уншигч танд хүргэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 3 (7745)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn