Б.ЖАВХЛАН

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат" Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг дэмжиж буйгаа өмнө нь илэрхийлсэн. Манай зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүрэг бол иргэд олон нийтийнхээ эрх ашгийг хүргэх, хамгаалах үүрэгтэй. Иймд бид иргэдээ төлөөлөн тус хуулийн эрх зүйн зохицуулалтыг дэмжиж буйгаа дараа байдлаар илэрхийлж байна. Энэ хүрээнд, олон нийтийн зөвлөл УИХ-ын и-платформ дээр тус хуулийг хэлэлцэхийг дэмжиж өргөдөл гаргасан. Улмаар Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 15-ны өдөр 11 -15 цагийн хооронд хуулийг дэмжиж байгаа иргэдээс санал авч, гарын үсэг цуглуулна. Мөн иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлч, нийгэмд шүгэл үлээдэг иргэдийн төлөөлөлтэй уулзаж хэлэлцүүлэг өрнүүлэх болно" гэв. 

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс УИХ-ын гишүүний ёсзүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх бэхжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхзүйн зохицуулалтыг дэмжсэн саналыг олон нийтээс авахын тулд УИХ-ын цахим өргөдөл гомдлын систем болох petition.parlament.mn сайтад өргөдөл байршуулсан байна. 

Тус зөвлөл гуравдугаар сарын 16-ны өдөр 100 мянган хүний гарын үсэг цуглуулах хөдөлгөөнийг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулна гэв.

Мөн нийгмийн ашиг сонирхлын бүлгүүдтэй шат дараалсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Үүнд:

  • Улс төрийн намууд
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
  • Иргэний нийгмийн байгууллагууд
  • Олон нийтийн байгууллага
  • Нийгэмд идэвхтэй байдаг иргэд