Б.ЖАВХЛАН
ГБХНХ-ын дэд сайд Б.Солонго цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай яаман дээр долоон хуулийн төсөл боловсруулагдаж байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулж байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Цаашид сайн дурын нэмэлт тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоог бүрдүүлэх ач холбогдолтой. Манай яамны эрхлэх асуудлын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого байдаг. Үүний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинэчлэн боловсруулж байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаа. Мөн Гэр бүлийн хөгжлийг дэмжих хуулийн төсөл боловсруулж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд бид анхаарч ажилладаг. Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудал дээр тус хуулийн хэрэгжилтийн асуудал яригдана. 2024 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Улмаар сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх зохицуулалт тусгасан. Тиймээс хуулийн хэрэгжилт дээр холбогдох яам, байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарч, сургалтын байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй.
Сүүлийн таван жилийн хугацаанд 108 тусгай дугаарт ирж байгаа үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гомдол, мэдээлэл 40 хувиар нэмэгдсэн байна. Цаашид хуулийн хэрэгжилт дээр анхаарна" гэв.