Д.МЯГМАРЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор боксын ДАШТ-ний хос медальтан болж түүх бүтээсэн Л.Алтанцэцэгийг урьж, ярилцлаа. Түүний хувьд 2025 онд спортын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ чоно” наадмын  шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин гэсэн отгон амжилттайгаар шинэ оноо угтсан билээ.

 

-Та боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртсэн монголын анхны эмэгтэй тамирчин. Тэр утгаараа “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон. Тухайн үед төрсөн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-2025 он миний хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрлөө. 2023 онд Их Британи улсад зохион байгуулагдсан боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил Английн Ливерпүүл хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн болж “Монголын анхны түүхэн хос медальтан эмэгтэй тамирчин” гэж дуудуулах бахархалтай байсан. Мөн спортын шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон нэр төрийн хэрэг  байсан.

Энэ жил миний аз, одтой жил байлаа. Юуны өмнө ойлгож дэмждэг багш дасгалжуулагчдадаа баярлалаа гэж хэлмээр байна. Миний амжилт бүхний ард энэ хүмүүс байгаа. 2025 онд  Европын дөрвөн тэмцээнд оролцох байсан ч бэртлийн улмаас явах боломжгүй болсон. Тиймээс холбоо болон багш дасгалжуулагчтайгаа ярилцаад тэмцээнүүдээ өнжөөд дэлхийн аваргын тэмцээнд оролцох шийдвэр гаргасан. Зорьсон тэмцээндээ амжилттай оролцож дэлхийн аваргын хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Мөн “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болоход улам хичээх ёстойгоо мэдэрсэн. 2025 он амжилтын буухиагаар тэргүүлсэн мартагдашгүй сайхан жил боллоо.

-Таныг боксын спортод хөтөлсөн хүн бол  Ё.Төмөрбат багш. Багш нь ямар арга барилаар шавь нараа бэлтгэдэг байв?

-Анх Ё.Төмөрбат багшийгаа зорьж очиж, шавь нь болж, тамирчны гараагаа эхэлж байсан. Багш маань намайг “Олимп, дэлхийн медальтан болно оо”  үргэлж урам өгдөг байсан.  2010 онд анхны орсон тэмцээндээ оролцоод хожигдсон.  Жаахан байсан  болохоор ч тэр үү хор шар хөдөлж, тэмцээнд түрүүлсэн эгч дээр очоод  “Би дараагийн удаа заавал таныг ялна” гэж хэлж байсан.  Ингэж  л би боксын спортыг сонгож 2013 онд оюутан болж хотод ирж байлаа.

-Боксоор хичээллэх нь сэтгэл зүй болон биеэ авч явах байдалд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би их дуу цөөтэй, даруу төлөв хүүхэд байсан. Боксоор хичээллэснээр олон зүйлийг сурч өөрийгөө шинээр нээж хөгжүүлж, илүү өөртөө итгэлтэй, шийдэмгий зан чанартай болсон гэж боддог. Тиймээс ч одоог хүртэл тууштай байж, боксыг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосон байна.  Би боксын спортдоо маш их хайртай.

-Энэ хугацаанд танд шантрах үе байв уу.  Тэр үедээ өөрийгөө  хэрхэн зоригжуулж, хурцалдаг вэ?

-Би 2013 онд авто осолд орж,  гэмтэл авсан. Тэр үеэс хойш 2021 оныг хүртэл амжилт гаргаж чадаагүй. Тэр бүртээ сэтгэлээр унах шантрах үе их тулгардаг байсан. Яг тэр үеэс одоог хүртэл шантрах бүртээ  “Миний өмнө олон амжилт олимп, дэлхийн аваргын олон тэмцээн хүлээж байгаа. Би чадна” гэж бодож өөрийгөө зоригжуулсаар ирсэн. Одоо бодоход тэр осол  “Чи үүнийг л даваад гарчих юм бол цаана нь том зүйл хүлээж байгаа шүү” гэж бурхан надад өгсөн сорилт юм байсан байх гэж боддог.

-Ярилцлагынхаа төгсгөлд цаашдынх нь зорилгоос хуваалцъя?

- Энэ жил Азийн аварга шалгаруулах тэмцээн эх оронд маань болно. Тэмцээний 51 кг-ийн жинд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Энэ бол бидний хувьд маш хариуцлагатай тэмцээн. Тиймээс бэлтгэлээ сайн хийж, эх орныхоо дэвжээнд өндөр амжилт гаргахын төлөө хичээж байгаа.  Миний хамгийн том зорилго бол  2028 оны олимпын наадамд амжилттай оролцох.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 2 (7744)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn