Ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдэд хог хаягдлын менежментийг амжилттай хэрэгжүүллээ
Монгол дахь “Хил Хязгааргүй Малын Эмч нар ба Агрономичид” олон улсын байгууллага нь Европын холбооны санхүүжилт бүхий “Монголын текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийг 2018 оноос хэрэгжүүлж буй юм. Монголын ноос ноолуурын салбарыг хүлэмжийн хийн ялгарал багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засгийн загварт шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой төслийн II шат 2025 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд “Ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийн хог хаягдлын менежмент” арга хэмжээг төслийн багийнхан зохион байгуулав. 
Арга хэмжээнд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүд оролцлоо. 
“Бид төслийнхөө II шатанд хүлэмжийн хийн ялгарал багатай, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашигласан үйлдвэрлэлийг бий болгохоор зорьж байна. Мөн ноос ноолуурын салбар дээр хаягдалгүй тойрог бизнесийн загварыг жишиг 5 үйлдвэр дээр бий болгоно” гэдгийг төслийн менежер У.Сарангоо онцолсон. Тэрээр “Манай төслийн хүрээнд энэ жилийн хийгдэж байгаа чухал ажлуудын нэг бол ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд хог хаягдлын менежментыг нэвтрүүлэх явдал” гэж байлаа. 
Монгол Улсын уул уурхайн экспортыг орлох, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлдэг үндэсний гол салбар бол ноос ноолуурын салбар юм. Энэ салбарт өнөөдөр 50 гаруй анхан шатны үйлдвэр, 15 цогцолбор үйлдвэр, 100 орчим сүлжмэлийн үйлдвэрт 10 гаруй мянган хүн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын үндсэн чухал үйл ажиллагаа бол дэлхий дахинаа хог хаягдлын менежмент гэдгийг томъёолж, улс орнууд хэдийнэ урагш алхчихсан. Монгол Улсын хувьд ч үүнд хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд ноос ноолуурын үйлдвэрүүдэд хог хаягдлын менежментийг хэрэгжүүлнэ гэдэг ач холбогдолтой томоохон өөрчлөлт юм. 
Тиймээс төслийн II шатанд салбарын 5 үйлдвэрийг сонгон авч, хог хаягдлын менежментэд сургаж, жишиг үйлдвэрүүд болоход дэмжлэг үзүүлж ажиллажээ. Сургалт, зөвлөгөөг өнгөрсөн хугацаанд “Өнгө нэм” ТББ зохион байгуулж, Ханбогд кашмер, Гоёл кашмер, Говь эрдэнэ кашмер, Монгол нэхмэл кашмер, Бүүвэй нэхмэл кашмер ХХК төсөлд хамрагджээ. Тэд энэ өдөр төслийн үр дүнг хэлэлцэж, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд ч туршлагаа ярьж, бусад үйлдвэрүүд туршлага судалж, хөндлөнгийн судлаач мэргэжилтнүүд санал бодлоо хуваалцсан арга хэмжээ болсон юм. 
“Ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийн хог хаягдлын менежмент”” арга хэмжээний үеэр үйлдвэрүүд туршлагаа хуваалцаж, мөн энэ сэдвээр панел хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. 
Арга хэмжээний төгсгөлд дахивар дахин боловсруулах үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, зөвлөх үйлчилгээнд амжилттай хамрагдсан Ханбогд кашмер, Гоёл кашмер, Говь эрдэнэ кашмер, Монгол нэхмэл кашмер, Бүүвэй нэхмэл кашмер ХХК-иудад батламж гардуулсан юм.