Д.Мягмаржаргал

Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн улс орон даяар зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийг баталлаа.

Уг нэгдсэн хөтөлбөрт 2026 онд нийт 140 томоохон эвент, үйл ажиллагаа зохион байгуулахаар тусгасан байна. Үүнээс 99 нь соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлд, 14 нь спортын арга хэмжээ байх бол олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн зэрэг MICE аялал жуулчлалын хүрээнд 27 эвент зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал нэгдүгээр сард Хэнтий, Архангай, Ховд, Өмнөговь, Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь аймаг болон Улаанбаатар хотод цас, мөсний баяр, тэмээчдийн баяруудыг зохион байгуулах юм. Харин хоёрдугаар сард Өмнөговь аймагт уламжлалт “Түмэн тэмээний баяр”, гуравдугаар сард Хөвсгөл аймагт “Хөх сувд” наадам, Улаанбаатар хотод “Бүргэдийн баяр” зэрэг аялал жуулчлалын томоохон арга хэмжээнүүд болох юм. Эдгээр эвентүүд нь дотоод, гадаадын жуулчдыг татах, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын соёлын өв, уламжлалыг сурталчлахад чухал ач холбогдолтой юм.