-Намайг Мөнгөнхүүгийн Гүрбазарсад гэдэг. 2000 оны есдүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд эгэл жирийн малчин айлын дөрөв дэх хүү болж мэндэлсэн. Ингээд эрэгтэй хүүхэд бүрийн хүслэн болсон “Би цэрэг болно” гэдэг мөрөөдлийг тээсээр 2022 онд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Цэргийн зэвсэглэл мэргэжлээр суралцаж төгссөн. Харин одоо Ховдын хороо хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн салааны захирагчаар ажиллаж байна.
Хүүхэд байхад 25 насыг том ах нарын нас гэж хардаг байсан. Ажил амьдрал нь цэгцэрч, гэр бүл зохиож, үр хүүхдээ өсгөөд гүйж явдаг нас гэж л харж, бодож өссөн. Яг өөрөө энэ насан дээр ирэхэд дотоод сэтгэл нь яг л 16 настай би хэвээрээ байгаа санагддаг. Магадгүй үрчлээ нэмэгдэж байгаа байх. Гэхдээ хүүхэд насны харилцаа хандлага, хүсэл мөрөөдөл, зан төлөв яг хэвээрээ. Мөн гэр бүл зохиож амжаагүй байна. Хувь заяагаараа сайн бүсгүйтэй учирч сайн хань, сайн аав болно гэдэгтээ итгэлтэй байдаг.
Улиран одож байгаа 2025 он спортын амжилт арвинтай сайхан жил байлаа. Миний ах ахлах ахлагч М.Уртнасан маань энэ сайхан ангид бас алба хаадаг юм. Ахтайгаа болон нөхдийнхөө хамт Хуурай замын цэргийн аварга шалгаруулах тэмцээний волейболын төрөлд хос алт, сагсан бөмбөгийн төрөлд хос хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн. Түүнчлэн Хуурай замын цэргийн шигшээ багт ахтайгаа хамт шалгарч, өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний 2025 оны аварга шалгаруулах волейболын тэмцээнд амжилттай оролцлоо. Ахтайгаа жагсаалын талбайд, спортын талбайд, буудлагын полигонд, маршийн замд хамт явахад маш их түшигтэй байдаг. Албаа сайн хааж байгаагийн нэг шалтгаан ахын минь нөмөр, дэмжлэг гэж боддог.
Аранзал залуу насаа байлдааны улаан туг дор өнгөрөөж байгаадаа баяртай байна. Цэргийн алба залуучуудыг эр зоригтой, тэсвэр хатуужилтай, зогсолтгүй хөдөлмөрч, уриалан манлайлагч байхыг шаарддаг. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, марш тактикийн тэмцээнд манлайлагчийн нэг нь байхыг хичээдэг. Ер нь Ховдын хороо энэ том тэмцээнээс хоосон буцаж байсан түүх үгүй. Тэгэхээр манай ангийнхан ирэх жил болох энэ тэмцээнд өндөр ач холбогдол өгч, амжилтаа ахиулахыг зорьж байна. 1921 онд Ховдыг цагаантнуудаас чөлөөлсөн Хатанбаатар С.Магсаржавын удирдсан байлдааны ажиллагаа болон тулалдаанд оролцсон цэргүүдээс улсын баруун хил хязгаарыг хамгаалах үүрэгтэйгээр 300 цэргийг Ховд хотноо үлдээж, одоогийн Зэвсэгт хүчний 123 дугаар анги анх байгуулагдсан түүхтэй.
Би офицер хүний эзэмшвэл зохих эрдмүүдийг өөртөө шингээхийг хичээдэг. Ялангуяа бичгийн боловсролоо сайжруулж, хүлээцтэй, бусдынхаа итгэлийг даасан нөхөр нь байхыг хүсдэг.
26 нас хүрэхээсээ өмнө Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд анги хамт олноороо амжилттай оролцохоос гадна энхийг сахиулах ажиллагаанд явах зорилго тавьсан. Мөн найз охинтой болох гээд хувийн зорилгууд ч бий. Ингээд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тэр дундаа бүх салааны захирагч нартаа 2026 ондоо хүссэн бүхэндээ хүрэх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7741)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn