-Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт амьдардаг залуу малчдын төлөөлөл байна. Мөн сошиал хуудсандаа  Монголын өв уламжлал, хоолны соёлын тухай бичлэг байршуулдаг.
Миний аав, ээж хоёр тансаг сайхан байгаль, таван хошуу малынхаа эзэн болсон малчин хүмүүс. Гэхдээ би өөрийгөө 25 насандаа нөхөр хүүхэдтэйгээ хөдөө амьдарч байна гэж бодож байгаагүй. Би зуны амралтаараа л гэртээ очдог байсан болохоор хөдөө нутгийн сайхныг төдийлөн сайн мэдэрч чадалгүй, ажлаас хол өссөн. Харин энд ирсний дараагаас өмнө нь сурахгүй яав гэсэн бодол төрж, хүний сурч мэдсэн зүйл хэзээ нэг өдөр заавал хэрэг болдог гэдгийг ойлгож байна. Гэхдээ одоо ч оройтоогүй. Үргэлж хөдөө байхгүй ч ирсэн үедээ үнээгээ саагаад, цагаан идээгээ боловсруулдаг болчихвол нэн тустай эрдэм юм. 
Энэ жил миний амьдралд тохиолдсон хамгийн онцгой бэлэг нь би өөрөө юм болов уу. Долоон жилийн өмнөх 18 настай охин шинэ он солигдож, шинэ хаалга татах бүрдээ нэгийг сурч мэдсээр ирсэн. Гэхдээ энэ жилүүдтэй харьцуулахад 2025 оны Цэцэгмаа өөртөө илүү итгэлтэй, өөрөөсөө хэзээ ч гарна гэж бодож байгаагүй зоригийг гаргаж чадсан. 
Хөдөө амьдрах хоёр жил гаруйн хугацаанд амьдралын туршлага, хар ухаанд суралцсан. Харин 26 нас хүрэхээсээ өөрийнхөө мэдлэг боловсролыг хөгжүүлж, хэлээ сайжруулъя гэж бодож байна.