Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил улсын тамирчин Фабрико Андрадетай тулалдаж, 4-р үедээ боолтоор ялалт байгуулж, Дэлхийн аварга болсон билээ.
Харин өнгөрсөн долоо хоногт Ж.Нарантунгалаг, Б.Энх-Оргил нар аваргын бүсээ олон нийтэд танилцуулах ёслолын үйл ажиллагаа болж, энэ үеэр Степпелинк холдинг компанийн Ерөнхий захирал Ц.Мөнхтүвшин Б.Энх-Оргилд ХОЛИМОГ ТУЛААНЫ БЭЛТГЭЛИЙН КЛУБ тохижуулж, 2026 онд хүлээлгэн өгөхөө амласан байна.
Б.Энх-Оргил 2022 онд “AIC Steppe Arena”-д зохион байгуулсан “Road to ONE-Mongolia” олон улсын холимог тулааны тэмцээнд түрүүлж, амжилтын гараагаа эхэлж байсан бөгөөд Степпелинк холдинг компанийн удирдлагууд түүнийг бүх талаар дэмжиж ирсэн юм. Монголын тулаанчдаас “One Championship”-ийн аваргын бүсийг анх 2014 онд Ж.Нарантунгалаг эзэмшиж байсан түүхтэй.