Монгол Улсын статистикийн байгууллага нь мэдээллийн чанарыг сайжруулж, шинэ технологи, эх үүсвэр ашиглан статистикийн системийн хөгжлийг бэхжүүлж, үйл ажиллагааг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч байна. Үндэсний Статистикийн Хорооноос 2025 онд хэрэгжүүлсэн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
1. Төрд байгаа мэдээллийн сангуудыг ашиглан тооллого явуулах систем хөгжүүллээ


Өгөгдлийн засаглалыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, статистик мэдээллийг өргөжүүлэх, төрд байгаа мэдээллийн сангуудыг уялдуулах зорилгоор Үндэсний Статистикийн Хорооноос “Төрийн их өгөгдөл: Төрийн нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд төрийн 9 байгууллагын 12 мэдээллийн санг нэгтгэсэн Төрийн нэгдсэн өгөгдлийн сан (Data.nso.mn) болон төрийн байгууллагын өгөгдлийн сангийн үзүүлэлт, ангилал, маягтын мэдээллийг агуулсан Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан (Metadata.nso.mn) цахим талбаруудыг ашиглалтад оруулсан. Улмаар төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгааг багтаадаг “Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллого”-ыг анх удаа бүртгэлд суурилсан хэлбэрээр зохион байгууллаа. Ингэснээр цаашид төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглан жил бүр хүн амын болон эдийн засгийн тооллогыг явуулах нөхцөл бүрдлээ.
2. Статистикт хиймэл оюун ашиглаж эхлэв

Статистикийн үйл ажиллагаанд хиймэл оюун, машин сургалт ашиглаж эхэллээ. Тухайлбал, хэрэглэгчдэд статистикийн мэдээллийг хялбар хүргэх зорилгоор хиймэл оюунд суурилсан статистикийн чат ботыг (MonStatGPT) нэвтрүүлсэн нь хэрэглэгчдэд статистик мэдээллийг шуурхай, ойлгомжтой, хялбар хүргэх хөгжлийн шинэ үеийн эхлэл болох юм. Түүнчлэн 2025 оны мал тооллогод машин сургалт, хиймэл оюун ашиглах загварыг туршилтаар нэвтрүүллээ. Энэхүү загварт үндэслэн ухаалаг төхөөрөмж буюу таблет, гар утас ашиглан малын тоог дүрс бичлэгээс шууд тоолох боломжтой боллоо.
Дэлхийн улс орнуудын статистикийн системд хиймэл оюуныг нэвтрүүлэх Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дэргэдэх PARIS21 байгууллагад Үндэсний Статистикийн Хороо гишүүнээр элсэж, Монгол Улсад статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд PARIS21, Дэлхийн банк болон Google компанитай хамтран шинэ системүүдийг нэвтрүүлнэ.
3. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн олон улсын стандартыг нэвтрүүлж, магадлах аудит хийлгэв
Үндэсний Статистикийн Хороо “Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO 27001:2022) олон улсын стандарт”-ыг 2024 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын систем дэх томоохон ахиц байсан юм. 2025 онд энэхүү стандартын магадлах аудитыг хийлгэлээ.
4. Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн системийг бүрэн шинэчиллээ
Хэрэглэгчдэд мэдээлэл хүргэдэг Статистикийн мэдээллийн нэгдсэн сан буюу www.1212.mn цахим хуудсыг 2013 онд олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулж байсан. Энэ онд тус системийг бүрэн шинэчилж, нээлттэй эх үүсвэрт шилжүүлснээр мэдээлэл авах хурдыг 10 дахин нэмэгдүүлж, системийн тогтвортой байдлыг сайжруулан, хөгжүүлэлтийг хөндлөнгийн байгууллагаас хараат бус болголоо.
5. Гар утасны өгөгдлийг статистикт ашиглах төслийг эхлүүллээ
Үндэсний Статистикийн Хороо, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо болон Мобиком Корпорац хамтран гар утасны өгөгдлийг албан ёсны статистикт ашиглах боломжийг турших хамтын ажиллагааг эхлүүллээ. Ингэснээр Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хүн амын шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал, харилцаа холбооны салбарын статистикийг гар утасны өгөгдөл ашиглан боловсруулах зорилт тавин ажиллаж байна.
6. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэлхээ индексийн аргаар тооцдог болов
Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг тухай бүр тусгах “Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэлхээ индекс ашиглан зэрэгцүүлэх үнээр тооцох аргачлал”-ыг баталж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 2019-2024 оны улирал, жилийн гүйцэтгэлийг хэлхээ индексийн аргаар туршилтаар тооцлоо.
Түүнчлэн “Нөөц, ашиглалтын хүснэгт, Салбар хоорондын тэнцлийг 2024 оны гүйцэтгэлээр байгуулах судалгаа”, Хувиараа хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г зохион байгуулж, нөөц, ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэл байгуулах үндсэн мэдээллийг бүрдүүлж, эдийн засгийн салбаруудын харилцан уялдааг харуулах мэдээллийг шинэчиллээ.
7. Статистикийн системд “Дата лаб” нэвтрүүллээ
Тооллого, судалгаа, захиргааны мэдээллийн задгай өгөгдөл дээр ажиллаж, дүн шинжилгээ, судалгаа хийх “Дата лаб”-ыг шинээр нэвтрүүллээ. Энэхүү дата лаб нь мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангасан тусгай орчинд судалгаа шинжилгээ хийх боломжийг статистикийн байгууллагын ажилтнууд, судлаачид, шинжээчдэд олгож байгаагаараа онцлог юм.
8. НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Статистикийн институтийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын статистикийн хорооны хурлын даргаар 2022-2024 онд томилогдон ажилласан. 2025 онд НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Статистикийн институтийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Тус байгууллагын Удирдах зөвлөлд Япон, БНСУ, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Малайз, Тайланд улсын төлөөлөл багтдаг билээ.
Түүнчлэн ҮСХ-ны дарга Б.Батдаваа PARIS21 байгууллага болон Ази, Америк, Номхон далайн орнуудын үндэсний статистик, тооллогын байгууллагын дарга нарын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
9.Статистикийн байгууллагын олон улсын үнэлгээ ахилаа

Олон Улсын "Open Data Watch" байгууллагаас хоёр жил тутамд дэлхийн 193 орны статистикийн байгууллагын мэдээллийн нээлттэй, хүртээмжтэй байдлыг үнэлдэг. Үндэсний Статистикийн Хороо нь мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлын үнэлгээгээр дэлхийд 11 дүгээрт, Зүүн Азийн бүс нутагт 2 дугаарт эрэмбэлэгдэж байна. Мөн Дэлхийн банкны статистикийн гүйцэтгэлийн үнэлгээгээр дэлхийд 47 дугаар байрт орж, 5 байраар урагшиллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 242 (7739)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn