Ч.БЯМБАХАЖИД
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар хагас коксон түлшинд шилжих талаар Тавантолгой түлш ХХК-д өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцсэн юм.
Академич Х.Энхжаргал “2025 онд хагас коксон түлшний үр дүнгийн талаар хэлэлцэж байна. Судалгаанд суурилж аль түлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамгийн үр дүнтэй, ач холбогдолтой байгааг үнэлж байгаа юм. Үүний үндсэнд өмнө жилийн мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 40-50 хувиар буурсан үзүүлэлт байна. Хагас коксон түлш нь өмнөх түлшнээс дулаан хадгалалт илүү сайн байна. 5500-с дээш килл калортой учраас дулаан хадгалах чадвар өндөр. Мөн өнгөрсөн тавдугаар сард мидлинг зэрэг зарим зүйлсийн технологийг үзүүлэлтүүдийг засах шаарлагатай гэж зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн дагуу өнөөдрийн хуралдаанд тодорхой хэмжээнд засаж, сайжруулсан байна” гэв.
Мөн хагас коксон түлшийг хэрэглэснээр хүхрийн хэмжээ гурав дахин, тоосонцорын хэмжээ 1.6 дахин буурсан үзүүлэлт гарчээ. Цаашид монголдоо хагас коксон түлшний үйлдвэрүүд ашиглалтад оруулах чиглэл гарсан нь сайн үзүүлэлт болж буйг эрдэмтэд хэлж байлаа. Энэ хүрээнд Багануурт хагас коксон түлшний үйлдвэр барих 600 мянган тоннын төсөл нэлээд амжилттай хэрэгжиж байгаа аж. Энэ төсөл дууссанаар бид ирэх жил эсвэл түүний дараагийн жилүүдээс хагас коксон түлшийг Монголдоо бүрэн үйлдвэрлэх боломжтой юм.
Агаарын бохирдлын гол үзүүлэлтүүд 2-55 хувь хүртэл буурсан
Энэ үеэр агаарын бохирдлын гол үзүүлэлтэд ямар өөрчлөлт гарсан талаар Цаг уур орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай байгууллага агаарын чанарын стандарттай харьцуулсан судалгааны баримт, тооцооллыг хийсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тодорхой үзүүлэлтүүдийн хувьд сайжрал ажиглагдаж байна. Тухайлбал, PM10, PM2.5 тоосонцор болон нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг үзүүлэлтүүд тодорхой хэмжээгээр буурсан дүнтэй гарлаа. Мөн Агаарын чанарын индексээр (АЧИ) давхар мэдээлэл гаргаж байгаа.
Нисэх орчмын хэмжилтийн цэгийн хувьд сүүлийн долоо хоногийн турш цэвэр, хэвийн гэсэн ангилалд багтсан үзүүлэлттэй байна. Харин бусад хэмжилтийн цэгүүд болох 100 айл, Хайлааст, Амгалан, Баруун 4 зам, 1 дүгээр хороолол, Цахилгаан станц, Шар хад орчимд бага бохирдолтой, бохирдолтой гэсэн үзүүлэлтүүд бүртгэгдсэн бол Баянхошуу орчимд маш их бохирдолтой гэсэн ангилалд орсон статистик тоон мэдээ гарсан.
Сарын дундаж үзүүлэлтийг авч үзэхэд арванхоёрдугаар сар бүрэн дуусаагүй байгаа хэдий ч арванхоёрдугаар сарын 1-21-ний хоорондох өгөгдлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан тооцоолсон. Үүнд, Азотын давхар исэл өнгөрсөн оны мөн үед 59 микрограмм/ метр.куб байсан бол энэ онд 58 микрограмм/ метр.куб болж, нэг микрограмм/метр.куб буюу ойролцоогоор хоёр хувиар буурсан.
Хүхэрлэг хий өнгөрсөн онд 108 микрограмм/ метр.куб байсан бол энэ онд 49 микрограмм/ метр.куб болж, 59 микрограмм метр.куб болсон. Энэ нь 55 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин PM2.5 тоосонцор өнгөрсөн онд 104 микрограмм/метр.куб байсан бол энэ онд 78 микрограмм/метр.куб болж, 26 микрограмм/ метр.куб буюу 25 хувиар буурсан.
PM10 тоосонцор мөн 29 микрограмм/ метр.куб буюу ойролцоогоор 22 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан” гэв.
Ерөнхийд нь дүгнэвэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын гол үзүүлэлтүүд 2-55 хувь хүртэл буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байгаа юм.
“Ирэх оноос 100 хувь дотооддоо хагас коксон түлш үйлдвэрлэж эхэлнэ”
2025-2026 оны галлагааны улиралд хагас коксон түлшийг хэрэглэхээр болж, эрдэмтдийн зөвлөмжийн дагуу “Таван Толгой түлш” компани хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Улмаар хагас коксон түлшийг хэрэглэснээр гарах үндсэн үр дүн нь түлшнээс үүдэх ялгарлыг ойролцоогоор 50 орчим хувиар бууруулах явдал юм. Үүний зэрэгцээ нийслэлийн агаарын чанарт 27-28 хувийн эерэг нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол гарчээ.
Энэ талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр “27-28 хувийн эерэг нөлөөтэй гэсэн үзүүлэлт нь нийслэлийн агаарын бохирдол олон хүчин зүйлээс хамааралтайг харгалзан гаргасан дүн юм. Эдгээр хүчин зүйлийн нэг нь гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж буй шахмал түлш. Тиймээс агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа одоогийн шахмал түлшийг сольсноор ийм хэмжээний сайжрал гарна гэж тооцоолсон.
2025 оны арванхоёрдугаар сарын 1-21-ний хугацаанд хийсэн урьдчилсан тооцоогоор 23-24 хувийн үр дүн аль хэдийн гарсан байна. Өнөөдөр эрдэмтдийн зөвлөл дүгнэлтээ хийж, мэргэжлийн байгууллагууд болон лаборатори, судлаачид судалгааны үр дүнгээ танилцуулж байна. Үүнд бид сэтгэл хангалуун байна.
Нийлүүлэлтийн хувьд өмнөх намар төлөвлөгөө тасалдах асуудал гарч байсан. Харин одоогийн байдлаар нийлүүлэлт хэвийн явагдаж байна. Нийслэлийн гэр хорооллын иргэдэд борлуулах төлөвлөсөн хэмжээний түлшний нөөц хангалттай байгаа тул энэ тал дээр санаа зовох зүйлгүй.
Хөрөнгө санхүү, өртгийн асуудлаар иргэд цахим орчинд идэвхтэй байр сууриа илэрхийлж байгааг бид харж байна. Үйлдвэрийн аргаар бүрэн боловсруулсан түлшийг яагаад гадаадаас авч байна вэ гэсэн асуулт олон гарч байна. Үнэн хэрэгтээ Монгол Улсад одоогоор нүүрсний брикет, хагас коксын бүрэн хэмжээний үйлдвэр байхгүй.
Энэ жил төслүүд хагас кокс руу шилжиж, бодит үр дүн гарч эхэлсэнтэй холбоотойгоор дотоодын үйлдвэрүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Иймд ирэх оноос эхлэн дотоодоосоо ханган нийлүүлэлт хийх боломжтой гэж тооцоолж байна.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар эрдэмтдийн зүгээс өнгөрсөн долдугаар сард галлагааны улирал эхлэхийн өмнө өгсөн зөвлөмжүүдээ дахин бататгасан. Түүнчлэн ирэх жилийн тухайд дотоодын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хагас кокс үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах ажлыг түргэтгэх зөвлөмжийг өгч байна.
Иргэдийн асууж байгаачлан, ирэх оноос 100 хувь дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ гэж ойлгож болно. Гэхдээ тодорхой нөхцөлд, тухайлбал дулаан үед болон утаа тогтоц багатай үед өмнөх шахмал түлш, мидлингийн нөөцийг тодорхой хэмжээнд ашиглана. Харин өртөг өндөртэй, ид хүйтний улиралд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксоор үндсэн нийлүүлэлтийг хийж ажиллана" гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 242 (7739)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn