Р.Оюун

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн V хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр тавдугаар сард болсон хуралдаанаас хагас коксон түлшинд шилжихэд анхаарах асуудлын талаар Тавантолгой түлш компанид өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн юм. Мөн ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн "Монгол оронд модлог био шахмал түлшний үйлдвэр байгуулах шаардлага, ач холбогдол" танилцуулгыг сонслоо. Тавантолгой түлш компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат хагас коксон түлшний чанарт олон улсын болон дотоодын итгэмжлэгдсэн гурван лабораториор давхар хяналт тавьж байгааг танилцууллаа. Цаг уур орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч гол бодисуудын 2025 оны сүүлийн улирлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан танилцуулсан юм. Тухайлбал, хүхэрлэг хий 2024 оны арванхоёрдугаар сард 108 мкг/м3 байсан бол энэ сард 49 мкг/м3 болж 55 хувиар буурсан байна. Мөн РМ2.5 болон РМ10 тоосонцор 22-25 хувиар, азотын давхар исэл хоёр хувиар буурчээ. Эрдэмтдийн зөвлөл Улаанбаатар хотын хэрэглээнд хагас коксон түлшийг нэвтрүүлснээр агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж тодорхой хувиар буурч, үр дүнд хүрснийг онцоллоо. Цаашид хагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө.

Эх сурвалж www.zms.mn