Д.МЯГМАРЖАРГАЛ
Хөвсгөл аймгийн Хатгал, Мөрөн сум нь Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн чухал бүсүүдийн нэг болон эрчимтэй хөгжиж байна. Байгалийн онгон төрх, цэнгэг агаар, өвөрмөц соёл, найрсаг иргэд нь дотоод, гадаадын жуулчдыг татах гол хүчин зүйл болж байна. Тэгвэл өнөөдөр Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Мөрөн, Хатгал тосгоныг зэрэглэлтэй хот болгох ажлын хүрээнд эдэлбэр газрын хил хязгаар тогтоох ажлын хэсэг хуралджээ.
Монгол Улсын Их хурлын “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолын дагуу эрх зүйн байдал, эдэлбэр газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох ажлын хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас ажлын хэсгийн цахим хурал зохион байгуулагджээ. Тус хурлаар шинээр орон нутгийн зэрэглэлтэй хот болох Мөрөн, Хатгал хотын эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоох асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг 2025 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс өмнө Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлэхээр тогтов. Мөн орон нутгийн зүгээс шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, холбогдох мэдээллийг шуурхай хүргүүлэхийг хурлаас үүрэг болгон.
Уг тогтоол хэрэгжсэнээр Мөрөн, Хатгал хотын хөгжлийн төлөвлөлт, хот байгуулалтын бодлого, эрх зүйн орчин тодорхой болж, цаашдын тогтвортой хөгжлийн суурь нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: zms.mn