П.АМГАЛАНБАЯР

 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд.  Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Аrtu” урлангийн багш М.Нарангарав болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.

 

-Танай дугуйлан хүүхдүүдийн зураг зурах ур чадварыг хөгжүүлэхийн тулд ямар арга барилаар хичээл заадаг вэ?

-Манай урлангийн хувьд хүүхэд бүртэй ойр тулж ажилладаг. Нийгмийн амьдралд дөнгөж дасан зохицох гээд явж байгаа учраас олон янзын зан чанартай хүүхдүүд бий. Миний хувьд хүүхэд байхдаа дотогшоо, чимээгүй зан чанартай байсан. Тиймээс шавь нартайгаа найзууд шиг ярилцаж, дотносохыг хичээдэг. Ингэснээр хүүхдүүд маань яваандаа надтай чөлөөтэй үзэл бодлоо хуваалцдаг болдог. Мөн түвшинд нь таарсан хичээлүүдийг сонирхолтой аргаар зааж, тэднийг урамшуулдаг. Дуртай сэдэвт нь үндэслэн бүтээлч сэтгэлгээ болон зургийн үндсэн чадварыг заадаг.

-Урлаг, тэр дундаа дүрслэх урлагтай хүүхдийг багаас нь ойр байлгаснаар ямар ач холбогдолтой вэ?

-Олон төрлийн ач холбогдолтой. Юун түрүүнд, хүүхдийн өөрийгөө илэрхийлэх нэгэн арга нь болж өгдөг. Сэтгэл зүй, мэдрэмжээ зургаар чөлөөтэй илэрхийлснээр бүтээлч байдал нэмэгдэж түүнийгээ үнэлж дүгнэлт хийдэг. Хамгийн түрүүнд гэр бүл хайртай хүмүүстэйгээ хуваалцаж магтуулснаар хүүхэд өөртөө итгэлтэй болж, тэр зүйлдээ илүү их дурладаг. Энэ нь дараа дараагийн хичээл, ажил зэрэг хувь хүн болж төлөвшихөд нь эергээр нөлөөлдөг.

-Хүүхдийн зурсан зурагнаас тухайн үеийн сэтгэл зүй, мэдрэмж нь харагддаг гэдэг?

-Нэг ижил өнгө хэлбэр дүрстэй натюрморт ч юм уу, хуулбар зуруулаад олон сонирхолтой өнгө зураасыг ашигладаг. Зарим нь тод өнгөлөг, хурц өнгөөр зурж байхад зарим нь бараан бүрсгэр завсрын өнгөөр ажиллах нь ч бий. Магадгүй тэр үеийн сэтгэл хөдлөлөөр зурдаг байх.

-Хүүхдүүд ихэвчлэн ямар сэдвийн хүрээнд зураг зурах дуртай байдаг вэ?

 -Хамгийн ойрын хүрээлэл, гэр бүл, найз нөхөд, дуртай амьтан, байгаль, улирал, үзэх дуртай үлгэрийн баатруудаа ихэвчлэн зурдаг. Энэ нь дуртай зүйлсээ илэрхийлж байгаа нэг хэлбэр нь юм.

-Бяцхан зураач хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

 -Бяцхан зураачиддаа хандаж хэлэхэд өнөөдрийн зураас, өнгө, будаг, жижигхэн алдаа бүр чинь ирээдүйн чамайг бүтээж байдаг. Тиймээс тууштайгаар шантралгүй өөртөө итгэлтэйгээр хүссэн өнгөөрөө өөрийгөө илэрхийлж урлан бүтээгээрэй.

Н.Нинжин 
8 настай
Б.Билэгдэмбэрэл
8 настай
М.Мөнгөн-Эрдэнэ
9 настай
Ө.Дөлгөөн
11 настай

👇Artu urlan

https://www.facebook.com/photo/?fbid=395931042826742&set=a.108217924931390

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7736)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn