Японд зорчсон энэ удаагийн томилолтын хамгийн сонирхолтой бөгөөд сургамжтай өдрүүд Окинава хотод өнгөрсөн юм. Япон улсын зүүн хойно Окинава мужийн харьяа Окинава хэмээх бие даасан арал бий. Цэв цэнхэр далай, шаргал элс, дал мод, дулаахан цаг уур, мөн барилга байгууламжийнх нь дизайн зэргээрээ Окинава хот Японы бусад хотуудаас арай өөр сэтгэгдэл төрүүлэхээр. Тус улсын тав дахь том арлын үүх түүхээс товчхон дурдахад, одоогоос 500 орчим жилийн өмнө бие даасан Рюкюгийн хаант улс байсан гэдэг. Хятад, Зүүн Өмнөд Ази, Япон хоорондын далайн худалдааны чухал зангилаа байжээ. Тиймээс ч хэл, соёл зан заншил нь Японоос арай өөр гэж хэлж болно. Харин 1879 оны үед Мэйжигийн шинэчлэлийн үед Япон улс Рюкюг нэгтгэж, Окинава муж болгосон байна. Дэлхийн II дайны үед буюу 1945 оны гуравдугаар сараас есдүгээр сарын хооронд хамгийн хүнд тулааны нэг энд болсноороо түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.

Энэхүү том тулааны дараа АНУ арлуудыг хянаж байсан бөгөөд 1972 оны хэлэлцээрийн дагуу Японд буцааснаар Окинава мужийг дахин байгуулжээ. Одоо ч АНУ-ын цэргийн бааз төвлөрсөн хэвээр байгаа тус арлын эдийн засгийн гол тулгуур нь аялал жуулчлал. Учир нь байгаль цаг уурын үнэхээр тааламжтай нөхцөлтэйн дээр түүх дурсгалын олон газар байдаг нь жуулчдын анхаарлыг ихээхэн татах болжээ. Тус арал нь ойролцоогоор 1.5 сая хүн амтай. Бусад муж, хотуудтай харьцуулахад дундаж наслалт хамгийн өндөр гэнэ. Мөн жилээс жил хүн ам нь нэмэгдэж байгаа хотуудын нэг. Эндэхийн уугуул иргэд өндөр насалдгийн гол шалтгааныг цаг уурын таатай нөхцлөөс гадна эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт хүнс, дасгал хөдөлгөөн, нийтэч байдал зэрэгтэй нь холбон тайлбарладаг байна. Чихэрлэг төмс, загас, далайн бүтээгдэхүүнүүд, дүпү зэрэг эслэг ихтэй хүнсийг түлхүү хэрэглэдэг аж.

Окинавагийн маргаантай асуудлууд

 

Окинава нь хэдийгээр Японы газар нутгийн ердөө 0.6 хувийг эзэлдэг боловч тус улс дахь АНУ-ын цэргийн баазуудын 70 орчим хувь нь энэ аралд байрладаг. Тэр дундаа өдрөөс өдөрт хүн ам нь өсөн нэмэгдэж байгаа Окинава хотын төвд “Футэнма” нэртэй том цэргийн бааз бий. Цэргийн бааз төвд нь шахуу байдгаас өдөр бүр маш их дуу чимээ үүсгэн хотын дээгүүр эргэлдэх олон байлдааны онгоц жирийн иргэдийн амьдрах орчинд нөлөөлж байгаа нь энэ нутгийн хамгийн гол тулгамдсан асуудлуудын нэг. Сургалтаар очсон олон улсын сэтгүүлчид бид NHK-ийн Окинава дахь салбарт зочлох үеэр ч орон нутгийн сэтгүүлчид дуу чимээ, орчны бохирдол, байгаль орчны асуудал гээд тулгамдсан асуудлуудаа шийдвэрлүүлэхийн тулд өдөр бүр бичсээр байгаагаа ч хэлж байна. Ялангуяа нутгийн иргэдийн хувьд дуу чимээний бохирдолд байнга өртөж байгаагаа онцлон анхааруулсаар байгаа аж. Япон, АНУ-ын Засгийн газар баазыг далайн эргийн Хэноко бүс рүү нүүлгэхээр тохиролцсон ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Нөгөө талаар иргэдийн зүгээс ч цэргийн баазыг нүүлгэх нь “ачааллыг багасгах” биш, зөвхөн шилжүүлж байгаа учир шийдвэрлэх арга зам биш гэж үзэх нь бий. Мөн Хэноко нь байгалийн үзэсгэлэнт шүрэн хад, ховор амьтдын бүс учир байгаль орчин, экологийн хувьд таатай сонголт биш гэж үздэг. Нөгөө талаар Окинава бүс нутаг нь геополитикийн хувьд стратегийн ач холбогдолтой нөлөө бүхий арал учраас тэр хэрээр эдийн засаг, улс төр, гадаад орчны адармаатай гэж хэлж болохоор шалтгаанууд ч байх нь дамжиггүй.

 

80 жил аниагүй шарх

“80 жил аниагүй шарх” гэсэн энэ гарчгийг зүгээр ч нэг сонгосонгүй. Яагаад ч юм далайн эрэг дээр очиход сэтгэл догдлон хөөрдөг бол Окинавагийн Энх тайвны музейд зочилсны дараа анх удаа гүн цэнхэр далайг хараад түүнээс ч гүн бодолд дарагдан санааширсан юм.

80 жилийн өмнө Дэлхийн II дайны төгсгөлд болсон хамгийн хүнд хэцүү тулаануудын нэг Окинава аралд өрнөсөн тухай дээр цухас дурдсан. Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэхүү тулааны үеэр 200 гаруй мянган хүний амь үрэгдсэний 80 хувь нь энгийн номхон иргэд байсан гэдэг. Энэ өр өвтгөм түүхийн үнэнийг 4D бодит дүрслэл, гэрэл зураг, дуут дүрсний шинэ технологийг ашиглан бодит болгосон орчин үеийн музейг Окинавагийн тулаанд амиа алдагсдын дурсгалд зориулан байгуулжээ. Эргэн тойрон далайн усаар хүрээлэгдсэн, 100 гаруй чулуун хөшөө, дунд нь музейн байр байрлах бөгөөд тэрхүү өвөрмөц барилгад ороод гарахад 80 жилийн өмнөх шарх одоо ч аниагүй болов уу гэсэн хөндүүр төрнө. Дөнгөж гурав, дөрвөн настай болов уу гэмээр хүүхдүүдээ дагуулан музейн түүхийг хүүрнэн алхах залуухан аав ээжүүд, ангиараа цуг яваа дунд сургуулийн хүүхдүүд ч энд тааралдав. Музейн тайлбарлагчийн хэлснээр Окинавагийн тулаанд амиа алдсан олон хүний үр сад байнга ирж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд жил бүрийн зургаадугаар сард дурсгалын өдрийг албан ёсоор тэмдэглэдэг байна.

Мөн мэдээж түүхэнд тэмдэглэгдсэн тулаан гэдэг утгаар сонирхон ирдэг, хүндэтгэл үзүүлдэг гадныхан ч цөөнгүй ирэх болжээ. Үзэхэд хүнд ч, үнэнийг эрж хайсан хэн үзэхгүй өнгөрч боломгүй үгээр хэлэхийн аргагүй тийм мэдрэмжийг тэндээс авсан нь хэсэгтээ л бодлоос салахгүй байлаа. Дээр нь тэр их усаар хүрээлэгдсэн байгалийн өвөрмөц зохицол. Хэчнээн олон хүн зовлон шаналлаа мартахын тулд энэ их усанд амиа үйсэн бол гэсэн бодлоо тээсээр би музейн байрнаас гарлаа.

Зөөлөн давалгаалах тэнгисийн эрэг дээр яагаад ч юм сэтгэл хоосрон алхаж явахдаа өнөөдөр ч дайн, мөргөлдөөн, хурцадмал байдал гээд олон янзаар нэрлэж байгаа ч дэлхийн олон газарт хэн нэгний нулимс, цус урссаар л байна шүү дээ гэсэн гунигт бодолд дарагдчихсан. Дөрвөн жил үргэлжилж байгаа Орос Украины нөхцөл байдал, хэд дэх жилийг нь ч мартаж орхисон Газын зурвасын зөрчил, одоо ч энхийн хэлэлцээр нь үр дүнгээ өгөхгүй байгаа Тайланд Камбожын маргаан гээд. Хэзээ нэгэн өдөр одоо өрнөж байгаа энэ бүх зөрчил мөргөлдөөний хохирогчид болох олон мянган хүний нэрс хаа нэг газар чулуун хөшөөн дээр сийлэгдэн, дараа дараагийн үе хойч нь өвөг дээдсээ дурсан тэнд алхах болов уу гэсэн хариулт үгүй асуулт.  Ерөөсөө хүн төрөлхтөн юуны төлөө олон саяар тоологдох хүний амийг үл огоордог юм бэ гэж хэн нэгнээс дахин дахин асуумаар гунигтай санагдана. Яг ийм хоосон мэдрэмжийг олон жилийн өмнө Хирошимагийн цэцэрлэгт зочилж байхдаа ч мөн мэдэрч байснаа нэхэн саналаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7736)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn