Усгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүйг үйлдвэрлэгчид сайн мэднэ. Харин сүүлийн арав гаруй жил үйлдвэрлэгчид хаягдал усаа урьдчилан цэвэрлэж, стандартын шаардлагыг хангаж, ариутгах татуургад нийлүүлэх хэрэгтэй гэсэн хуулийн дагуух шаардлагад дарагдаж явсаар одоо л нэг ойлголт нь цэгцрэх талруугаа хандаж явна. Улаанбаатарын амьдрал, ирээдүй Туул голын усаар хэмжигдэнэ. Өөр ямар ч хувилбар байхгүй. Усны эх үүсвэр маань ямар байх нь үйлдвэрүүдийн хариуцлагатай шийдвэр, төрийн дэмжлэгээс шууд хамаарах цаг тулчхаад байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арван хоёр төрлийн 700 гаруй үйлдвэр бий. Гэвч тэдгээрээс 30 гаруй нь л хаягдал усаа урьдчилан цэвэрлэх байгууламжтай. Бусад үйлдвэрлэгчид урьдчилан цэвэрлэх байгууламжтай болохоос өөр гарцгүй ч ажил нь удааширсан хэвээр байна.
Энэ тал дээр холбогдох төрийн байгууллагууд үр дүнтэйгээр хамтран ажиллах санал гаргаж, үйлдвэрүүдийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үйлдвэрүүдэд УЦБ-тэй холбоотой газрын асуудлыг шийдвэрлэхэд туслах амлалт өгсөн. Түүнчлэн үйлдвэрүүд УЦБ байгуулах хүслээ илэрхийлээд дэмжлэг хүсвэл Улаанбаатар хотын захирагчийн албанаас ногоон зээл, хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх боломж байгаа гэсэн. Асуудал хэдийгээр хурцадмал байгаа ч, өөрсдийнхөөрөө болгож бүтээгээд явж буй гуч гаруй үйлдвэр байгааг дээр дурдсан.
Тэдний заримаар нь орж бодит нөхцөл байдлыг сурвалжиллаа. “Булигаар” ХК нь арьс шир боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг ууган үйлдвэрүүдийн нэг. Эднийх хоногт дунджаар 250 м3 ус хэрэглэдэг. Гурван жилийн өмнөөс урьдчилан цэвэрлэх байгууламж ашиглаж эхэлжээ. Сард дунджаар 8000м3 орчим усыг урьдчилан цэвэрлэж, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж байна. Үүнийхээ үр дүнд хаягдал усны бохирдол нь эрс буурчээ. Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх төхөөрөмж суурилуулах анхны хөрөнгө оруулалт өндөр бөгөөд тогтмол ажиллуулахын тулд тодорхой хэмжээний зардал гарч буйг, энэ нь эргээд өртөг өсгөж буйг тэд дурдсан юм.
“Их эргэлт” компани нь гурван жилийн өмнөөс урьдчилан цэвэрлэх байгууламж ажиллуулж байна. Тус үйлдвэрийн захирал Ш.Отгонсүрэн “Ерөнхийдөө нийт ашигласан усныхаа далан хувийг ямар ч химийн бодисын үлдэгдэлгүй болтол цэвэрлэж байгаа. Хангалттай цэвэрлэгдсэн хаягдал уснаасаа дахин ашигласнаар усны хэмнэлт гарч байна. Өмнө нь усны бохирдолдоо санаа зовдог байсан бол одоо үндсэн бүтээгдхүүнийхээ чанарт анхаарах боломж бүрдэж байна. Илүү сайжруулах ямар боломж байна, түүнд нэмж хөрөнгө оруулахад татгалзах зүйлгүй” гэв. “Их эргэлт”- ийнхний урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг “Жайка”-гийн мэргэжилтнүүд хүртэл сайшаажээ. Зоригтой хариуцлагатай хийсэн хөрөнгө оруулалтынхаа үр шимийг үзэж буй үйлдвэрүүдээр ороход сайхан л байлаа. Шийдэх шаардлагатай хэдэн асуудал ажиглагдсан нь ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөх хуулийн заалт болон хүний нөөцийн асуудал.
Цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөх хуулийн заалттай. Эрчим хүч, уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд жилд таван тэрбум хүртэл төгрөгийн хөнгөлөлт авдаг. Харин үйлдвэрийн хаягдал усаа урьдчилан цэвэрлэж буй үйлдвэрлэгчдээс нэг нь ч энэ хөнгөлөлтийг авч үзээгүй аж. Ядаж гурван жил чөлөөлөгдөх боломжоо эдлэчихвэл оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхөд, өртөг хэт нэмэгдэхгүй байхад ч нэмэртэй. Хөнгөлөлтөө эдлэхгүй байгаа шалтгаануудын хамгийн түгээмэл нь үйлдвэрүүд урдах ажилдаа анхаараад хөнгөлөлтийн талаар эрэлхийлэх завгүй байдагтай холбоотой гэнэ.
Дараагийн асуудал бол хүний нөөц. Цэвэрлэх байгууламжаа хариуцах усны инженер техникийн ажилтан, химийн мэргэжилтэн хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл дор хаяж хоёроос доошгүй тогтмол ажлын байр шинээр нэмэгдэж байна. Жилээс жилд усны мэргэжилтнүүд ховордож байгаатай холбоотойгоор, чадвартай сайн мэргэжилтэн олдохгүй, олдохгүй байгаагаас цэвэрлэх байгууламжаа тогтмол ажиллуулж чадахгүйд хүрч байгаа жишээ ч байна. Тиймээс нэн даруй хүний нөөцийг бэлдэх, хангах хамтын шийдэл гаргалгаа яалт ч үгүй хэрэгтэй байгаа аж.
Хаягдал усаа урьдчилан цэвэрлэж байгаа, цэвэрлэх хэрэгтэй байгаа үйлдвэрүүд идэвх санаачилгаа нэмэгдүүлж, бэлэн байгаа боломж бололцоонуудыг судалж, хойноос нь явж чадвал нөхцөл байдлаа сайжруулах гарц гаргалгаанууд бол байна. Нөгөө талаасаа төрийн байгууллагууд, бусад оролцогч талуудын дэмжлэг ч чухал. Аль аль талаасаа шийдье гэсэн эрмэлзэлтэй хамтран ажиллаж байж л газар шороо, гол горхи, тэр тусмаа Улаанбаатар хотын хувьд Туул голоо үр хүүхдүүддээ бүрэн бүтэн өвлүүлж чадна. Үйлдвэрүүд өндөр бохирдолтой стандарт хангаагүй хаягдал ус Төв Цэвэрлэх Байгууламжид нийлүүлсэн хэвээр байвал, хуучин нь ч шинэ нь ч ялгаагүй бүрэн цэвэрлэж чадахгүй. Бид бүрэн цэвэрлээгүй усаа Туул голд нийлүүлсээр байна л гэсэн үг. Энэ бид бүгдийн хамтын хариуцлага.
Үрсийнхээ маргааш уух ус, гишгэх газрыг бид өнөөдөр л хамгаалах боломжтой.