Б.НАНДИН
Жил бүрийн 12 дугаар сард болдог Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ лхагва гарагт Норвегийн нийслэл Осло хотноо болно. Гэвч энэхүү хүндэт ёслолд энэ жилийн Энх тайвны шагналтан Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо оролцохгүй болохыг Норвегийн Нобелийн хүрээлэнгээс мэдээлжээ. Учир нь Венесуэлийн эрх баригчид 58 настай сөрөг хүчний удирдагчийг арван жилийн турш эх орноо орхин гарахыг хориглосон аяллын хориг тавьсан байна. Мөн тэрээр сүүлийн нэг жилд нуугдаж амьдарч байгаа учир чухам хаана байгааг нь тодорхой зарлах боломжгүй гэжээ. Түүний шагналыг охин нь гардаж авна гэдгийг албан бусаар мэдэгдсэн бөгөөд Мариагийн ээж, эгч дүүс болон гурван хүүхэд нь Осло хотноо хүрэлцэн очжээ. Энэ жилийн ёслолд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Эквадорын Ерөнхийлөгч Даниел Нобоа зэрэг Латин Америкийн удирдагчид оролцох аж.
Өнгөрсөн аравдугаар сард Венесуэлийн эрх баригчид сөрөг хүчний удирдагч Мариа Мачадод Нобелийн хамгийн хүндтэй шагналыг гардуулах болсныг зарласны дараа Норвегийн Элчин сайдын яамыг хаах шийдвэр гаргаж байсан юм.
Эх сурвалж: zms.mn