Ц.МЯГМАРБАЯР
“Дата эрх чөлөө-Иргэдийн хяналт” V үзэсгэлэн өнөөдөр /2025.12.8/ Blue Mon төвийн I давхарт байрлах “Norphei art Gallery”-д нээлтээ хийлээ. “Бодлогод залуусын хяналт” ТББ нь Олон улсын Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан санаачилж, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2021 оноос “Дата эрх чөлөө” сэдэвт үзэсгэлэнг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ удаа таван жилийн ойгоо тохиолдуулан бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэд хэрхэн оролцож, хяналт тавьж болох вэ гэсэн асуултын дагуу “Иргэдийн хяналт” гэсэн сэдвийг онцолж үзэсгэлэнгийн дата мэдээллээ бэлтгэсэн байна. Үзэсгэлэнгээр Сонгуулийн 2024 оны телевизүүдийн сурталчилгаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн томилгооны мониторинг, улс төрийн намуудын ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт гэх мэт сонирхолтой олон дэд болон үндсэн сэдвийн хүрээнд өгөгдлийг олон нийтэд ойлгомжтой дүрслэлээр танилцуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтэд иргэд, Иргэний нийгмийн төлөөлөл болон судлаач, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон юм. Уг арга хэмжээг Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб, Авлигатай тэмцэх газар, Тунгаахуй өгөгдлийн урлан, Сонгуулийн хороо,, Нээлттэй нийгэм форум, Залуусын давлагаа клуб, Opendatalab.mn зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
Энэ үеэр гол зохион байгуулагч “Бодлогод залуусын хяналт” ТББ -ийн захирал, зохион байгуулагч Ц.Мандахайхатан хэлэхдээ “ Энэ жилийн үзэсгэлэн иргэдийн хяналт гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байна. 2025 он иргэдэд зориулсан мэдээлэл авах эрх чөлөөнд тодорхой ахиц дэвшил гарсан онцгой жил байна. Тухайлбал, анх удаа бид сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд Улс төрийн нам ямар тайлан гаргадаг вэ, ямар хөрөнгөтэй, ямар хэмжээний хандив, мөнгө олж зарцуулж байна вэ гэдгийг ил тод гаргаж тавилаа. Эдгээр мэдээллийг Сонгуулийн хорооны Сургалт, судалгааны төвтэй хамтарч гаргалаа. Манай байгууллага жил бүр сонгуулийн зардалтай холбоотой мэдээллийг шаардаж авдаг. Өнгөрсөн жил сонгуулийн жилийн хяналт гэсэн сэдвийг онцлохдоо дээрх мэдээллийг олж авч чадаагүй. Харин энэ жилийн тухайд Хүний эрхийн комисст хандсанаар намуудын санхүүжилттэй холбоотой мэдээллийг авч иргэддээ тайлан болгож дата мэдээллийг ийнхүү гаргаж тавилаа.үүгээр телевизүүд Сонгуулийн сурталчилгаанд хэдий хэрийн хугацаа зарцуулж хэдий хэмжээний орлого олсон үүнийгээ хэрхэн тайлбарлаж байна гэсэн ерөнхий мэдээллийг гаргаснаараа онцлог байсан” гэсэн юм.

Тус үзэсгэлэнд Нээлттэй нийгэм форум жил бүр хамтардаг. Эднийх энэ удаад хоёр судалгаагаа онцолсон. Шүүхийн индекс болон ил тод байдлыг харьцуулсан судалгааг харуулсан бол нөгөөх нь Сонгуулийн маргааны судалгааг танилцуулсан. Сонгуулийн явцад хэт маргаантай, төвөгтэй үйл явц өрнөдгөөс хамаарч маргааныг тухайн цаг үед нь ярилцаж шийдвэрлэж чадахгүй байгааг харуулсан. Мөн Залуусын давлагаа клубээс гаргасан Авлигатай тэмцэх газарт бүртгэгдсэн өргөдөл, гомдол, мэдээллээр гаргасан судалгааг дата өгөгдөл суурилж гаргаж танилцуулж байна. Түүнчлэн Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчид энэ жил ТӨК-иудын засаглал, тогтвортой хөгжил, санхүүжилтийн ил тод байдал хийсэн эрэн сурвалжлах нийтлэл, судалгааны дүнгээс танилцуулснаараа онцлог байлаа. Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан. Д.Цэнд-Аюушаас зарим зүйлийг тодруулсан юм.
Тэрээр “Бид энэ үзэсгэлэнд тав дах жилдээ оролцож байна. Жилээс жилд оролцогч байгууллагуудын тоо нэмэгдэж байна. Анх нээлттэй мэдээллийн өгөгдлийг хэрхэн үр ашигтай ашиглаж төрийн байгууллага болон албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих вэ авлигыг яаж ил болгох вэ гэсэн санаагаар Opendatalab.mn сайтыг хөгжүүлж сурталчилж байсан. Тэгвэл энэ санаачилга маань өнөөдөр бодит үр дүнгээ өгч үзэсгэлэн болж хүрээгээ тэлсэн. Дата өгөгдөлд суурилж анхаарах ёстой зүйлүүдэд дүн шинжилгээ хийж үзэсгэлэнд тавьдгаараа онцлог. Энэ жилийн тухайд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан олон нийтийн хяналтын хүрээнд иргэдийн хяналтын механизм хэр үр дүнтэй хэрэгжиж байгаад дүн шинжилгээ хийсэн дата мэдээлэл гаргасан. Мөн Авлигатай тэмцэх газарт энэ онд иргэдээс ирсэн нийт өргөдөл, гомдлын тоо хэмжээ, төрөл, агуулагд шинжилгээ хийсэн дата өгөгдөлд суурилсан мэдээллийг гаргасан. Ер нь Эрүүгийн хуульд шинэчлэл орсонтой холбоотойгоор Авлигатай тэмцэх хөтөлбөрт мөн өөрчлөлт орсон. Хүн амын нягтаршил ихтэй Улаанбаатар хотоос өргөдөл гомдлын дийлэнх нь ирсэн байдаг. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол дийлэнхийг нь эзэлж байна. Иргэд авлигыг ихэвчлэн мөнгө, төгрөг, хахууль авсан, өгсөнтэй холбоотой асуудал гэж ойлгодог. Тэгвэл эдгээрээс гадна тендер худалдан авах ажиллагаа, сонирхлын зөрчилтэй холбоотой зөрчил, гомдлууд тодорхой хувийг эзэлдэг. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл энэ үзэсгэлэнгээс ирж дата өгөгдлүүдээр бэлтгэсэн дүрслэлээс харж болох юм” гэв. Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб нь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн Интерга төслийн хүрээнд ТӨК-иудын засаглал, санхүүжилтийг ил тод болгох зорилгоор нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд үндэсний компаниудын мод тарих амлалт хэрхэн бодит байдалд хэрэгжиж байгаа түүний санхүүжилтийг ил тод болгох зорилгоор бичсэн нийтлэлүүдээр дата дүрслэл хийж тус үзэсгэлэнд оролцсон. Тухайлбал, тус клубийн УЗ-ийн гишүүн, Biznes.mn сэтгүүлийн редактор, сэтгүүлч Г.Даваадорж, мөн тус клубийн гишүүн, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр, Medee.mn сайтын сэтгүүлч Д.Эрдэнэтуяа нар “Тэрбум мод зэрэгц командаар ургахгүй”, “Усгүй тэрбум мод ба ТӨК-иудын бүтэлгүйтэл”, “Оюу толгой компани 35.1 сая мод шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулсан” зэрэг цуврал бүтээлүүдээ хүргэсэн. Эдгээрээс “Усгүй тэрбум мод ба ТӨК-иудын бүтэлгүйтэл” нийтлэлийг дата дүрслэлээр харуулж үзэсгэлэнд тавьсан нь оролцогч, иргэдийн сонирхлыг ихээр татаж байлаа. Мөн тус клубийн гишүүн gogo.mn сайтын сэтгүүлч Б.Эрдэнэчимэг нарын хөндсөн “Эдийн засгийн өсөлтөөс гадна тогтвортой хөгжлөөр уралдъя”нийтлэлийн өгөгдлийг дата дүрслэл болгон тавьсан байв.

Эх сурвалж: zms.mn