Р.Оюун

БНХАУ-ын иргэн Ли Жан Хуа “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэрээр “Мен дун энержи” компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд БНХАУ-д нүүрсний бизнес эрхэлдэг аж. Ли Жан Хуа “Би 2017 оноос Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах “Олгой булаг” ХХК-ийн Төхөмийн уурхайтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн үед “Олгой булаг” компанийн гүйцэтгэх захирлаар Д.Эрдэнэ, хувьцаа эзэмшигч нь Д.Баатар, Д.Даваадэмбэрэл, С.Гомборагчаа, Б.Батбилэг нар байсан. Би энэ компанитай хамтран ажиллах болсон шалтгаан нь Д.Баатар “Би бол улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүү. Надад итгэж болно” гэсэн болохоор би шийдвэр гаргаж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах болсон. Хамтран ажиллах гэрээг 2017 оны зургадугаар сарын 6-ны өдөр байгуулсан.

Гэрээнд “Хөрөнгө оруулагч тал уурхайн бүх зардал, хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцаж “Олгой булаг” ХХК-ийн Төхөмийн уурхайн 52 хувийг шилжүүлж өгнө. Уурхайн нөөцийг дуусах хүртэл хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн гэрээнд зааснаар хөрөнгө оруулагч тал 2017-2021 онд шаардлагатай бүх хөрөнгө оруулалт хийсэн. Бидний тооцоолсноор 51 тэрбум гаруй төгрөг болсон. Үүнд 100 гаруй автомашин, техник, тоног төхөөрөмж, 20 км сайжруулсан зам засварын ажил, уурхайн кемпийн бүтээн байгуулалт, тохижилтын ажил, хөрс хуулалт, тээвэрлэлт, Төхөмийн уурхайн Монгол Улсад төлөх бүх төрлийн татвар, хураамж болно. Хамтын ажиллагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл гэрээнд заасан 52 хувийг шилжүүлээгүй” гэсэн юм.

Эх сурвалж www.zms.mn