Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Аливаа зүйлийн эхлэлийг тавина гэдэг зориг бас эрсдэл шаарддаг. Тэгвэл Монгол Улсыг япончуудад таниулах ажилд өөрийн амьдралын 35 жилийг зориулсан нэгэн эрхмийг бид энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа урьсан юм. Тэр хүн бол H&A трайвэл аяллын компанийн захирал Адачи Ёокичи юм.
-Монгол Улстай холбогдоод 35 жил болсон байна. Энэ хугацаанд аялал жуулчлалын салбарын хөгжилд маш их хувь нэмэр оруулжээ. Тиймээс Монгол Улстай анх хэрхэн холбогдож байсан тухай болон анхны жуулчдаа оруулж ирж байсан талаар яриагаа эхэлье?
-Би компанийн удирдлага мэргэжилтэй. 1970 оноос аялал жуулчлалын салбарт ажиллаж эхэлсэн. Харин 1990 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Токиод "MTJ" нэртэй аяллын компаниа нээж байлаа.
Ингээд сонирхолтой аяллын төлөвлөгөөнүүд боловсруулж, шинээр аяллын чиглэл гаргаж болох улсуудыг судалж эхэлсэн л дээ. Гэтэл тухайн үед Монгол Улс руу Японоос аялал гардаггүй байсныг мэдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед Монголын талаар мэдээлэл хомс байсан. Тиймээс Япон дахь Монголын элчин сайдын яамтай холбогдож монгол руу жуулчид аялуулах хүсэлтэй байгаагаа хэлж, түүнээс өмнө өөрөө очиж үзэх хэрэгтэй байна гэдгээ хэлсэн. Элчин сайдын яамнаас Монголын улсын компани болох “Жуулчин” компаниар дамжуулан аялал гаргах боломжтой гэдэг хариу өгсөн. Ингээд тус компанитай холбогдож, эхлээд өөрөө аялж, Тэрэлж, Хархорин чиглэлд долоо хоногийн аяллын хөтөлбөр боловсруулж байлаа.
-Монгол Улс таны төсөөлж байснаас ямар байсан бэ?
-Япон хүний хувьд Монголд очно гэдэг цоо шинэ ертөнц байсан. Хүн бараг очиж байгаагүй, хэн нэгнээс сонсож бас төсөөлж ч байгаагүй газар байсан шүү дээ. Онгоцноос буугаад хамгийн их гайхшируулсан зүйл бол газар нутаг. Японоос дөрөв дахин том байхаас гадна хүн ам цөөтэй учир хүнгүй тал газар их байсан. Энэ нь их уужим, тайван мэдрэмж өгч, ийм газар байдаг юм уу гээд итгэж чадахгүй байсан. Одоо 3.5 сая хүн амтай юм чинь тухайн үед 1.5 сая хүн амтай байсан болов уу гэж бодож байна. Мөн нэг онцлог нь малчин айлын зочломтгой зан хамгийн сонин бас гайхалтай сайхан. Ямар ч малчин айлд ороход элгэмсэг дотноор хүлээн авч гэртээ оруулж цай ундаар дайлж, ярьж хөөрдөг. Японд бол танихгүй хүнийг гэртээ оруулахгүй шүү дээ. Гэхдээ тухайн үед социализмаас ардчилсан нийгэм рүү шилжиж байсан учир бараа бүтээгдэхүүн ховор байсныг ч онцлох нь зүйтэй байх.
-Өөрөө ирж үзээд аяллын төлөвлөгөөгөө боловсруулсан нь давуу тал байсан байх. Таныг Монгол руу хамгийн анхны групп аяллыг бий болгосон хүн гэж ойлгож болох уу?
-Манай аялал гарч эхлэхээс өмнө Японоос ганц, хоёр хүн Монголд очиж аялж байсан байх. Гэхдээ анхны 200 хүнтэй групп аяллыг манай компани зохион байгуулсан. Тодруулбал, 1990 онд Японоос Монгол руу жуулчин оруулж ирэх ажлыг манай компани, Монголын "Жуулчин" компанитай хамтарч хийж эхэлсэн гэж хэлж болно. Тэр үед хоёр улсын хооронд тогтмол нислэг байгаагүй. Бээжин болон Эрхүүгээр дамжиж нисдэг байсан. Хамгийн ихдээ 200 орчим жуулчин ирдэг байсан.

-1990 он гэдэг Монгол Улс ардчилалд шилжиж, эдийн засгийн хувьд хүндхэн үе байсан. Тэр үед жуулчид авч ирэхэд хүндрэлтэй зүйл нь юу байв. Үүнийг хэрхэн зохицуулж байв?
-Тийм ээ. Нийгмийн шинэчлэлт явагдаж байсан үед жуулчин авч ирнэ гэдэг амар байгаагүй. 200 хүн авч ирлээ гэхэд тэднийг багтаах ресторан ховор байсан үе. Хоолны нэр төрөл бага буюу зөвхөн мах, гурил, будаатай хоол л гардаг байсан. Гэхдээ эдгээрийг асуудал гэж харалгүй тууштай байж, тэгэх тусам жуулчдын маань тоо ч нэмэгдэх болсон. Тодруулбал, хамгийн анх 200 хүн авчирч байсан бол дараа жилээс нь 300, 400, 500 хүн болж нэмэгдсэн.
-Хүмүүсийн мэдэхгүй, сонсоогүй улсыг сурталчилж, тэр улс руу аялах сэдлийг төрүүлнэ гэдэг тийм ч хялбар байгаагүй байх. Тухайн үед сурталчилгаагаа хэрхэн хийдэг байв?
-Хөтөлбөрийн дагуу гарын авлага бэлтгэж, Японы шилдэг аяллын компаниудад аяллынхаа төлөвлөгөөг танилцуулсан. Гэтэл сарын дараа гарах аялалд маань эдгээр компаниудаас дор хаяж 15-30 хүн бүртгүүлдэг байсан. Энэ хүмүүсээ цуглуулж, групп болгодог байлаа. Японд аялалд явахын өмнө хүмүүсээ цуглуулж танилцуулга болон тус улсын талаар мэдээлэл өгдөг. Би Монголд очиж үзсэн учраас тал нутаг болон хүмүүсийн сайхан сэтгэл гээд олон зүйлсийг ярьж өгнө. Энэ нь хүмүүсийг илүү их татдаг байсан гэж сүүлд сонссон. Харин хамгийн хэцүү зүйл нь тухайн үед Монголд факс болон телекс гэдэг зүйл байгаагүй. Одоогийнхоор мэйл гэсэн үг. Үйл ажиллагаагаа хялбар болгохын тулд японы KDD компаниас телексийн хаяг, аппарат худалдан авч “Жуулчин” компанид суурилуулж өгснөөр хамтын ажиллагаа маань илүү хялбар болсон. Үүнээс хойш аялал маань илүү өргөжиж бас сайжирсан.
- "Жуулчин" компани гэдэг нь одоогийн "Нью жуулчин" мөн үү. Энэ талаар та дэлгэрэнгүй ярихгүй юу?
-1990-2003 он хүртэл “Жуулчин” компанитай хамтран ажилласан. Гэтэл 2003 онд “Жуулчин” компани маань хувьцаагаа худалдаж, хоёр хуваагдсан. Тэр үед би хэдэн хүнтэй нийлж одоогийн "Нью жуулчин" компанид хөрөнгө оруулж, ТУЗ-д нь ажиллах болсон. Ингээд 2023 онд хувьцаагаа зарж наймдугаар сард нь өөрийнхөө "H&A" аяллын компаниа байгуулсан. Өөрөөр хэлбэл, 2003-2023 оны хооронд "Нью жуулчин" компанид ажилласан. “Нью жуулчин” компанид ажиллах хугацаандаа өөрийн гэсэн бие даасан компани байгуулах мөрөөдөлтэй байсан. Учир нь хувь эзэмшигчтэй компанид аливаа зүйлийг өөрийн дураар хийж болдоггүй. Миний хувьд хандив, тусламж, тэтгэлэг зэргийг өгөх сонирхолтой. Гэвч дураараа тэр бүр хийж чаддаггүй байсан. Харин өөрийнхөө компанийг байгуулснаар нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, тусламж үзүүлэх боломжтой болсон. Монголд хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол боловсрол гэж би хардаг. Энэ талын дэмжлэг үзүүлэхийг маш их хүсдэг байсан. Түүнийгээ саяхан биелүүллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт "Шинэ Монгол Харумафүжи" сургуулийн төгсөгчдийн тэтгэлгийн санд 20 сая төгрөг хандивлалаа. Цаашид үүнийгээ улам өргөжүүлээд явна.
- "H&A" компаниа гурван жилийн өмнө байгуулсан гэлээ. 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. 100 хувийн Японы хөрөнгө оруулалттай компани. Монголд гадны хөрөнгө оруулалттай компани байгуулахад 100.000 ам.долларын хөрөнгөтэй байх шаардлагатай байдаг. Хууль ёсны дагуу хөрөнгө оруулалт хийж, татвар шимтгэлээ төлөөд явж байна.
-Анх хэдэн хүнтэй байв. Одоо хэдэн хүнтэй болсон бэ. Бас жилдээ хэчнээн жуулчин хүлээн авч байна?
-Анх гурван хүнтэй байгуулагдаж байсан бол одоо гурван жолооч, 13 ажилтантай болжээ. Одоо жил бүр Японоос 3000 жуулчин хүлээн авдаг болсон. Мөн манай компанийн онцлог нь өвлийн аялал жуулчлалаар жил бүр 150-250 хүн авдаг. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай. Тиймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь ирээдүйтэй гэж хардаг. Бид нохойн чарга, морин чарга, нэгдүгээр сарын 1-нд галт тэргээр нар харах аяллыг зохион байгуулж байна. Жуулчид ирэх хамгийн оргил сар 6-8 дугаар сар байдаг бол өвлийн улиралд ч жуулчин авах боломжийг бий болгож байгаа нь манай нэг онцлог. Ингэснээр бүтэн жил жуулчин авдаг боломж үүсэж байна.
-Тус улсыг ямар харагдуулах нь аяллын компаниас шалтгаалдаг. Энэ нь тухайн аяллыг зохион байгуулж буй компанийн хүмүүсийн сэтгэл, зүтгэлээс шалтгаална гэж би боддог. Танай компанийн хувьд үүн дээр хэрхэн анхаардаг вэ?
-Аяллын компаниуд ашгийн төлөө ажилладаг. Орчин үед Японоос Монгол руу аялал зохион байгуулах маш амархан болсон. Таны хэлдгээр туршлагатай, зүтгэлтэй, Монголын төлөө сэтгэлтэй компаниуд сайхан дурсамжийг жуулчиндаа бүтээж өгдөг. Өөрөөр хэлбэл, Монголыг зорьж ирсэн жуулчин ямар сэтгэгдэлтэй буцах нь компаниас л хамаарна. Жишээлбэл, жуулчидтайгаа явж байхад Төв шуудангийн урд автомашин нь унтарсан жолоочид хүмүүс тусалж, машиныг нь түрж өгч байсан. Хөтөч маань Монголд танихгүй хүмүүс бие биедээ ингэж тусалдаг тухай хэлэхэд л жуулчид маань монгол хүний сайхан сэтгэлийг мэдэрчхэж байгаа байхгүй юу. Мөн малчин айлд аваачих бол Монголын бас нэгэн өвөрмөц соёл. Манай компаниар аялсан хүмүүсийн дурсамжид хамгийн тод үлддэг зүйл нь монгол хүний сайхан сэтгэл, тал нутаг, үзэсгэлэнт байгаль байдаг даа.
-35 жил Монголтой холбоотой ажиллажээ. Эргээд харахад ямар сэтгэгдэл төрж байна?
-Анх хөл тавьж байсан үеийг бодвол барилга байгууламж зэрэг нь их хөгжсөн. Гэхдээ тухайн үеийн монгол хүний сайхан сэтгэл, зочломтгой зан чанар хэвээрээ байна. Энэ нь монгол хүн, Монгол үндэстний онцлог гэж би хардаг. Цаашид энэ зан чанар нь битгий өөрчлөгдөөсэй гэж хүсдэг.
-Байгууллагынхаа хамгийн бага цалинтай хүн нь та гэсэн үү?
-Тийм ээ. Монголд байгууллагын захирал нь хамгийн их цалин авдаг бол би эсрэгээрээ хамгийн бага цалин авдаг. Учир нь би өдөрт 1-2 цаг л ажилладаг. Тиймээс ажилласан цагтаа тааруулж цалин авч байгаа юм. Гэхдээ ихэвчлэн цалингаараа ажилчдадаа хоол авч өгөөд л дуусдаг. Мөн би удахгүй 78 нас хүрнэ. Төрсөн өдрөөсөө өмнө ажлаа хүлээлгэж өгөхөөр бэлтгэж байна. Учир нь залуу үеийнхэндээ боломж олгох нь зүйтэй гэж бодсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 231 (7728)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn