Р.Оюун

Энэ удаагийн "Онцлох фото" буландаа ХБНГУ-ын залуу уран бүтээлч Кармен Шайхын "Ер бусын хайр" хэмээх цаасан болон шилэн бараар хийсэн бүтээлийг танилцуулж байна. Тэрээр баримал болон графикийг орон зайн урлагтай хослуулан хөгжүүлэх шинэ арга барилыг ашигладаг. Мөн өөрөө боловсруулсан шилэн сийлбэрийн техникээр уламжлалт интаглио хэвлэх аргууд болох сийлбэр, зэс хавтан дээр сийлэх үйл явцыг шинэлэг түвшинд гаргадаг байна. Түүний уран бүтээлийн гол санаа авах эх үүсвэр нь эмзэг, сүйтгэгч мөчүүд. Энэ мэдрэмжийг хувиргаж, гоо зүйн өнцгөөс илэрхийлдэг аж. 

Тухайлбал, "Ер бусын хайр" бүтээл нь 10 тусдаа шилэн сийлбэрээс бүрддэг. Эдгээр нь хамтдаа дэлхийн газрын зургийг бүтээдэг. Урьдчилан бэлдсэн шилэн хавтан байсан бөгөөд уран бүтээлч үүнийг гар чавхаар харваж цууралтуудыг үүсгэжээ. Үүний дараа шилэн хавтангуудыг гар аргаар хийсэн цаасан дээр уламжлалт интаглио хэвлэх техник ашиглан тосон будгаар хэвлэсэн. Үүнээс бидний амьдарч буй орчинд тулгарч буй аюулыг бодитоор мэдрэх боломжтой. Шилэн сийлбэр нь өргөн утга, агуулгаар тайлбарлах боломжийг олгохоос гадна дэлхийг хамгаалах сэрэмжлүүлэг болдог байна. Түүний эмзэг, аюултай байдал, санаа зовнил, хайр энэ "Ер бусын хайр" бүтээлд илэрхийлэгджээ. 

Кармен Шайх 1987 онд ХБНГУ-ын Штуттгарт хотод төржээ. 2013-2014 онд Майнцын Урлагийн академи, 2017 онд Дюссельдорфын Урлагийн академид суралцсан байна. Одоо Дюссельдорф хотноо амьдран уран бүтээлээ туурвиж байна.   

Эх сурвалж www.zms.mn