Р.Оюун 

“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнд уран барималч А.Очирболд “Дэлхий ээж” шинэ бүтээлээ хүрэл хийцтэйгээр танилцуулж байна. Энэ барималын онцлог нь дайнаас болж  хоёр гаргүй болсон Өрнийн урлагийн хосгүй үнэт бүтээл, гоо сайхны эх хэмээдэг Венерагийн гарыг Ногоон дарь эхийн гараар орлуулж хийсэн. Хөл, гарынх нь чимэглэлүүд нь Ногоон дарь эхийн хөдөлгөөн байдаг. Металл хийцийн онцлог нь техник байдаг. Хүрэл металлыг ногоон гантиг шиг болтол урласан нь уран бүтээлчийн гол нууц. Холоос гантиг чулуу шиг харагдах ч ойртоод харахад хүрэл баримал юм хэмээн “Чингис хаан” үндэсний музейн үзэсгэлэнгийн куратор Д.Баярцэцэг хэлж байлаа.

Монголын гоо сайхны оргил Ногоон дарь эхийн гол чимэглэлийг авч Ромын домгийн Венера ба Занабазарын Ногоон дарь эхийн соёл хоорондын нэгдлийг илэрхийлжээ. Хоёр эмэгтэй бурхад нь зөөлөн уян хөдөлгөөн, гоо үзэсгэлэнг илэрхийлдэг залуу, үзэсгэлэнтэй эмэгтэйн дүр төрх. Хүн төрөлхтөн үргэлж алдаж байсан зүйлээ сэргээхийг эрмэлздэг.

Венера нь гадаад хүчин зүйлсээс гэмтсэн хүний биеийг дүрсэлнэ. Харин Ногоон дарь эх түүнийг хор, азгүй явдлаас хамгаалахыг эрмэлзэн шинэ гар, хөлийг өгч бүтэн байдлыг нь сэргээдэг. Энэ нь сэргэн мандалт, хамгаалалтыг дүрсэлснээрээ онцлог байв. Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон дарь эх нь хамгаалалтыг бэлгэдсэн эмэгтэй суугаа бурханы баримал. Харин Венера нь эртний Ромын хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн бурхан юм. Ихэвчлэн хагас буюу бүтэн нүцгэн байдлаар дүрслэгддэг.

Эх сурвалж www.zms.mn