Ч.БЯМБАХАЖИД
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” компанийн захирал Эрдэнэбатын Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны долоодугаар сарын 19-ний шөнө “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. Уг залууст холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, цагдаагийн байгууллагаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн сард прокурорт шилжүүлж байсан юм. Прокурорын байгууллага тухайн хэргийг хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, прокурорын байгууллагаас Б.Амарсайхан, Д.Саяннямбуу, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарт эрүүгийн хуулийн 20.16-1, 11.6-1, 11.4-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж. Одоогоор уг хэргийн шүүх хурал хэзээ эхлэх тодорхойгүй байгаа бөгөөд хохирогч гэх Д.Саяннямбууд эрүүгийн хуулийн 11.6.1 буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. Харин Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарт эрүүгийн хуулийн 20.16.1 буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Эх сурвалж: zms.mn