Д.МЯГМАРЖАРГАЛ

Шинэ жилийн баярын өдрүүд эхэлж буйтай холбоотойгоор түрээсийн даашинзны эрэлт огцом нэмэгдэж байна. Гэвч түрээсийн хувцсыг олон хүн дамжуулан хэрэглэх нь эрүүл ахуйн болон хэрэглээний тодорхой эрсдэл дагуулдаг. 

Хувцас түрээсийн үйлчилгээ олширч, хамрах хүрээ нэмэгдсэн ч бүх газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн стандарт жигд мөрдөгддөггүй бөгөөд даашинз угаалт, цэвэрлэгээ хангалтгүй тохиолдолд арьсны цочрол, харшлын урвал үүсгэх нөхцөл бүрдэх бөгөөд арьсны халдвар авах эсрдэлтэй байдаг. Түүнчлэн арьсанд ойр хүрдэг материалтай даашинз олон хүн дамжин өмссөнөөр нян, бохирдол мөөгөнцөрт халдвар суганы эвгүй үнэр үүсэх магадлалтай юм. 

Мөн хэрэглэгчийн биед бүрэн таарахгүй, бариу буюу хэт шахалттай загварын даашинз өмсөх нь тухгүй байдал үүсгэхээс гадна хөдөлгөөн хязгаарлагдах, арьс улайх зэрэг хүндрэл дагуулж болзошгүй. Зарим иргэд түрээсийн даашинзны эвдрэл, толбо зэрэг асуудлаас болж өндөр төлбөр төлөхөд хүрдэг байна. 

Тиймээс түрээсийн даашинз сонгохдоо дараах алхмуудыг мөрдвөл эрсдэлийг бууруулах боломжтой: 

  • Түрээсийн газрыг сонгохдоо цэвэрлэгээ, ариутгалын процессыг нь тодруулах 

  • Материал болон размер таарч байгаа эсэхийг сайтар шалгах 

  • Арьсанд харшил өгдөг эсэхийг богино хугацаанд туршиж үзэх 

  • Даашинзны дотор болон нугалаас хэсэгт эвгүй үнэр, үлдэгдэл толбо байгаа эсэхийг сайтар шалгах 

  • Гэрээний нөхцөл, эвдрэл гэмтлийн бодит төлбөрийн дүрмийг нягтлах 

Шинэ жилийн баярын уур амьсгал орж буй энэ үед иргэд зөв сонголт хийж, эрүүл ахуй болон тав тухыг хослуулан, эрсдэлээс сэргийлэх нь чухал гэдгийг онцолж байна. 

Эх сурвалж: zms.mn