Ч.БЯМБАА

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд тандалт хийж бензин, түлш хууль бусаар борлуулахаар зар байршуулсан 20 фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг тодорхойлжээ. Үүнээс батлагдсан 12 зарын дагуу энэ сарын 5-ны шөнө шалгалтын ажиллагаа явуулж нийт зургаан зөрчлийг илрүүлсэн байна.

Тодруулбал, ХУД-ийн наймдугаар хороонд “Кроун” маркийн автомашинтай иргэн Б 100 литр АИ92 бензинийг литрийг нь 5500 төгрөгөөр зарж байсныг тогтоожээ. Мөн дизель түлш нөөцөлж, гар дээрээс дуудлагаар зарж байсан тус бүр таван зөрчлийг илрүүлжээ.

500 литрээс гурван тонн хүртэлх дизель түлшийг “Портер”, “Бонго”, “Забрушка” маркийн автомашинд тээвэрлэн борлуулах гэж байсныг баримтжуулан Баянзүрх, Хан-Уул, Согинохайрхан дүүргийн цагдаагийн газрын харьяа газруудад шилжүүлжээ.

Түлшийг литр тутмыг нь 4000 орчим төгрөгөөр борлуулж байсан байна. Шатахуун нөөцөлж, шагаар зарж байсан иргэдийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Хуульд тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд газрын тосны бүтээгдэхүүн худалдана борлуулахыг хориглосон юм. Хэрэв хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог. Зөрчлийн тухай хуулийн 7.14 заалтын 3.3 дахь хэсэгт жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Эх сурвалж: zms.mn