Ч.БЯМБАХАЖИД

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь ДАШТ Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна.

1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд манай улсын “The MongolZ” баг гуравдугаар шатнаас уригдан оролцож байгаа юм.

Тэд өнгөрсөн шөнө гуравдугаар шатны дөрөв дэх тойрогт Европын “G2 Esports” багийн эсрэг “Bo3” журмаар тоглож, 2:0 харьцаатай ялалт байгууллаа.

Ийнхүү “The MongolZ” баг StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs буюу шөвгийн наймд гурван хожил, нэг хожигдолтой тавдугаар байраар шалгарсан юм.

Мөн “The MongolZ” багийн хувьд “Counter Strike 2” тоглоомын түүхэнд гурван дэлхийн аварга дараалан Playoffs шатанд шалгарсан Азийн анхны баг болж байна.

Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сард Хятадын Шанхай хотод зохиогдсон ДАШТ-ий Playoffs шатанд анх удаа шалгарч, Германы “MOUZ” баг хожигдсоноор 5-8 дугаар байр эзэлж байв.

Харин 2025 оны зургаадугаар сард АНУ-ын Остин хотод болсон ДАШТ-ий шувтаргын тоглолтод Францын “Team Vitality” багт ялагдсанаар дэд байрт шалгарч байв.

StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатны тоглолтууд энэ сарын 11-нээс эхлэх хуваарьтай байна. Одоогоор шөвгийн наймд Бразилын “FURIA”, ОХУ-ын “Team Spirit”, Францын “Team Vitality”, Германы “MOUZ”, манай улсын “The MongolZ” гэсэн таван баг шалгараад байна.

Эх сурвалж: Zms.mn