Р.Оюун
Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж буй соёлын хамтын ажиллагааны чухал арга хэмжээний нэг нь "Анагаагч эх дэлхий" үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн нь хоёр улсын уран бүтээлчдийн орчин үеийн урлагийн хэлээр дамжуулан хүн, байгаль, нүүдлийн уламжлал, хотжилт, экологи, сүнслэг оршихуй гэсэн сэдвийг хамтран шинжилсэн бүтээлч яриа хэлэлцүүлгийг нэг дор төвлөрүүлсэн онцгой төсөл юм. Төслийн үзэл санааны эх үндэс нь нэрт уран бүтээлч Йозеф Бойсын үзэсгэлэнг Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд түүний байгалийн материалд тулгуурласан сэтгэлгээ, хүний сүнслэг оршихуй болон байгальтай харилцах тухай байр суурь нь Монголын бөө мөргөл, нүүдлийн соёлын ертөнцийг үзэх өнцөгтэй нийцэж байна. Тиймээс үзэсгэлэн нь зөвхөн уран бүтээлийн цуглуулга бус харин хоёр орны урлаг, түүх,соёлын үзэл санаа солилцох чухал талбар болж байна. Үзэсгэлэнгийн нэг чухал сэдэв нь дэлхийн ноолуурын салбарт тэргүүлэгч байр суурь эзэлдэг Монгол Улсын ноолуурын үйлдвэрлэл. Бэлчээрийн даац хэтрэлт, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, малчдын эдийн засгийн хүндрэлийн асуудлыг олон улсын тогтвортой хөгжлийн хүрээнд авч үзэх шаардлагатайг уран бүтээлчид бүтээлээрээ онцлон харуулжээ.
"Анагаагч эх дэлхий" үзэсгэлэн нь өнгөрсөн онд тохиосон Монгол, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Күнстхалле Дюссельдорф музейд зохион байгуулсан "Эх дэлхийгээ анагаахуй" төслийн Улаанбаатар дахь үргэлжлэл юм. Манай хоёр орны стратегийн түншлэлийн хүрээнд улс хоорондын соёлын харилцааг улам өргөжүүлэх зорилготой.
Монгол, Германы уран бүтээлчид.
Эх сурвалж www.zms.mn