П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа Эгшиглэнт эхийн хишигт “Болор цом–43” наадмын тэргүүн байрын эзэн, яруу найрагч Н.Минжинсайханыг урьж ярилцлаа. Тэрээр 2008 онд “Он саргүй өдрүүд”, 2013 онд “Шувуудын ай”, “Навчис залбирахад”, 2017 онд “Усанд хөвсөн намар”, 2021 онд “Араг үүрсэн хавар”, 2023 онд “Чамд хадгалсан зун”, 2025 онд “Чарганд ачсан өвөл”  яруу найргийн ном туурвижээ. 

 

-“Болор цом”-д тоосоо өргөж, эгшиглэнт эхийн хишиг хүртэх нь энэ цаг үеийн яруу найрагч бүрийн хүсэл болов уу. Юун түрүүнд танд баяр хүргэе.

-“Яруу найрагч” нэрийг хазайлгаж болохгүй титэм гэж боддог. Алтан үеийн билиг авьяастан ах нарынхаа шүлэг зохиолоо дууддаг “Болор цом”-ын тайзан дээр 2010 онд хоолой чичрэнгүй анх зогсож байлаа. Түүнээс хойш өнжих жил ч байсан. Нэг жил хөтлөгч, Зохиолчдын эвлэлийн яруу найргийн төвөө ахалдгийн  хувьд наадмаа үнэнч шударга зохион байгуулахад анхаарч шүүгчээр ч ажиллаж байсан. Энэ жилийн тухайд нөхдийнхөө хамт сайхан тоосоо өргөе гэж орсон. Түрүүлнэ чинээ бодоогүй.

Урлагийнхан оройдоо Янжинлхам бурхныг залсан байдаг нь санаандгүй хэрэг биш юм. Эгшигт бибагаа хөгжимдөөд сууж байгаа эгшиглэнт эхийн хишгийг хүртэнэ гэдэг  ямар үнэ цэнтэй байх уу. Ийм утга учиртай шагналыг хүртэж, Янжинлхамынхаа ивээлд багтчихаад зам мөр нь балархай байвал хувь тавилан өөрт нь гомдох байлгүй дээ. Миний орчлонг харах өнцөг, мөн чанар яруу найргийн наадамд түрүүллээ гээд өөрчлөгдөхгүй.

-Үг холбож, шүлэг тэрлэж эхэлсэн 25 жилийн өмнөх залуу хүүгийн дурсамж руу эргэн очъё?

-Анхныхаа шүлгийг шинэ мянган эхлэх үед Өвөрхангай аймгийн Хархорин суманд айлд сургуульд суухдаа эмээгийн бор хүүхэд элгэнд ойр хүмүүс, нутаг усаа санахдаа бичсэн байдаг. Ингэхдээ ах, эгч маань намайг зэмлэх болов уу гэж бодолхийлэн говийн хүүхэд болж “Буурал тэмээ” нэртэй шүлэг бичсэн. Хожим говийн хүнтэй ярьж суутал сэдэв ийш чиглэхэд “Буурал тэмээ гэж байдаггүй” юм гэж байлаа. Нутгаа санасан хүүгийн сэтгэл толгой мөр холбогдон анх гарч буй нь энэ. Үүнээс хойш би шүлэг бичих юм байна гэх ойлголт авахын сацуу мөрөн дээр нэг жижигхэн хүн суугаад юм шивнээд байгаа юм шиг мэдрэмж авч, үзэг гүйцэхгүй үе хүртэл байдаг байлаа. Бага ахуйд нөмөрсөн их юм орж ирээд тэр мөчид үелзлийг нь барьж авахгүй бол алдарчих юм шиг санагддаг байсан.

Харин одоо бүтээлээ бодож туурвидаг болсон. Цаасанд хайртай болж эхэлдэг юм байна. Бодол сэтгэлдээ ээзгий ширгээж байгаа мэт буцалгаж, тунгааснаа буулгадаг юм байна. Сэрт гээд ороод ирсэн нэг хоёр мөрийг дагаж шүлэг буух нь олонтой ч оюун санаандаа санаагаа боловсруулна гэдэг өөр асуудал. 

Төрийн шагналт Д.Ням ах дугуйлангийн хүүхдүүдэд “Шүлэг бичих, шүлэглэж бичнэ гэдэг хоёр өөр хэрэг” гэж байсан юм. Шүлгийн хэлбэр, толгой сүүл холболтыг зээлж бичнэ гэдэг шүлэглэл. Харин шүлэг бодол, бясалгалын гүнд оршдог. Б.Лхагвасүрэн гуай “Шүлэг буулгана гэдэг бодол ханах мөч юм” гэж хэлсэн байдаг шиг яруу найрагч бүр өөр өөрөөр тайлна.

Ингээд ахлах ангид ороод ангийнхаа хөвгүүдийн захиаг бичнэ. Захиагаа бичүүлсэн хүүхэд “Яруу найрагчдаа баярлалаа” гэж хэлнэ. Тэр үг нь надад урам болж “Би яруу найрагч юм байна” гэх итгэлийг зузаалж, энэ зам мөрөөр эргэлт буцалтгүй замнахад нөлөөлсөн гэж боддог. Ингэхээр дэлхий дэргэдээс эхэлдэг. Хүмүүс бие биедээ ямар гэрэл гэгээ өгөхөөс хамаарч цэцэглэж, гэрэлтэж амьдардаг гэж ойлгодог. Төдхөн тэр нэгэн яруу найргийн наадмаас их сургуулийн урилгаа хүртэж, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж багшийнхаа үүсгэн байгуулсан “Монголын нууц товчоо” уран зохиолын дээд сургууль оюутан болж, тал, говь, Их Алтайн хүүхдүүдийн шүлэг бүтээл минийхээс юугаараа өөр байна гэж танин мэдэхүйгээ өргөжүүлж явлаа. Түүнчлэн бага ахуйдаа шүлэг бүтээлийг нь шимтэн уншиж байсан зохиолчдын дүр барааг эрхэмсэг гадаад байдлаас эхэлж харан, уран зохиолыг шимтэн сонирхсон. Ингээд дугуйлангаас дугуйлан хэсэж, эрэл хайгуул хийж явсаар сургуулиа төгсөж, олон газар ажилласан. Зохиолчдын эвлэлд ажиллаж байхдаа уран зохиолын сайхан хүмүүстэй танилцсан. Ачаа хөсгөө тээсэн тэмээн жингийн цуваанд бол өөрийн нуруунд тохирох ачааг үүрсэн тором нь юм би. Тэр жингийн цувааны тэмээ бүр өөр өөрийн үүрэг, ачаатай. Одоо бол нэг гэр ачихаар хэмжээний болсон.  Түүнчлэн 2018 онд Үндэсний  радиод ажилд ороод өдий хүртэл ажиллаж байна.  Үндэсний  радиод ажилласан зохиолч, яруу найрагчдыг нэрлэхээс ажиллаагүйг нь нэрлэх аваас тоог нь хурдан гаргана гэдэг ч үг бий. Энэ бол уран бүтээлчдэд яг сайхан тохирсон газар гэж боддог.

2015 онд Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” уран зохиолын дугуйлан Хүүхдийн төв номын сан дээр дуугарч, баасан гараг бүр дараа үеийн дүү нарынхаа бодол санааг сонсож, үг ярьж, тэдний хүсэлтээр зохиолчидтой уулзалт товлож, сайн дурын үндсэн дээр хичээллүүлж, ковид хүртэл эрхлэгчээр нь ажилладаг байлаа. Дүү нар маань эхнээсээ “Болор цом”-д шүлгээ уншаад эхэлсэн байна.

-Та “Болор цом” өргөхдөө ээжийнхээ ачийг хариуллаа гэж байсан. Хамгийн их баярласан хүн таны ээж үү?

-Бусдад саад болохгүй гэсэн үүднээс бүдэгхэн гэрэлд шүлгээ бичиж, ном уншиж суудаг хүү байлаа. Бусдаар лааны гэрэлд суухаар онгод ордог юм биш. Тэр үед л ээж минь мөрөн дээр дээл нөмрүүлээд “Миний хүү эрт унтаарай” гэх үгний цаана хүүдээ итгэх хайр байсан. “Миний хүү бичгийн хүн болох юм байна. Ном дагасан хүн бурууддаггүй юм” гэсэн итгэл байсан болов уу. Хүн хүн дотроос хамгийн их баярлаж, магнай нь хагарч байгаа нь миний ээж байгаа. Ижий аавынхаа ачийг яахан хариулах билээ. Хариулсан хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Эмээгийн бор хүүхэд, ээжийн шүлэгч хүүхэд ижил олныхоо дунд жин тээж яваа ачаатай нэг л тэмээ нь юм. 

 -Та Булган уул нь сүндэрлэсэн арын сайхан хангай нутгийн хүн. Нутгийнхаа уул усанд сүсэглэдэггүй хүн гэж үгүй байх. Харин бүтээл туурвилдаа хэрхэн буулгаж байна?

-2022 онд анхны Зая гэгээн Лувсанпэрэнлэйгээс эхлээд аймгийнхаа нийт 380 гаруй  зохиолчдын түүвэр “Хан Тамирын ай” чуулбарыг эмхэтгэх үеэр нутгийн хойд хэсгээр зохиолчид их төрсөн байхыг анзаарсан.

Уул усаа түшдэггүй хүн гэж үгүй. Уул гэдэг сэтгэлийн том нөмөр байдаг. Цас, бороо орж байхад хэзээ ч дүрээ өөрчилдөггүй. Яаж амгалан оршихыг байгаагаараа чимээгүй үлгэрлэж, хэлж байдаг. Ижий, ааваас минь хойш үлдэх ганц эрдэнэ минь гэж Булган уулаа би хардаг. Булган уул маань хүрэн халзан морь унасан баруун гартаа илд, зүүн гартаа идээ барьсан эр савдагтай. Тиймээс эрчүүд нь баатар эрийн шинжтэй хүчтэнүүд төрдөг гэж бэлгэшээдэг. Эмс охид нь сайн явдаг гэж ярьдаг.

Тиймээс бид зэргэлдээ ертөнцтэй амьдарч байгаагаа ямагт ухаарах хэрэгтэй. Зүүд зүүдэлнэ гэдэг хий юмыг бодит болгон мэдэрч байна гэсэн үг. Уул усны эзэн савдгийг шашин шүтлэгтэй холбож болохгүй. Ямар нэгэн давчидсан гунигтай үед уул маань нүдэнд харагддаг. Харин би уул усандаа зориулж санаандаа хүртэл сайхан бүтээл туурвиж чадаагүй л байна гэж боддог.

Миний нутаг ус оршин тогтнож байгаа нь яруу найраг болж харагддаг. Миний эмээ, ээж, аав ч тэр. Энэ яруу найргийг яаж буулгах вэ л гэж бодогддог. “Чамдаа зориулж би ийм шүлэг бичсэн юм шүү дээ” гэж ханийнхаа сэтгэлд нь нийцтэл шүлэг хэлэх болоогүй байна гэж өөрийгөө голсоор л явна. Яруу найраг болж үзэгдээд байгаа тэр зүйлийг алдалгүй цаасан дээр яаж буулгах вэ гэдэг нэг ажил байдаг.

-Зохиолч хүн өөрийнхөө сэтгэлд хүртэл бүтээл туурвина гэж байдаг уу? 

-Байж магад. Төрийн шагналт зохиолч Д.Батбаярын отгон шавь нарын цөөнгүй нь миний нөхөд. Тэдэнтэйгээ багш нарынхаа тухай ярьж суухад Д.Батбаяр гуай гадаад дотоодын тийм зохиолчийн тэр зохиолыг уншаарай гэж хэлэхдээ “Миний Цахилж яваа гөрөөсийг уншаарай” гээд нэг хуруугаа дардаг гэж байгаа юм. Ингэхээр тийм байхыг үгүйсгэхгүй.

Хуучин шүлгүүдээ сөхөж харахад “Би ийм зүйл бодож, санаж явсан юм байна. Миний хаанаас төрсөн юм бол” гэмээр зүйлс байдаг. Өдөр бүхэн өөр өөрийн шүлэг бүтээлтэй яруу найрагчид ирж байдаг. Тиймээс өдөр бүрийг бүтээл туурвилын сайхантай угтахыг хичээж явдаг. Аль нь сайн бүтээл болохыг цаг хугацаа өөрөө шүүдэг.

-Хайр бол хүн төрөлхтний мөнхийн сэдэв. Та ч энэ сэдвээр сайхан бүтээл туурвиж “Цагаан уул” наадамд түрүүлж явсан удаатай?

-Хайранд ханасан хүн төрөлхтөн үгүй. Хайранд жаргаж, гүн цээл рүү живсэн хүн л гэж байдаг байх. Хайр үгүй бол энэ орчлон үгүй.

Хайрын шүлгийг нь сонсъё. Хайрын шүлгээсээ л яруу найрагч баригддаг юм даа гэдэг. Тэгэхээр хүн төрөлхтөнд хамгийн ойр нь хайрын сэдэв байх. Хүн өөрийнхөө сэтгэл зүрхээр дурладаг болохоос хүнийг дуурайж дурладаггүй. Өөрийнхөө сэтгэл зүрхний хүчээ яаж буцааж илэрхийлж байна гэдгийг анзаарах үүднээс хайрын сэдэвт шүлгийг нь сонсъё гэдэг юм болов уу. Өнөөдөр ч би хайрын шүлгээ бичсээр байна. Магадгүй хайрын тухай бичсэн цал буурал өвгөн болох байх. Хайр дурлал бол мөнхийн сэдэв. Хүнийг дандаа шинэтгэж байдаг зүйл. Гэхдээ яруу найрагчид байнга дурлаж, хайрлаж явдаг гэж буруу ойлгож болохгүй. Бид зөвхөн хайр дурлалын сэдвийг олон талаас нь төнхөж, ийм байж болох юм байна гэж гаргаж тавьдаг юм болов уу. Угтаа яруу найрагчид гоо сайхан, философи, урлалын тунг тааруулах, шинэ содон санааг дэвшүүлэх, сэтгэгч байх гэсэн олон агуулгатай.

Дурладаггүй хүн гэж юу байх вэ. Бусдын гоо сайхныг олж харснаа сэтгэл зүрхээрээ мэдэрч, гаргахдаа тэр хүний өөрийн тусгалыг олдог.

-Та нэг яриандаа “Би эх хэлний манаанд зогсож байгаа эгэл нэгэн цэрэг” гэж хэлсэн байсан? 

-Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн “Тухайн цаг хугацаа өөрийнхөө сайн, муухайг нэвсийтэл нь дагуулаад ирдэг” гэх үг бий. Ингэхээр аль ч цаг үед цойлсон суут гоц хүүхдүүд төрдөг байх нь. Орчин цагийн уран зохиолчдын Д.Нацагдорж, С.Буяннэмэхээс нааш бүдүүвчлэн тоймлож нэрлэхэд Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, А.Эрдэнэ-Очир, Л.Бавуудорж, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс байна. Энэ хүмүүс бол тодорхой цаг хугацааны алхмаар төрж, өөрийн цаг хугацаандаа шуурч орж ирээд шуурч гараад явсан нөхөд юм. Харин энэ суут хөвгүүнээс дараагийн суут хөвгүүн төрөх хүртэлх уран зохиолын галыг манаж, уран зохиолынхоо гал руу гишүүгээ түүж хийгээд өрдөөд сууж байдаг хүмүүсийн нэг нь би. Тэр гал бол хүн төрөлхтнийг дулаацуулдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 228 (7725)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.