Ч.БЯМБАХАЖИД

Хоёр өдрийн өмнө улсын хилээр хууль бусаар их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг ТЕГ-аас шуурхай илрүүлж, таслан зогсоожээ. Тодруулбал, иргэн С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг гэмт этгээдүүд нь мансууруулах бодисын хүчтэйд тооцогдох метамфетамин бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн хувиргаж үйлдсэн нь тогтоогдсон байна. Энэ нь Монгол Улсад “шингэн мөс” хэмээх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, таслан зогсоосон анхны тохиолдол аж. Сүүлийн жилүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав баглаа боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлж хууль бусаар хил нэвтрүүлэх, давуулах үйлдэл гарсаар байна. Ингэхдээ иргэдэд дайвар ачаа өгөх байдлаар өгч буй нь гэмт хэргийн хохирогчдын тоог нэмэгдүүлж байна. Мансууруулах бодисыг шингэн хэлбэрт шилжүүлж, хил дамнуулан худалдаалах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын хууль хяналтын байгууллагаас анхааруулж байгаа тул иргэд та бүхнийг бусдаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дайвар байдлаар авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: zms.mn