Ч.БЯМБАХАЖИД
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн буюу “StarLadder Budapest Major 2025” тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 24-нөөс хойш үндсэн хоёр шатны тойргийн тоглолтууд явагдаж, гуравдугаар шатанд өрсөлдөхөд шилдэг 16 баг ийнхүү бэлэн болоод байгаа билээ. Гуравдугаар шатны 16 баг таван тойргийн турш Швейцар форматаар тоглох бөгөөд гурван удаа хожсон найман баг энэ удаагийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарах юм. “The MongolZ” багийн хувьд гуравдугаар шатанд Бразилын “Imperial Esports” багийн эсрэг маргааш 20:00 цагт “Bo1” (нэг “map”-аар ялагчийг тодруулах) журмаар тоглох хуваарьтай байна. Гуравдугаар шатны хоёр дахь тойргийн тоглолтууд тухайн шөнөдөө мөн адил “Bo1” явагдах юм. Гуравдугаар шатны таван тойргийн тоглолтууд энэ долоо хоногийн ням гарагт болж дууссанаар Будапештын дэлхийн аваргын шөвгийн найман багийн нэр тодорно. “The MongolZ” баг Бразилын багтай 2024 оны аравдугаар сард thunderpick world championship-2024 тэмцээний хүрээнд учраа таарч 2:1 онооны харьцаатай хожиж байлаа.
Эх сурвалж: zms.mn