Ч.ОЛДОХ

“Амьдралын тойрог” айсуй наадмыг угтаж, болж өгвөл хөдөө нутагт хурдан морь унаж өссөн, одоо морь уяж байгаа, хүн бүрийн сэтгэлд хамгийн ойр, ямар нэгэн сайхан дурсамжийг хадгалж байдаг сумын наадмын тухай “өнгөт”-өөр нь ярих зочны эрэлд гарсан юм. Өнгөрсөн баасан гаригт тэрхүү эрлээ олж, зочноо ярилцлагад урилаа. Энэ эрхэм бол Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг юм.
П.ГАНХУЯГ ГЭЖ ХЭН БЭ?
Морь ярихаар нүд нь сэргэдэг энэ эрхэмтэй эхлээд төрж өссөн нутаг, ажил, амьдралын түүхийг нь жаахан хуучиллаа. Хөдөө амьтай, морь шүтээнтэй байхын утга, учир тэндээс эхтэй учир эхлээд П.Ганхуяг гэж хэн бэ гэдэг асуултад хариулт олохыг хичээсэн минь энэ.
П.Ганхуяг дарга Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, малчин удмын хүн юм. Энэ нутгаас Халхын Догшин ноён хутагт Данзанравжаагаас эхлээд олон эрдэмтэн, мэргэд төрж гарсан түүхтэй. Түүхийн ухааны чиглэлээр нэрд гарсан академич Цэрэн, геологийн уул уурхайн нэртэй эрдэмтдийн нэг Ишжамц нарыг уншигчид андахгүй байх. Энэ сайхан нутагт төрж, өсч бага, дунд сургуулиа дүүргэж Д.Нацагдоржийн шүлэглэсэнчлэн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөртөлж ирэх”-ээр холыг зорьж, тэрхүү эрдмийнхээ үр шимийг улс орондоо, мөн төрсөн нутагтаа зориулж яваагаараа П.Ганхуяг дарга ихээхэн бахархдаг юм билээ. 9-10 дугаар ангидаа Дорноговь аймгийн Сайншанд хотноо ирж суралцсан хөдөөний жаал сургуульдаа математикаар аваргалж, төгсөх жилээ улсад шалгарч байсан түүхтэй. Тэр үеийн “Тооны мангас”-ууд их төлөв олимпиадад аваргалаад Их сургуулийн математикийн ангид суралцах эрхийн бичгээр шагнуулдаг байсан жишгээр МУИС-ийн математикийн ангид элсэн суралцжээ. Уг нь аймгийн хэмжээнд 123 хүүхэд төгсөхөд эхний гуравт жагссан онц сурлагатан. Гадаадын сургуульд хуваарь авах боломж байсан ч “Ирж суралцаарай” гэж урьсан МУИС-ийг зорьжээ. Харин 1980 онд “Говь” комбинат ашиглалтад орж, Японы Засгийн газрын зардлаар мэргэжилтэн бэлтгэхээр оюутнуудаас шалгалт авахад тэнцэж, барууны оронд төгсч ирсэн анхны инженер юм. Ирээд 1985-1990 он хүртэл таван жил “Говь”-д ажиллажээ. Зах зээлийн үед улсын үйлдвэрүүд ч зогсч, тоног төхөөрөмж нийлүүлэх, яриа хэлэлцээ хийхэд хэл мэддэг хүн хэрэгтэй болоход түүнийг Япон дахь Монголын Элчин сайдын яаманд илгээжээ. Өөрөөр хэлбэл, П.Ганхуяг зах зээлийн хүнд үед Японоос их хэмжээний тусламж Монгол Улсад ирж байсны цаана донорын уулзалтуудыг гардан зохион байгуулж байсан нууц ноёнтон, сайн дипломатч юм. Гэвч тэнд ажиллаж байсан тухайгаа “Токиод дөрвөн жил болоход өглөө босоод аль нэгэн яамны үүдэнд сууж байдаг байлаа” хэмээн даруухан дурсдаг. П.Ганхуяг дарга 1994 онд Японоос эх орондоо ирээд Үйлдвэр, худалдааны яаманд зээл тусламж хариуцсан мэргэжилтэн, 1996-1998 онд Гадаад харилцааны яаманд тусламжийн газрын орлогч захирал, 1998 онд эргээд Токиод Элчингийн зөвлөхөөр ажилласан бол 2002 онд Монголдоо ирээд дахиад л Сангийн яаман дахь Зээл, тусламжийн газрын орлогч захирлаар ажиллаж 2004 оны сонгуультай золгосон байдаг. Тэр үеэс л Дорноговь аймгаа хөгжүүлэх, нутаг орондоо ардчилал, зах зээлийг мэдрүүлэх сэн гэх бодол төржээ. УИХ-д нэр дэвшсэн ч 44 хувийн санал авч, ялагдсан тул дараагийн сонгууль хүртэл хувийн хэвшилд зүтгээд үзэхээр шийджээ.Энэ хугацаанд Мобикомын толгой компани “Ньютель”-д ажиллахын зэрэгцээ “Изнис эрвэйз”-ийг санаачилж, хөл дээр нь босгожээ. Ингээд уншигчдын сайн мэдэх булхай луйвартай 2008 оны УИХ-ын сонгуульд даагаа нэхсэн ч мөн л 40 гаруй санал авч гараагүй аж. Харин орон нутгийн сонгуульд тус нутагт анх удаа Ардчилсан нам ялалт байгуулсанаар аймгийн Засаг даргаар ажиллах үүрэг ногдож, өдгөө төрийн алба хашиж байгаа. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтын 16-д бичигдсэн эрхэм гэдгийг сонгуулийн үеэр цацагдсан Ардчилсан намын сурталчилгаа, улс төрийн намуудаас 48, 28-д хэн, хэн хүч үзэж буйг мэдээлсэн хэвлэлийн мэдээнээс уншигч та мэдэж байгаа учраас олныг нурших илүүц биз. Ямар ч байсан улс орноо хөгжүүлэх хариуцлагатай албаны шат шатанд амжилттай ажиллаж ирсэн, цаашид ч итгэл даах ноён нуруутай гэдэг нь туулж ирсэн замналаас нь тодхон харагдаж байгаа ийм нэгэн эрхэмтэй хамгийн гол нь морь, наадам ярих л гол зорилго минь байлаа. Мөн наадам ойртсон учраас дугаарын зочиндоо нутаг усныхандаа хандаж наадмын мэндчилгээ дэвшүүлэх давуу эрхийг бид олголоо.
МОНГОЛЧУУД МОРИО УЯЖ, ХҮҮХДЭЭРЭЭ УНУУЛЖ, ХҮЛЭГ, ЭР ХҮН ХОЁРЫГ ХАТ СУУЛГАЖ ИРСЭН
Тэрээр зургаан хүүхэдтэй айлын хоёрдахь хүүхэд. Айлын ганц хүү. Тиймээс аав, ээж нь хүүдээ хань болгож хүү үрчилж авсанаар нэг ахтай. Түүний бага нас хурга, ишигтэй тоглож, хурдны морь унаж өсчээ. Хөнгөн биетэй байсан болохоор зургаан настайгаас 13 хүртлээ морь унажээ. Тэгэхдээ сумын наадамд нэг түрүүлсэн гэнэ. Аман хүзүүдэж, айрагдсан нь тоогоо алдсан аж. Анх их насны морь унан тасархай хол түрүүлж наадамчин олныг шагшуулжээ. Эзэн нь мотоцикльтойд дагаж, хаана нь мориныхоо амыг татаж, хаана сул тавихыг сануулж байсан ч морь гараанаас гарч байгаа юм шиг хуртайгаар барианд орж ирснийг тэрээр одоо ч мартдаггүй гэсэн. Моринд хүнддэх болсноос хойш морь хөтөлж, уядаг болжээ. Тэгж явахдаа нэг жил даага нь баян ходоод болж, унаж уралдсан дүү нь ичиж уйлсан хөөрхөн дурсамж бий гэнэ. Баян ходоод түрүүлсэн дааганаас илүү бай шагнал авна, дээр нь дараа жил түрүүлэхийн билэг дэмбэрэлтэй учраас сайхан гэж П.Ганхуяг гуай ярьж байна. Монгол ахуй, адуу малын хийморь дунд өссөн ч ажил, амьдралын мөр хөөж гадаад, дотоодод номын дуу сонсч, ажил алба хаших гээд өөрийн дуртай, хайртай зүйлүүдээс хөндийрөх нь хүний ёс. Ингээд хэсэг завсардсан ч нийслэлд суурьшсан эхний жилүүдээс адуу цуглуулсан бол нутагтаа ажиллах, амьдрах болсон нь нэг талаар тэр чиглэлд цаг, зав гаргах боломж олгосон гэнэ. Одоо бол наадам болоход морио шилж сонгоод уячихна. Гэхдээ П.Ганхуяг даргын моринд хандах хандлага, адууны соёлын тухай ойлголт бусдынхаас өөр юм. Үүнийг би зориуд онцолмоор санагдлаа. Тэрээр хурдан морь л бол нүдээ ухаж өгөх шахдаг, эсвэл мөнгөөр зодож авдаг хүн биш юм. “Морь уях, уралдуулах гэдэг түүнээс кайф авахын нэр, чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэх нэг хэлбэр. Түүнээс биш хурдан морь үнэлж аваад, наадамд хурдлуулахын тулд янз бүрийн тариа, эм бэлдмэл шахахын нэр биш. Морь уяж байгаа тэр үеийн эзэн хүний жаргал, эр хүн, хүлэг хоёрын од хийморь, дундуур нь хамаагүй сайхан давхиж ирээд барианд орж байгааг харах л сайхан” гэж түүн шиг хөдөө төрж өсөн, морь унаж ч, уралдуулж ч үзсэн монгол эр хүнээс гарах жудагтай үг байх. “Ер нь эр хүн, монгол морь хоёр барианд орж л байвал болдог. Тэгвэл сайхан давхиад ирлээ гэлцдэг. Монголчууд морио уяж, хүүхдээрээ унуулж, монгол морь, эр хүн хоёрыг тэгж хат суулгаж ирсэн юм шүү” хэмээн тэрээр ярьж байна.
АДУУГ МАХАНД БИШ СОНИРХСОН ХҮНД ӨГНӨ ГЭДЭГ БУЯНТАЙ АЖИЛ
Наадамчин олны сайн танил Дэлгэр хээрийн нутаг Дорнын говьд олон угшил бий. Нутгийн зүүн хэсгээр Банди адуу олон бол П.Ганхуяг дарга Засаг даргаар ажилласан сүүлийн хоёр жил улсын наадамд нутгийнх нь адуу түрүүлж баярлуулсан гэнэ. Монголчууд их насны морь улсад түрүүлүүлсэн хүн наадам авчихлаа гэж ам бардам хэлэх эрхтэй гэлцдэг. Тэгэхээр П.Ганхуяг дарга ийнхүү хоёр жил дараалан улсын наадам авчихсан юм
байна. Сүүлийн үед Дорноговийн адуу улс, бүсэд түрүүлэх болсоноор хаа холын морь сонирхогчид, нэртэй том уяачид очиж адуу авах сонирхолтой болсон. Хурдтай, удамтай сумынхан “Түмэн адууны баяр”, “Мянган адууны баяр” хийдэг болсон гэнэ. Тиймээс малчид, уяачиддаа “Өг өг, аливаа юм үнэ хүрч үнэлэгдэж байхдаа хамгийн их хамгаалалттай байдаг гэж хэлдэг болсон. Ер нь тэгээд маханд өгч байгаа биш сонирхсон хүнд өгнө гэдэг буянтай ажил. Магадгүй мөнгө, цаг заваа зориулах боломжгүй хүн тэр сайхан хурдлах адууг юу ч биш болгоно. Тиймээс моринд хорхойтой, уяж, хурдлуулахад сэтгэл, цаг заваа гаргадаг хүнд очвол хурдан буян улсын наадамд магнайлж, хурсан олон наадамчдыг баярлуулна” хэмээн тэрээр онцлон ярьж байна.
ГОВЬД БОЛДОГ ӨВӨРМӨЦ БАЯР БОЛ ТЭМЭЭНИЙ УРАЛДААН
П.Ганхуяг дарга нутагтаа ажиллах болсноор сүүлийн үед энэ чиглэлд ихээхэн анхаарч, уламжлалаа сэргээж байгаа аж. Говь нутгийн сүрлэг амьтан тэмээ сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч, хэн ч анхаарахгүй болсон. Жаахан тааруухнаар хэлбэл, тэмээ хамгийн үнэтэй байгаа газар нь хуушуурын гуанз олонтой болчихсонтой холбоотой бөгөөд эмгэнэлтэй. Өвс, тэжээл гэж сүйд болохгүй, мод бутхан мэрчихдэг, ус эрж ундаасч сандаргахгүй, газар тахалж бэлчээр сүйтгэхгүй, байгаль экологид ээлтэй өөхөн тавхайтай, зөөлөн гишгэгдэлтэй тэмээ маань машин унаад хуушуурын гуанз руу давхичихдаг болсон нь гамшиг. Тиймээс тэмээгээ хайрлая, үнэд оруулъя, нөгөө талаас говьд аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах үүднээс тэмээний томоохон баяр зохион байгуулах санаачилгыг тэрээр гаргасан байна. Мөн “Тэмээн поло” зохион байгуулдаг болжээ. Поло тоглодог тэмээ дэлхийд асар өндөр үнэ хүрдэг болсон цагт ингэж тэмээг өсгөхөд анхаарахын зэрэгцээ ботгоны тоогоор айл, өрхүүдийг урамшуулдаг болжээ. Нэг ботго бойжуулсаны урамшуулал таван мянган төгрөг гэхээр 10-20 ботготой айл овоо мөнгө авчих боломжтой. Бас нэг үнэт зүйл нь эрүүл мэндэд тустай ингэний хоормог юм. Үүнийгээ брэнд болгочихвол, малчдад мөнгө олох боломж энэ мэт бий. Ботго, торомныхоо ноосыг ялгаж, үнэ хүргэж чадвал дэлхийд өндөр үнэ хүрдэг. Энэ мэтээр говь нутгийн онцлогт тохирсон зүйлийг анхаарч чадвал хөгжил ойрхон байгааг П.Ганхуяг дарга тэмдэглэж байна.

ЭНЭ ЖИЛ ЗУРГААН НАС УЯЖЭЭ
Энэ жил хэдэн нас уяж байгааг асуувал П.Ганхуяг дарга “Болж өгвөл зургаан нас уячих санаатай. Манай уяачид уяж байгаа” гэв. Байгаль, цаг уурын хувьд бороо, хур элбэг, газрын гарц сайхан байгаа. Харин УИХ-ын сонгууль гээд өөрөө ажил ихтэй байсан учраас санааныхаа зоргоор гал руугаа очиж чадаагүй гэнэ. Харин сүүлийн үед улсын наадам хүртэл морь, малаа эргэж, наадамлах тийш хандаж нийслэлд түр ирээд байхад нь бид ийнхүү олж уулзсан бололтой. Тэрээр заавал улс, аймгийн том наадам гэхгүй, ойр хавийнхаа сумын наадмуудад морьдынхоо шандсыг сорих бодолтой байгаа гэнэ. Нутагтаа наадна гэж байна. Тэдний адуу их төлөв Банди, Будан угшлынх аж. Банди гэдэг нь Галсанбанди гэж говийн хурдан угшлын адууг анх гаргаж ирсэн, нэг ёсондоо бүтээсэн хүн нь. Тиймээс нутгийнхан түүний нэрээр нэрлэсэн нь тэр юм. Өнгөрсөн жил дорноговьчууд 80 жилийнхээ ойг тэмдэглэж, “Зүүн бүсийн их хурд” наадмыг нутагтаа зохион байгуулж 3-4 насны түрүүг авч байв. Мөн Өмнөговьд болсон “Говь-Шанхын хурд” наадамд дорноговьчууд азарга түрүүлүүлж өнгөтэй сайхан наадсан. Дорноговьчууд мөн сураар улсад өнгөлдөг. Сүүлийн үед олон улсад байт харвааны төрлөөр нэрээ гаргаж байгаа. Өөр нэг төрөл нь шагайн харвааг сайн хөгжүүлсөн нутагт зүй ёсоор ордог. Энэ жил наадмаа сайхан хийх гээд хүн болгон санаа тавьж байгаа, энэ ч ажлаараа П.Ганхуяг дарга хотод орж ирээд байгаа бололтой. Ярилцлагын дундуур утас нь дуугарч, их төлөв наадмын талаар асууж, мөн хийх ажлын чиглэлээр тодруулж байгаа нь анзаарагдаж байв.
СУМЫН НААДАМД ЯМАР Ч ТАЙЛБАР ХЭРЭГГҮЙ
“Сайн явбал улсын наадам үзнэ” гэж настайчууд хэлдэг. Наадамчин олон бүгдээрээ л гоё болдог. Гэтэл хүн болгоны сэтгэлд ойр байж сонин сайхан дурсамж хөглөж, дуу, шүлэг, зохиол бүтээлд мөнхөрч үлдсэн сумын наадам юугаараа гоё, юугаараа сэтгэл татам байдгийг хөдөөгийн сумын хүүхэд л мэднэ, ёстой өнгөтөөр нь хэлж чадна даа гэж зочныхоо сэтгэлийг хөгжөөж, тэрхүү торгон агшны тухай сэтгэгдлийг нь хуваалцахаар өрдвөл П.Ганхуяг даргын нүд сэргээд ирж байна. “Мэдээж, улсын наадам олныг үзлээ, аймгийнхаа наадмыг зохион байгуулж байна, тэр болгоноос сумын наадам л хамгийн гоё байдаг юм шүү дээ. Яагаад гэвэл, наадамчид бүгдээрээ таньдаг хүмүүс. Хэнийх нь морь түрүүлээд баяртай байна, хэний айраг хамгийн сайхан исч вэ, хэн сайхан морь унаж ирсэн байна, хэн ямар дээлээр гангарч вэ гээд бүгд алган дээр байгаа юм шиг харагдаж байдаг. Нэг морь түрүүлэхэд тэднийхний морь байна гээд очоод баяр хүргэдэг. Ер нь тэгээд тэр дэнж дээр цугласан олон нийтээрээ нэг уур амьсгалд байдаг. Тийм учраас “Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос Суран жолоо атгасан өнгийн цэцэгс ургаа юу” гэж шүлэг төрсөн байх. Тэр өнгө тэнд л харагдаж байдаг. Жижигхэн юм шиг атлаа маш гоё, бөхөө бүгдийг нь, бараг хэн нь түрүүлэхийг андахгүй, уралдаж байгаа морьдоо таньдаг, хэний хүүхэд унасаныг нь ч мэддэг. Улсын наадамд бол тайлбаргүй л бол морь давхиж байна даа гэж хараад л байдаг. Хэний морь, ямар угшилтайг мэдэхгүй. Зүгээр л морь хараад давхиад байдаг шүү дээ. Сумын наадам дээр тэдний бор, эдний хээр, Баяраагийн, Доржийн унаган адуу, тийм угшилтай гээд бүгд мэддэг учраас огшсон хүмүүс байдаг шүү дээ. Ямар ч тайлбар хэрэггүй” хэмээн сумын наадмыг тодорхойлж байна.
ДОРНОГОВЬ МОРИН ТОЙРУУЛГА БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ НУТАГ
Дорнын говь адуу, тэмээ болон тэдгээрээс гарах түүхий эд,түүнд түшиглэсэн аялал жуулчлалаас гадна алт, зэс, нүүрс зэрэг байгалийн баялаг ихтэй. Тиймээс олон тулгуурт эдийн засаг, түүнд түшиглэсэн хөгжлийг бий болгох чухал гэж П.Ганхуяг дарга үздэг юм байна. Энэ бүхнийг тооцож орон нутгийнхаа хөгжлийн төлөвлөгөөг олон жилээр гаргажээ. Төмөр замын асуудал нэг мөр болсоноор үйлдвэрлэлийн асуудал шийдэгдэнэ. Түүний угтвар болгож, МСҮТ-д мэргэжилтэй ажилчид бэлтгэж эхэлсэн. Цаашилбал, том үйлдвэрийг дагаад хот тохижилт, төлөвлөлт зайлшгүй чухал учраас “Эко таун”-ы зураг төсөл гаргаж, аэродромын төлөвлөгөө зохиосон гээд хөгжлийн сайхан дүр зураг говь нутагт гарсан аж. Тэгвэл одоо түүнийг хийх л үлджээ. Энэ мэтээр олон сэдвээр ярилцсан ч бидний яриа жаахан явж байгаад морь руу орчихоод байлаа. Эцэст нь тэмдэглэхэд, өвлийн хэдхэн хоногийг эс тооцвол жилийн дөрвөн улиралд дулаан уур амьсгал зонхилдог Дорноговь аймагт морин тойруулга , жүчээг жинхэнэ утгаар нь байгуулбал аялал жуулчлал хөгжих бас нэг давуу тал болно. Энэ талаар бодож, төлөвлөж яваа зүйл П.Ганхуяг даргад олон бий гэсэн. Энэ сэдвээр түүнтэй дараа ярилцахаар тохиролцож түр хойш тавилаа. “Амьдралын тойрог”-ийн зочин ч бас наадам дөхсөн, хөөцөлдөх ажил ихтэй хэмээн биднээс чөлөө хүссэнээр энэ хүрээд ярилцлагаа өндөрүүллээ.