Хойд Жоолла мужийн Ванжу дахь ложистикийн компанид нэг доллар хүрэхгүй үнэтэй хөнгөн зууш идсэн хэргээр шүүхэд дуудагдсан хамгаалалтын ажилтныг давж заалдах шатны шүүхээс цагаатгаж, түүний ажил, амьжиргаанд заналхийлсэн ялыг хүчингүй болгоcон талаар Koreaherald.com өчигдөр /2025.11.27/-нд мэдээлжээ.

Пүрэв гарагт Жонжү дүүргийн шүүх 41 настай хамгаалагчийг хулгайн хэргээр 50,000 воны торгууль ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг гэм буруугүй гэж үзсэн байна.

“Хөргөгчинд хадгалсан хөнгөн зууш идэж болно гэж хэлсэн тул шүүгдэгчийг хулгай хийх зорилготой байсан гэж үзэх боломжгүй” гэсэн өмгөөлөгчийн үндэслэлийг шүүх бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгчийг 2024 оны нэгдүгээр сарын 18-нд компанийн хөргөгчнөөс 450 воны үнэтэй Choco Pie, 600 воны үнэ бүхий цөцгийтэй талх авч нийт 1050 вон буюу 0.74 ам.долларын хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татжээ.

Ажил олгогч нь хамгаалалтын ажилтны энэ үйлдлийг хулгайн гэмт хэрэг гэж үзэж цагдаад мэдүүлж, анхан шатны шүүхээс хамгаалалтын ажилтал торгууль төлөх ял оноожээ.

Түүний өмгөөлөгч нь  ажилчид ажил дээрээ байнга хөнгөн зууш иддэг болохыг нотолж, шүүгдэгч гэмт хэргийн санаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэлийг "хэт хатуу" гэж нэрлэсэн байна.

Өмнөд Солонгосын Аюулгүй байдлын албаны тухай хуулийн дагуу хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол хамгаалалтын албаны ажилтныг тухайн салбартаа үргэлжлүүлэн ажиллахыг хориглодог байна.

Иргэний нийгмийн төлөөллүүд уг хэргийг туслан гүйцэтгэгч ажилчдад зүй бусаар хандаж, шийтгэж байгаагийн нэг жишээ хэмээн буруушааж, ажилчдыг ажлын байранд түгээмэл хэрэглэдэг, мянган воны үнэтэй хөнгөн зуушнаас болж гэмт хэрэгтэн гэж нэрлэж байгааг буруутгасан байна.