Цус сэлбүүлж, хориотой эмчилээ хийлгэсэн ч аутоиммун өвчнөөс өөрийгөө аварч чадсангүй
Америкийн технологийн бизнес эрхлэгч, биохакингийн хамгийн танигдсан төлөөлөгчдийн нэг Брайан Жонсон олон жилийн турш хөгшрөлтийг удаашруулж, хүний насыг уртасгах туршилтуудаараа дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Гэвч эрүүл мэнддээ жил бүр хэдэн сая ам.доллар зарцуулдаг тэрбээр саяхан өөрийгөө эдгэшгүй аутоиммун өвчинтэй болсноо зарласан талаар lenta.ru-гийн нийтлэлд тэмдэглэжээ. Тэрээр өөрийн X хуудсандаа "Миний ходоод өөрөө өөрийгөө идэж байна" хэмээн бичиж, өөрт нь аутоиммун атрофик гастрит оношлогдсоныг мэдээлсэн гэдгийг тус хэвлэлийн нийтлэлд дурдсан байна.
Дархлааны тогтолцоо өөрийн эрхтнээ устгаж эхэлжээ
Аутоиммун атрофик гастрит нь дархлааны тогтолцоо ходоодны салст бүрхүүлийн эсүүдийг гаднын дайсан мэт хүлээн авч устгадаг архаг өвчин юм. Үүний улмаас төмөр болон В12 аминдэмийн шимэгдэлт эрс буурч, цус багадалт үүсэхээс гадна удаан хугацаанд ходоодны хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Энэ өвчин ихэвчлэн ямар нэгэн тодорхой шинж тэмдэггүй олон жил үргэлжилдэг бөгөөд оношлогдох үед ходоодны салст аль хэдийнээ ноцтой гэмтсэн байдаг.

Өвчний эхлэл нь бамбай булчирхайтай холбоотой байжээ
Жонсон 21 настайдаа бамбай булчирхайн дааврын дутагдал (гипотиреоз) оношлогдож байжээ. Хожим нь аутоиммун үйл явц улам даамжирч, ходоодны салстыг гэмтээж эхэлсэн ч энгийн шинжилгээнүүдээр илрээгүй байна. Түүний цусан дахь төмрийн нөөцийг илэрхийлдэг ферритины хэмжээ олон жилийн турш маш бага хэвээр байжээ. Эхэндээ ургамлын гаралтай хооллолтоос шалтгаалан төмөр муу шимэгдэж байна гэж үзсэн ч үнэн хэрэгтээ шалтгаан нь аутоиммун гастрит байсан аж.
Жонсон энэ талаар "Багадаа чихэрлэг өглөөний хоол, хийжүүлсэн ундаа, түргэн хоол их хэрэглэдэг байсан. Харин хүүхдүүдтэй болж, бизнесийн асар их ачаалал, стрессийн дараа жин нэмэгдэж, архаг сэтгэл гутралд орсон. Магадгүй тэр үед аутоиммун үйл явц эхэлж, эхлээд бамбай булчирхай, дараа нь ходоодыг минь гэмтээсэн байх" хэмээн тайлбарлажээ.
Эцэст нь шалтгааныг биопси тогтоов
Энэ оны эхээр Жонсон эмч нарынхаа багийг шинэчилж, иж бүрэн шинжилгээ хийлгэсэн байна. Колоноскопийн шинжилгээгээр хавдар, полип илрээгүй ч ходоодноос таван сорьц авч шинжилсний дараа аутоиммун атрофик гастрит болох нь батлагджээ. Ингэснээр түүнд хоорондоо холбоотой гурван эмгэг зэрэгцэн илэрсэн байна. Үүнд:
-Бамбай булчирхайн аутоиммун өвчин,
-Аутоиммун атрофик гастрит,
-Архаг төмрийн дутагдал.
Төмрийн дутагдлыг судсаар төмрийн бэлдмэл хийснээр нөхөж чадсан ч аутоиммун гастритыг бүрэн эмчлэх боломж өнөөгийн анагаах ухаанд байхгүй юм. Гэсэн ч Жонсон үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, эсийн эмчилгээ зэрэг туршилтын шинэ аргуудыг ашиглахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Үхэшгүй мөнхийн төлөөх хамгийн үнэтэй туршилтууд
Жонсон нь төлбөрийн систем хөгжүүлэгч Braintree компанийг байгуулж, улмаар бизнесээ зарсны дараа асар их хөрөнгө хуримтлуулсан. Түүнээс хойш тэр бүх хөрөнгийнхөө ихээхэн хэсгийг хөгшрөлтийн эсрэг судалгаанд зориулжээ. Түүний гэр өнөөдөр бараг эмнэлгийн лаборатори болон хувирсан бөгөөд 30 орчим эмч, мэргэжилтэн эрүүл мэндийг нь өдөр бүр хянадаг.
Жонсон өмнө нь АНУ-д зөвшөөрөгдөөгүй генийн эмчилгээ хийлгэх, 17 настай хүүгийнхээ цусыг өөртөө сэлбүүлэх, Залуу донороос авсан өөхөн эдийг нүүрэндээ тарих, Бэлгийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор цохилтот долгионы эмчилгээ хийх зэрэг олон туршилт хийлгэж байжээ. Тэрээр нэгэн удаа нүүрний залуужуулах туршилтын дараа хүчтэй харшлын урвал өгч, нүүр нь хэт хавдан бараг харах боломжгүй болсон тухайгаа ч нээлттэй ярьж байсан.

"120 нас бол хүний хязгаар биш"
Жонсон хүний амьдралын дээд хязгаарыг эвдэх боломжтой гэж үздэг. Түүний бодлоор хиймэл оюун ухаан эрдэм шинжилгээний ажлыг хурдасгаж, ойрын арван жилүүдэд хөгшрөлтийн эсрэг шинжлэх ухаанд томоохон дэвшил авчирна. Тэр байтугай ирээдүйд хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантай нэгдэн хөгжиж, бие махбодын үхлийг даван туулах ёстой гэсэн үзэл баримтлалтай болжээ.
Энэ үзэлдээ тулгуурлан "шинжлэх ухаанд суурилсан мөнхийн амьдрал"-ыг сурталчлах өөрийн шашныг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд анхны сүмээ АНУ-ын Лос-Анжелес хотод байгуулахаар ажиллаж байгаа тухайгаа мэдэгдсэн байна.
Шинжлэх ухааны чухал сургамж
Жонсоны түүх нэг зүйлийг тодорхой харуулж байна. Эрүүл амьдралын хэв маяг, хамгийн дэвшилтэт технологи, олон сая ам.долларын эмчилгээ ч аутоиммун өвчнөөс бүрэн хамгаалж чаддаггүй. Харин эрт илрүүлэлт, тогтмол хяналт, зөв эмчилгээ нь өвчний хүндрэлээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэвээр байна.
Эх сурвалж: zms.mn