Т.СУМЪЯАДАШ

 

Хүүхэд нас гэдэг хүмүүний амьдралын хамгийн нандин, аз жаргалтай үе байдаг. Харин Попын хаан хэмээгдэх Michael Jackson-ы хувьд хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бол. 1958 оны наймдугаар сарын 29-нд Индиана мужийн Гэри хотод, ажилчин ангийн арван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн найм дахь хүү болон мэндэлсэн түүний баримтат кино өргөн дэлгэцээр үзэгч түмний хүртээл болж байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Миний хүүхэд нас” буландаа дуу хөгжимд дуртай хэн бүхний зүрх сэтгэлд мөнх орших түүний тухай өгүүлэх болно.

 

Тайзны “од” бяцхан хүү

"The Jackson 5" хамтлагийн гоцлол дуучнаар бэлтгэгдэх таван настай Майкл. Бусад хүүхдүүд гадаа тоглож байхад ах дүү Жексоныхон өдөрт таваас зургаан цаг тасралтгүй бэлтгэл хийдэг байв. Аав нь хөвгүүдийнхээ хэн нэгэн нь нот алдах эсвэл бүжгийн хөдөлгөөн буруу хийвэл шууд л хатуу шийтгэнэ. Майкл хожим "Би аавыгаа харахаас ч айдаг байсан, заримдаа айснаасаа болоод бөөлждөг байв" гэж дурссан байдаг. Эцэг Жо нь харгис хэрцгий ханддаг байсан бол Майкл өөрийн ээж Кэтрин Жексонтой туйлын элэгсэг, бие биеэ хамгаалсан нандин холбоотой байжээ гэнэ. Жогийн хамгийн ширүүн уур хилэнгээс хүүхдүүдээ хамгаалж, гэрт нь шашны болон сүнслэг хүмүүжлийг суулгаж өгсөн хүн бол ээж нь юм.

Түүнд хүүхэд насны тоглоом, найз нөхөд гэж байсангүй. Түүний тоглоомын талбай нь шөнийн клуб, тоглолтын тайз байв. Найман настай бяцхан хүү насанд хүрэгчдийн шөнийн амьдрал, шоу бизнесийн хатуу ширүүн өрсөлдөөнийг нүдээрээ үзэж, хэрсүүжнэ. Энэ их  ганцаардлын дунд тэрээр амьтдаас хань хайна.

Нэгэн удаа ээж нь түүнийг рестораны ширээн дээрх хоолны үйрмэгийг цамцныхаа энгэрийн халаас руу нууцаар хийж байхыг нь анзаарчээ. Ойртоод хартал халааснаас нь тэжээвэр харх толгойгоо цухуйлгаж байв. Цаашлаад, гэр бүлийнхээ оройн хоолны үеэр цагаан хулгануудыг халаасандаа байнга нууж ордог байжээ.

1969 онд "Motown" дуу бичлэгийн студийг үндэслэгч Берри Горди анх "Jackson 5" хамтлагтай гэрээ байгуулахдаа 11 настай Майклыг хараад уулга алдав. Горди хэлэхдээ Майклыг яг л амьдралыг туулаад үзчихсэн насанд хүрсэн хүнийх шиг сэтгэл хөдлөлийн гүн чанар, өвдөлтийг гаргаж, “ер бусын мэдрэмжтэй”, ухаарч дуулж байсан хэмээн онцолсон байдаг. Ийнхүү илүү залуу, гоц авьяастай хүүхэд байх нь маркетингийн маш том зэвсэг болно гэж үзсэн тул түүнийг 11 настай гэхийн оронд найман настай гэж зарласан юм.

Түүний дуулах ур чадвар, сэтгэл хөдлөлийн гүн илэрхийлэл, тайзны соёл зэрэг нь дэндүү хэрсүү, төлөвшсөн байсан тул олон нийт хүүхэд  гэдэгт итгэхэд бэрх. Тиймдээ ч хөгжмийн салбарт "Майкл бол хүүхэд биш, харин хүүхдийн дүр эсгэхэд хүчлэгдсэн, зүсээ хувиргасан 40 настай одой хүн" гэсэн цуу яриа хүртэл гарч байжээ.

 

Инээмсэглэлийн цаадах ганцаардал

Ийнхүү 1972 оны "Ben" хэмээх баллад дуугаараа "Billboard Hot 100" чартыг анх удаа тэргүүлж, соло карьерынхаа амжилтын гүүрийг тавьжээ. Энэ дууг олон сонсогчид бага насны найздаа зориулсан уянгалаг хайрын дуу гэж андуурч байсан бол үнэн хэрэгтээ нэгэн хүү болон түүний алуурчин тэжээвэр хархны тухай өгүүлдэг аймшгийн киноны сэдэвчилсэн дуу байжээ.

Өсвөр насанд хүрэх үедээ Майкл хоолой нь бүдүүрч эхэлснээс болж сэтгэл зүйн хямралд ороход хүрэв. "Jackson 5" хамтлагийнхаа эхэн үеийн бичлэгүүдийг эргүүлэн сонсохдоо тэрээр маш их ичдэг байснаа хүлээн зөвшөөрч, бага байх үеийн дуулж буй хоолой нь яг л "Минни Маус" шиг сонсогддог байсан хэмээн хэлж байжээ. Мөн түүний бага насны хамгийн дуртай дүр нь Пиноккио байсан гэнэ. 

Гэвч эцэг нь түүнийг өсвөр насанд нь "том хамартай" гэж гоочилдог байсан нь Майклыг өөртөө итгэлгүй болоход хүргэж, хожим нь гадаад төрхдөө олон тооны өөрчлөлт хийх сэтгэл зүйн суурь болсон аж.

Майкл Жэксоны хүүхэд нас бол дуу хөгжмийн агуу авьяасыг нь нээж, ирээдүйн "Попын хаан"-ыг бүтээсэн цаг хугацаа байсан ч нөгөө талдаа түүний насан туршийн ганцаардал, сэтгэл зүйн шархны эхлэл болсон түүхтэй. Тэрээр насанд хүрсэн хойноо ч хүүхэд шиг гэнэн цайлган зангаа гээгээгүй бөгөөд өөрийн амьдарч байсан "Neverland" эдлэн газраа хүүхдийн тоглоомын хүрээлэн шиг тохижуулсан нь түүний дутуу үлдсэн хүүхэд насаа нөхөх гэсэн тэмүүлэл байсан гэж олон судлаачид тайлбарладаг.

Түүний энэ л амьдралын түүхийг өгүүлэх “MICHAEL” кино нь 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны ХБНГУ-ын Берлин хотын “ Uber Eats Music Hall ”-д анхлан нээлтээ хийж, улаан хивсний ёслолоо зохион байгуулсан юм.

Уг кинонд Майкл Жэксоны дүрийг түүний төрсөн ах Жэрмэйн Жэксоны хүү буюу Майклын үеэл Жаафар Жэксон (Jaafar Jackson) гайхалтай адилхан бүтээсэн бөгөөд дэлхий даяар асар их ашиг орлого олж, box office-ын дээд амжилтуудыг эвдээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 109 (7851)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn