П.АМГАЛАН
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Art fish" уран зургийн дугуйлангийн багш Ц.Жавзандулам болон авьяаслаг сурагчдыг онцолж байна.
-Танай дугуйлан хүүхдүүдийн зураг зурах ур чадварыг хөгжүүлэхийн тулд ямар арга барилаар хичээлээ заадаг вэ?
-Багш хүний хувьд хүүхдийн онцлогийг нь маш сайн мэдэрч ихэвчлэн өгөгдөл дээр суурилсан даалгаврууд өгдөг. Хүүхэд өөрийн сэтгэн бодох чадвараа ашиглан багшийн өгсөн санаа, өгөгдлийг улам баяжуулж, бүтээлч сэтгэлгээгээ сайжруулах нь чухал.
-Урлаг тэр тусмаа дүрслэх урлагтай хүүхдийг багаас ойр байлгаснаар ямар ач холбогдолтой вэ?
-Дүрслэх урлагаар хичээллэсэн хүүхэд гоо зүйн мэдрэмж нь маш сайн хөгждөг. Гоо зүйн мэдрэмж өндөр хүн цаашлаад хүнтэй харилцах харилцаан дээр хүртэл эерэг байна. Мөн хүүхдийн зөв хандлага төлөвшил, бүтээлч байх, сэтгэн бодох чадварт шууд эергээр нөлөөлдөг.
-Хүүхдийн зурсан зургаас нь тухайн үеийн сэтгэл зүй, мэдрэмж нь харагддаг гэдэг?
-Дүрслэх урлагийн багш нар ихэвчлэн сэтгэл зүйч байдаг гэж боддог. Энэ нь тухайн хүүхдийн зурсан зургаас хүүхдийн сэтгэл зүйг оношилж мэдэж болдогтой холбоотой. Зарим хүүхэд анхаарал хайр халамж дутсан үедээ зургаар илэрхийлдэг бол зарим нь хайр дүүрэн гэр бүлээ ч мөн зургаар илэрхийлдэг. Хүүхэд бол гэр бүлийн толь гэдгийг тэдний зурсан зургаас харж болдог.
-Хүүхдүүд ихэвчлэн ямар сэдвийн хүрээнд зураг зурах дуртай байдаг вэ?
-Хүүхдүүд ихэвчлэн аз жаргалтай гэр бүлээ дүрсэлдэг. Мөн үзэх дуртай үлгэрийн дүр баатруудаа зурна. Тэдний бяцхан тархи яг л толины тусгал мэт ажилладаг гэдгийг бид бүтээлээс нь харж болно.
Эцэг эхчүүд хүүхдээ бага насанд нь дүрслэн зурж байгааг анзаардаг боловч том болох тусам анзаарахгүй орхигдуулдаг. Тиймээс хүүхдийнхээ зураг зурах авьяасыг анзаарсан бол илүү хөгжүүлэхэд анхаараарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 226 (7723)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.
Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.