Ц.Чимэддондог 

Цюрих хотын нэгэн өглөө. Намрын сэрүүн салхи Ритбергийн музей хүрэх жимээр намуухан исгэрч, газраар нэвсийтэл унасан улаан, шаргал навчис хөл дор хөгжим мэт шаржигнана.
Бийрийн үзүүрээр дурайтал татсан уран зураг мэт өнгө өнгөөр тодорсон хотын өглөөний гэрэл Рийтбергийн музейн харшын цонхоор зөөлөн нэвтэлж чулуун хананы цайвар өнгөтэй сүлэлдэн сарнина.
Эртний барокко хэв маяг бүхий цэцэрлэгийн мод бутны сиймхийгээр наран авхай мишээн тусах нь эх түүхийн буурал түүхээ дэлгэн үзүүлэхээр алс дорноос зорин ирсэн Монголчуудад нэн дотно агаад таатай.    
Олон талт соёл иргэншлийн дурсгалыг хэдэн зуун жил хадгалсаар ирсэн музейн харш өнөөдөр онцгой нэгэн түүхийг хүлээж буй мэт манан дундаас намуухан тодрох нь ирж буй үйл явдлын талаар ямар нэгэн дохио өгч байгаа мэт санагдаж байлаа. 
Музейн хашаанд хүмүүс аажмаар цуглан, орон орны үг өгүүлбэр холилдоно. 
Учир нь өнөөдөр энд Швейцарт анх удаа Монголын тухай содон түүх, археологи, соёлын цогц үзэсгэлэн нээгдэх гэж буй. Энэ өдөр музей зөвхөн үзмэрээр дүүрэх бус, харин цаг хугацааг туучиж, олон зуун жилийн хэсэг бусаг түүхийг нэгтгэн сануулах орон зай болж хувирна.
Танхимын онгорхой үүдээр морин хуурын намуухан аялгуу урсан гарч ирэхэд гадаа байсан хүмүүс яаравчлан дотогш орцгоосон ч суудлууд нэгэнт дүүрчээ.
Ийнхүү нээлтийн уур амьсгал аль хэдийн бүрдмэгц музейн захирал Аннетт Бхагвати индэр рүү гарав. “Бид Монголын түүхийг хэт урт хугацаанд ганцхан өнцгөөс харж ирсэн. Энэ үзэсгэлэн тийм ойлголтыг эвдэх гэж оролдож байна” гэхэд танхимд суусан олон хүн толгой гилжийлгэн сонсов.

Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Ритберг музейн ахлах куратор Alix von Przychowski, музейн дэд захирал Johannes Beltz, үзэсгэлэнгийн зохицуулагч Х.Ариунчимэг нар үзэсгэлэнгийн нээлтийн үеэр


Европ дахь Монголын төсөөлөл голдуу нүүдэл, морьтон, заримдаа Чингис хааны дүрээр хэт хялбаршуулж ирсэн нь үнэн. Энэ хэт энгийн төсөөлөл дэлхий дахинд оюун санаа, соёл, хотжилт, эдийн засгийн хувьд нөлөө үзүүлсэн Монголчуудын жинхэнэ түүхийн олон баримтыг хойш тавихад хүргэсээр ирсэн нь олон улсын судалгаанд ч гүнзгий шингэсэн байдаг. Аннетт Бхагвати ч үүнийг шулуухан хэлэв. “Монгол бол зөвхөн морь унасан нүүдэлчид биш. Энэ бол хот сууринтай, худалдааны замын төв байсан, эдийн засгийн болон оюуны солилцооны зангилаа байсан улс” гэж ойлгох цаг ирсэн гэдгийг тэр онцлон тэмдэглэв.
Гэвч нээлтийн хамгийн хүчтэй мөч бол Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулууны “мессеж” байлаа. Түүнийг сонсоход зүгээр нэг эрдэмтэн судлаач биш, харин олон зуун жил дарагдсан түүхийн жимээ сэргээн хүүрнэж буй мэт сонсогдов. Тэр “Бид өөрсдийн түүхээ бусдын бичсэнээр зөвшөөрч ирсэн. Зарим үед өөрсдөө өөрийн түүхээ ярихыг хориглодог байсан үе ч бий” гэж эхлэхэд танхим тэр чигтээ нам гүм болов. Зарим хүний нүүрэн дээр гайхширсан өнгө тодорч, зарим нь толгой сэгсэрч суух...
Тэр цааш нь “Түүний Евразийн уудам нутагт явуулсан их аян дайныг алан хядлага, байлдан түрэмгийлэл хэмээн нэрлэхээс дэлхий дахинд энх тайвныг тогтоогч, өнөөгийн ертөнцийг үндэслэгч, өрнө дорнын их солилцоог буй болгогч гэж харах боломж байхгүй байв” гэж тод томруунаар хэлэхэд зарим үзэгч сандлаасаа өндийн, гартаа барьсан тэмдэглэлийн дэвтрээ нээж эхлэв.
Тэр нүүдэлчдийн соёлын мөн чанарыг тайлбарлахдаа, нүүдэл бол хоцрогдол биш. Харин байгалийг унших оюун ухааны зохицол, байгальтай харилцах хамгийн дасан зохицсон хэлбэр. Энэ нь Евразийн тал нутгийн ухаан, стратеги юм. Нүүдлийн соёл бол зөвхөн монголчуудын өв биш. Энэ бол хүн төрөлхтний нийтлэг оюуны өв гэсэн өгүүлбэр танхимд нэлээд хүчтэй санагдсан. Ялангуяа цааш нь “Бид энэ өвийг зөвхөн хадгалж бус, дахин тайлбарлаж дэлхийд түгээх үүрэгтэй” гэхэд олон хүн толгой дохиж харагдсан.
Цэцэрлэг рүү гарч ирэхэд хүмүүсийн дуу хоолой нэг л өөр болжээ. Нэгэн Швейцар хос “Энэ үзэсгэлэн Монголын тухай ойлголтыг минь үндсээр нь өөрчиллөө. Бид Чингис хааныг зөвхөн нэг дүрээр төсөөлж ирсэн юм байна” гэж ярилцаж байх нь чих дэлсэв. Залуу оюутнуудын нэг нь “Би Монгол руу аялмаар санагдлаа. Энэ улс ер нь яагаад түүхийн номонд ингэж хангалтгүй ордог юм бол?” гэж нөгөөдөө хэлэхэд түүний багш “Учир нь бид өөрсдөө хангалттай судлаагүй. Харин энэ үзэсгэлэн түүнийг өөрчилнө” гэв.

Улаанбаатараас эхэлсэн аялал

“Монгол орон: Цаг хугацааны аялал” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийсэн намрын шаргал өдрийн тэрхүү өглөөнөөс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ. 
Өнөөдрийн байдлаар үзэсгэлэнг долоо хоногт 2000 орчим хүн дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирж сонирхож байна. Энд цаг хугацааны машинаар аялах мэт нүүдэлчдийн амьдрал, хотжилтын түүхийг хамтад нь түүхийн өмнөх хэсэг бүр рүү ухрааж харуулдаг. Тиймээс үзэсгэлэнгийн гол хаалгаар хөл тавимагц орчин үеийн Улаанбаатар хотыг нүүдлийн соёл иргэншилтэй зэрэгцүүлэн толилуулна.
Танхимд ороход л дугуй заалны төвд нүүдэлчдийн хэдэн мянган жил эрхэмлэж ирсэн монгол гэр бариастай бий. Энд сонирхолтой олон үзмэрийг виртуал хэлбэрээс эхлээд модель, зураг, дүрс бичлэгээр дэглэн үзүүлсэн нь нүүдэлчдийн дүрийг зөвхөн улирлын чанартай нүүдлээр төсөөлдөг уламжлалт ойлголтыг өөрчилж эхлэх мэт. 
Нүүдэлчдийг хүмүүс ихэвчлэн малаа дагаж, гэрээ бариад нүүдэллэдэг амьдралын хэв маягаар төсөөлдөг. Тэгвэл тэд суурин соёл иргэншлийг ч хэрхэн нэгтгэн авч явж байсан түүхийг харуулж байна. Энэ бол Монголчууд бидэнд тааламжтай, Европын үзэгчдэд бүр илүү сонирхолтой өнцөг юм. 
Голын танхимаас цааш бүхий л хэсгүүдээр дамжин алхах бүрд үзэгчдэд өнгөрсөн цагт буцаж очих цаг хугацааны аялал мэт мэдрэмж төрнө. Монгол гэрээс эхлэх гурван талын хаалга тус бүр үзэгчдийг өөр өөр цаг үе, түүхийн өгүүлэмж рүү хөтлөн одно.

Дэлхийн “нийслэл” Хархорум

Өнөөгийн нийслэл Улаанбаатараас цаг хугацааны машинаар цааш аялан дараагийн танхимд ороход тэртээх 13-р зууны Их Монгол улсын нийслэл Хархорум хотын үеийн үзмэрүүд угтана. Тухайн үедээ Европыг ч айлгаж байсан нүүдэлчид өөрсдөө хот байгуулж, дэлхийн хэмжээний соёл иргэншлийн төв, олон шашны зэрэгцэн орших цэг байсан тухай үзэсгэлэнгийн энэ хэсэг өөрийн “хэлээр” хүүрнэж байлаа. 
“Хархорумд Европын жуулчид өөрсдөө ирж, Пап лам нь элчээ илгээж байлаа. Хятад, Дундад Азийн худалдаачид Торгоны замаар дамжаад энд ирж байсан зэрэг 13-р зуунд дэлхийн соёл иргэншлийн төв болж байсны баталгаа” хэмээн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн ярьж байсан.
Энэ хотыг барууны олон түүхч удаан хугацаанд “цэргийн хүчний төв” хэмээн хэт нэг талыг барин өгүүлж иржээ. Гэвч танхимд байрласан худалдааны тэмдэглэгээтэй зооснууд, монгол, хятад, төвдөөр бичсэн бичээсүүд, олон урчуудын хийцтэй гоёл чимэглэлийн үлдэгдэл, мөн тансаг хэв загвартай шил шаазан эдлэлүүд нь энэ хотын жинхэнэ дүр төрхийг илүү үнэнээр харуулж байлаа. Энд олон шашин зэрэгцэн оршиж, олон үндэстний урчууд, бичээчид, тамга дардаг хүмүүс ажиллаж, худалдаа хийхдээ долоон оронд хүлээн зөвшөөрөгддөг нэгэн тэмдэглэгээ ашиглаж байсан нь дэлхийн хамгийн эртний глобалчлалын нэг хэлбэр байсан гэдгийг нотолно.
Үзэсгэлэнд Монголын үеийн эд өлгийн зүйлээс гадна түүхэн сурвалжууд, монгол бичгээр бичигдсэн захидал, судар, Герман болон Европын бусад улсад хадгалагдсан Монголын талаархи баримт бичгүүдийг эх хувиар нь дэлгэн үзүүлжээ. Энэ нь Монголчууд олон төрлийн бичиг үсэгтэй байсан, соёл, түүхээ олон хэлээр хадгалж ирсэн гэдгийг харуулах зорилготой.
Мөн Монголын дайчдын хуяг, нум, сум, галт буу зэрэг зэвсэглэлийн эд өлгийн зүйлсийг 13–15 дугаар зууны үеийн түүхэн байдлаар үзүүлсэн нь цэргийн түүхийг бодитойгоор ойлгоход дөхөм болдог. Тухайлбал, 1372 онд бүтээсэн галт буу нь Юань гүрэн мөхсний дараах Монголын хэрэглээнд байсан зэвсэг болохыг харуулна.
Энд монгол, төвд, хятад бичээс зэрэгцэн оршсоноороо зөвхөн нэг хотын түүхийг биш, харин олон үндэстний харилцан оршихуйн томоохон ул мөрийг илтгэнэ. Хархорум бол цэргийн хүчний хүрээ бус, харин худалдааны замыг хамгаалсан, олон шашныг зэрэгцүүлсэн, гар урчуудын хот байсныг зүүн Европ, төв Ази, Хятадын археологийн судалгаанууд баталсаар байгаа билээ.

 

Хар Балгас хамгийн том хот

Монголчууд Хархорин хотыг гэнэт байгуулаагүй юм байна гэдгийг музейн дараагийн танхим харуулна. Үзэгчид Хархорумын нутаг дэвсгэрээс цааш үргэлжлүүлэн аялахад хэдэн зууны өмнө боссон нүүдэлчдийн их хот Хар Балгас руу хүрнэ. Есдүгээр зууны үеийн Төв Азийн энэ хот 100 мянга давсан хүн амтай байжээ. Тухайн цаг үед энэ нь гайхамшигтай тоо. Одоогийн Нью-Йорктой дүйцэхүйц гэсэн үг. Европын хотууд бүр жижигхэн, 10–20 мянган хүнтэй байсан. 
Бүр хожим буюу 15-16 дугаар зуунд Европын том хотууд дөнгөж 100 мянган хүнтэй болж байсан гэхээр Хар Балгасын хэр хэмжээ, амьдрал ямар түвшинд хөгжсөн байсан байх вэ? Гэхдээ эртний энэхүү хотжилт, төвлөрлийн зэрэгцээ нүүдэлчдийн соёл иргэншил давхцан оршиж байсныг үзэсгэлэнгийн үзмэрүүд илэрхийлж байлаа. 
Энэ хотын туурь одоо Архангай аймгийн Хотонт сумаас зүүн тийшээ Хархориноос 30км зайд бий. 
Уйгурууд 740 онд бослого гарган Түргийн эзэнт улсыг мөхөөгөөд хаант улсаа байгуулснаас хойш хориодхон жилийн дотор Хар Балгас мэтийн том хотуудаа байгуулжээ. Тэдний хамгийн чухал зүйл худалдааны орлого байв. Тиймээс Торгоны замыг хянаж Хятадуудаас авсан бараа таваарыг Дундад Ази, Өрнөдөд борлуулж ихээхэн ашиг олж байсан. Уйгарууд эдийн засгийн хувьд маш хүчирхэг болсон тул зуу гаруйхан жилийн дотор хоёроос гурван маш том хот байгуулсан түүхтэй. Хар Балгас тухайн үедээ Орду Балык гэдэг нэртэй “Хааны хот” байжээ. Өнөөдөр ч 14 метрийн өндөртэй хааны ордны хэрэм тэр чигтээ байдаг. Орду Балык нь хааны хот, хааны орд, захиргааны төвөөрөө тухайн үеийн соёл иргэншлийн төв болж байсныг үзэсгэлэнгээс ажиглаж болно. Хотыг байгуулахад хөрөнгө, зохион байгуулалт хэрэгтэй байсан бөгөөд уйгурууд хэдхэн жилийн дотор хэд хэдэн том хотыг байгуулж чадсан нь тухайн үеийн технологи, эдийн засгийн чадавхийг харуулна. 
Судлаачдын тогтоосноор Хар Балгас хот 32км квадрат хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрийг хамарч байжээ. 
Хар Балгасын хааны ордны нэмэлт байгууламжийн малтлагаас гарсан олдворууд дотор гоёмсог цэцгэн хээтэй лакан модон багана, чулуун сийлбэртэй арслан, хуучны хонх, цогоор халааж индүүддэг индүү зэрэг барилгын чимэглэлээс эхлээд тэр үеийн өдөр тутмын хэрэглээний зүйлсийг багтаасан байдаг. Тус ордонд гарсан хааны худгаас олдсон эд зүйлс нь өмнө нь дэлгэгдээгүй, өвөрмөц олдворууд бөгөөд үзэсгэлэнд анх удаа дэлгэгдсэн нь сонирхол татна.

 

Хүннү: Монголчуудын эртний хот хоёр мянган жилээс эхтэй

Хар Балгасаас цааш дахин нэг мянган жилээр ухарч Монголчуудын хотын амьдралын эх үүсвэр болсон Хүннү гүрэн рүү үзэсгэлэн хөтлөнө. Үзэсгэлэнгийн олдвор, үзмэрүүд Монголчууд 2000 жилийн өмнөөс буюу Хүннүгийн үеэс нүүдлийн амьдрал, суурин иргэншлийг зэрэгцүүлэн хөгжүүлсэн уламжлалыг харуулсан байв. Хүннүчүүд хаадын орд, нүүдлийн амьдралыг зэрэг ашиглаж, дараа дараагийн үеийн нүүдэлчдэд уламжлал болгон үлдээжээ. Монголын эзэнт гүрний үед энэ загвар үргэлжилж, хаад, язгууртнууд том ордон байгуулсан ч, өдөр тутмын амьдрал нь нүүдлийн хэвшлээр үргэлжилдэг байсан нь сурвалж, түүхийн баримтаас тодорхой харагддаг.
Хүннүгийн үеийн үзэсгэлэн дотор алхахад хамгийн түрүүнд анхаарал татах зүйл бол барилгын дээврийн нүүр ваар, түүн дээр сийлсэн “Шанью түм түм насал” гэсэн бичээс юм. Энэхүү нүүр ваар нь тухайн үеийн архитектурын гоёмсог шийдэл бөгөөд барилгын дээврийн үзүүрт өнгө нэмдэг чимэглэл гэж ойлгож болно. 
Энэ хэсэгт үзэгчдийн сонирхлыг татах гайхалтай нэгэн олдвор бол Персээс захиалж авчруулсан, алтан утас бүхий торгоор хийсэн католик сүмийн өндөр язгуурт санваартны өмсгөл юм. Тухайн үед Монголчууд Перс, Дундад Азийн бусад газруудад хийлгэж байсан дээлийн торго нь алтан утсаар сүлжсэн, хамгийн тансаг материал байжээ. 
Харин нүүдэлчдийн гол хэрэглээний зүйл бол нум, сум байв. Хүннүгийн үеийн зүүмэл нум нь ясан наалттай, маш хатуу, хүчтэй, байлдан дагууллын гол зэвсэг байсныг харуулдаг. Мөн язгууртны булшнаас гарсан төмөр илд, сайтар хадгалсан нум, дэлхийн бүх цаг үеийн хамгийн том зэв зэрэг нь тухайн үеийн нүүдэлчдийн техник, урлагийн түвшинг харуулж байлаа. 
Энд адууны тоног хэрэгсэл, хазаарын амгай, хударга зэрэг алт, мөнгөн чимэглэлүүдийг дэлгэн үзүүлсэн нь тухайн нийгмийн зиндаа, эрхэмлэдэг амьтны бэлгэдлийг тодорхой харуулдаг. Тухайлбал, ганц эвэртэй домгийн амьтан нь Хүннүгийн язгууртны сүлд мэт эрхэм байсан бөгөөд эвэртэй амьтан нь өндөр зэрэг, нэн эрхэм хүн буюу “эвэртэн” хэмээх ангиллыг илтгэдэг байжээ.
Ноён уул, Тамир, Улаан Шивэр зэрэг Хүннүгийн булшнаас олдсон алт, мөнгөн арал, далавчтай бар, янгирын дүрстэй чимэглэлүүд нь маш нарийн урлалтай бөгөөд домгийн амьтдын дүрслэлээр баялаг. Эдгээр нь урчууд, дархчуудийн ур чадвараас гадна тухайн үеийн нүүдэлчдийн хэрэглээний массын үйлдвэрлэлийн жишээг илтгэнэ. Тухайн үед хэрэгцээт зүйлсийг нэг газар үйлдвэрлэж, шаардлагатай хэмжээгээр тарааж байсан нь суурин иргэншлийн хөгжлийн нэг нотолгоо болж байгаа юм.
Үзэсгэлэнд Хүннүгийн шавар ваар, хүрэл тогоо, нүүдэлчдийн олдворуудыг ч дэлгэсэн бөгөөд эдгээрийн хэлбэр, загвар, хийц нь тухайн үеийн хэв маяг, технологийг тодорхой харуулдаг. Тухайлбал, хүрэл тогоо нь дээшээ бортогтой малгай маягийн хэлбэртэй, доороо гурвалжин суурьтай бөгөөд Хүннүгийн онцлогийг хадгалсан байна. Шавар ваарууд нь Дундад Азийн, Хятадын баруун бүсийн технологи, Европын соёлын нөлөөг агуулсан өвөрмөц хослолыг илтгэдэг.
Хүннүгийн хотжилтын хамгийн том олдвор нь Монголын нутгаас илрүүлсэн  “Луут хот” хэмээх эртний суурины үлдэц бөгөөд түүний архитектур, төлөвлөлт нь нүүдлийн соёл иргэншил суурин амьдралтай зэрэгцэн хөгжиж ирснийг гэрчилдэг. 

Дөрвөн цагийн эргэлтэд хийсэн аялал 

Цюрих дахь Рийтбергийн музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” нэртэй үзэсгэлэн нь Монголын түүх, нүүдэлчдийн үе үеийн уламжлал, соёлын өвийг нэгтгэн харуулж буй цогц бүтээл юм. Үзэсгэлэнд Хар Балгас, Шороон Бумбагар, Хархорин зэрэг Монголын түүхэн дурсгалуудыг судалсан малтлагаас гарсан анхны олдворуудыг дэлгэн үзүүлжээ.
Мөн үзэсгэлэнд Шороон Бумбагарын булшнаас гарсан Уйгарын үеийн эд өлгийн зүйлсийг дэлгэсэн. Тухайлбал чулуун самбар, пайз маягийн бичээс нь тухайн ноёны намтар, Тан улсын цол зэргийг тодорхой харуулдаг. 
Шороон Бумбагар болон бусад малтлагаас гарсан эд өлгийн зүйлс нь Монгол, Уйгар, Тан улсын соёлын нөлөөг хослуулсан онцлогтой.
Эцэст нь, үзэсгэлэнд орчин үеийн Монголын урлаг, зураачдын бүтээлүүдийг оролцуулан хуучны түүх, соёл, орчин үеийн урлагийг холбож үзүүлсэн нь үзэгчдэд Монголын соёлын өв, түүхийн үргэлжлэлийг нэгэн үзэсгэлэн дотор мэдрэх боломжийг олгож байгаа юм. Ингэж дэлхийн түвшний музейн туршлагад нийцүүлэн цогцоор дэглэсэн нь үзэсгэлэнгийн өвөрмөц онцлог юм.
“Чингис хаан Үндэсний музей гол хамтрагчаар оролцож байгаа энэхүү үзэсгэлэн нүүдэлчдийн соёлын эерэг дүр төрхийг бүрдүүлж, Монголчуудын түүхэн нөлөө, дэлхийн харилцаанд оруулсан хувь нэмрийг ойлгуулж байна. Энэ бол Европчуудад Монголыг таниулах, жуулчлах сонирхлыг төрүүлэх зэрэг олон давуу талтай” гэж “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгийн зохицуулагч Х.Ариунчимэг ярилаа. 
Цюрихийн алтлаг улаан намрын өнгөнөөс ялгаран тодорсон Их эзэн богд Чингис хааны маань сэрэг дүр Рийтбергийн музейн өргөтгөлийн барилгын шилэн ханан дээр ихэмсэгээр заларсаар өвөлтэй золгов.        
Нэг сарын өмнө хүйтэн салхинд навчис сэрчигнэж, музейн хаалганы дэргэд хэн нэгэн аяарханаар “Энэ бол төгсгөл биш, харин эхлэл” гэж хэлсэн тэр үгс үзэсгэлэнгийн жинхэнэ мөн чанарыг товч илэрхийлсэн. Монголын түүхэн аялал цаг хугацаа, соёлын огтлолцол, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлээр үргэлжилсээр байна. Энэ аяллын дараагийн уулзалтын цэг хаана байхыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Нүүдэлчдийн дуу хоолой дэлхий дахинд хэдийнэ түгсээр...  
 

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 225 (7722)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.