П.Лхагважаргал
Үндэсний урлагийн их театрын 75 жилийн ойд зориулсан "Ардын дуу мину 3" киноконцерт өнөөдөр нээлтэй хийлээ. Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит ҮУИТ-ын дуу албаны уран бүтээлчид Булган аймгийн Хутаг-Өндөр суманд "DOZ" энтертайнменттай хамтран энэхүү уран бүтээлийнхээ зураг авалтыг хийсэн юм. Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа энэхүү бүтээлийг анх санаачилж 2020, 2023 онуудад "Ардын дуу мину" нэг, хоёр гэх уран бүтээлийн цоморлогийг үзэгчдийн хүртээл болгож байв. Харин энэ удаа дуу, технологийн дэвшилттэйгээр намрын налгар өдрүүдийн үзэмжид 1960-1980 оны ахуй амьдралаар ардын болон уртын дуунуудыг зохиомжлон хүргэж байна. Ингэхдээ ҮУИТ-ын дуу албаны хамт олон "Ардын дуу мину" цуврал концертоороо монголчуудын сонсох дуртай болон мартагдаад байгаа 70 гаруй дууг шинэчилсэн хөгжмийн найруулгаар хүргэж буйгаараа онцлог юм.
Энэхүү киноконцертыг бүх iptv-гээр хүлээн авч үзэх боломжтой ажээ.