Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA жил бүр ардчилсан орнуудын хэвлэл мэдээллийн оролцоо, өөрийн зохицуулалтын хөгжлийг дэмжих зорилготой “Role of Media in Democratic Countries” нэртэй олон улсын Co-Creation хөтөлбөрийг зохион байгуулдаг.

Co-Creation хөтөлбөр нь зөвхөн сургалт сонсох хэлбэрээр хязгаарлагдахгүй, харилцан туршлага хуваалцах, бодит хэрэгжилттэй төлөвлөгөө боловсруулахыг зорьдгоороо хэвлэл мэдээллийн салбарын институциудад өндөр ач холбогдолтой бөгөөд тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээлч хөтөлбөр юм.

Энэ жилийн хөтөлбөрт Монгол Улсыг төлөөлж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүд болох “Зууны мэдээ” сонины тоймч Б.Нямсүрэн Nyamka Bazarbyamba, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Д.Идэржаргал Iderjargal Dashdondog нар оролцож, Токио хотноо 18 хоногийн турш сургалтад хамрагдаж байна.

Хөтөлбөрт Украин, Өмнөд Африк, Молдав, Серби зэрэг 10 орны 14 байгууллагын төлөөлөл оролцож, олон улсын түвшинд хэвлэл мэдээллийн ёс зүй, хариуцлагатай сэтгүүл зүйн тулгамдсан асуудлууд, өөрийн зохицуулалтын тогтолцоог хөгжүүлэх туршлагын талаар харилцан ярилцаж, санал солилцож буй нь бидний ажилд чухал дэмжлэг болж байна. Тухайлбал, Японы өөрийн зохицуулалтын байгууллага болох BPO-ийн үйл ажиллагаа, баримталдаг зарчим, хариуцлагатай сэтгүүл зүйн хэрэгжилтийг хангах механизмтай танилцсан нь манай зөвлөлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж болох олон санаа, боломжийг нээж өглөө хэмээн хөтөлбөрт оролцогч ёс зүйн хорооны гишүүд онцолж байна.

Мөн хуурамч мэдээллийн хор нөлөө, мэдээллийн суурь боловсролыг бэхжүүлэх арга зам, Японы олон нийтийн мэдээллийн хэрэгсэл NHK-ийн гамшгийн үеийн сурвалжилга, сонгуулийн үеийн мэдээ мэдээллийн зарчим зэрэг олон чухал сэдвээр сургалт үргэлжилж байна. Энэхүү хөтөлбөрт Ёс зүйн хороодын гишүүдийг оролцуулах боломж олгосон JICA Mongolia болон хамтран ажилласан байгууллагуудад Хэвлэл мэдээллийн зөвлөлийн зүгээс талархал илэрхийлье.

Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөл