Ц.Энхбат

 

НЭГ: ГУРВАН ХӨЛТЭЙ САНДАЛ БУЮУ ОЛДМОЛ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ


Швейцарын нийслэл Женев хотод "Гурван хөлтэй сандлын" хөшөө бий.
Энэ бол хор хөнөөлийн дохиог сануулсан, түүнээс сэргийлэх ёстойг тунхагласан уран бүтээлчийн үзэл санаа, зовнилын илэрхийлэл юм.
Энгийнээр тайлбарлая. Мина булсан талбай байя гэж бодъё. Түүнийг төр засаг минагүйжүүлэх арга хэмжээг авах ёстой. Тэгж байж энгийн иргэд, балчир хүүхдүүдийг минад өртөж, хөл, гараа таслуулж, насаараа өрөөл татанхай болох зовлонгоос сэргийлэх юм. Энэ бол аливаа хор холбогдлын үр дагавар. Түүнээс ард иргэдээ хамгаалах үүргийг Засгийн газар хүлээх учиртайг мөнхөд сануулсан ёс зүйн хөшөө. 
Энэ ч учраас Женев хотноо энэ сарын 17-22-ны өдрүүдэд хуралдсан ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын талуудын 11 дүгээр бага хурлын (СОР-11) үеэр орон орны төрийн бус байгууллага, нийгмийн идэвхтэн зүтгэлтнүүд, эцэг эхчүүдийн төлөөлөл тамхины хор хөнөөлийг эсэргүүцэн "Эрүүл мэндээ мөнгөөр зарахгүй" уриан дор жагслаа.
Гурван хөлт сандал, иргэдийн жагсаалыг хараад Монголын паралимпын тамирчдын гунигт түүх санаанд буулаа.
Паралимпын тамирчдыг олимпын тэмцээнд оролцохын өмнө эмч нарын үзлэгээр оруулан шалган нягталж, түвшнийг нь тогтоодог уламжлалтай. Дийлэнх орны паралимпын тамирчид 100 хувь төрмөл хөгжлийн бэрхшээлтэй байсан бол Монголын паралимпын тамирчдын 80 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байсан нь эмч нарын багийн гайхширлыг төрүүлсэн тухай хэдэн жилийн өмнө сонссон. Гунигтай гэхэд дэндүү гунигтай мэдээ. Согтуу жолооч, мэдлэггүй эмч, орчин нөхцөлийн олон шалтгаантай байх. Манай тамирчдын 80 хувь нь эрүүл саруул байх боломжтой байсан гэхээр харамсах багадна.
Үүнтэй адил мөнгөөр худалдан авч татаж буй тамхи ч хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулсаар байна. Ялангуяа оюутан залуус, өсвөр насны охид хөвгүүд тамхи үйлдвэрлэгчдийн онилох бай болсон энэ цаг үед  Монгол Улсын төр засаг олон улс болон өөрийн ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагаа ухамсарлаж, зөв зохистой шийдвэр гаргах цаг ирснийг "Гурван хөлт сандал" сануулна.

 

ХОЁР: ТАМХИНЫ ХЯНАЛТЫН СУУРЬ КОНВЕНЦ БА МОНГОЛ УЛС


“СОР-11” бага хурал "Тамхигүй ирээдүйн төлөө" уриан дор Женев хотод хуралдсан. Энэ удаагийн Conference of parties буюу Тамхины хяналтын суурь конвенцын талуудын бага хуралд дэлхийн 160 гаруй орны өндөр түвшний төлөөлөгчид цаг заваа гарган оролцсон нь учиртай.
2003 онд үүссэн Тамхины хяналтын суурь конвенц нь 180 гаруй орныг нэгтгэсэн, дэлхийг хамарсан нийгмийн эрүүл мэндийн олон улсын анхны гэрээ юм. Монгол Улс 2004 онд нэгдэж, Тамхины хяналтын хуулийг УИХ-аас 2005 онд баталсан. Тамхины худалдаа эрхлэлт, гаалийн татвар, олон нийтийн газар тамхи татахыг хориглох зэргийг хуулиар зохицуулснаар тамхи татагчдын тоо буурч, дам тамхидалтын хор хөнөөл ч багассан дэвшил гарсан. 
Зөвхөн Монголд биш дэлхийн хэмжээгээр өнгөрсөн 20 жилд тамхичдын тоо гуравны нэгээр буурсан амжилтаар ДЭМБ, конвенцод нэгдсэн 183 улсын хамт 20 жилээ угтсан.
Гэвч цаг өөрчлөгдөж, арга нь ч шинэчлэгдэж байгааг ДЭМБ тэмдэглэлээ.
Дэлхий дахинаа е-сигарет болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүн дэлгэрч, залуус, тэр дундаа дунд сургуулийн охид хөвгүүд гол хэрэглэгч нь болж буй судалгаа ДЭМБ-ын санааг түгшээх болсон. 
Болгар, Монгол зэрэг улсын залуус хамгийн ихээр өртөж буйг судалгааны дүн илтгэж байна. Тиймээс залуус, ирээдүйн иргэдээ аврах зорилгоор ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Тамхины хяналтын суурь конвенц-2030" төслийн хүрээнд улс орнууд Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй. Монгол Улс ч Тамхины хяналтын хуулийг шинэчлэн найруулах ажлын шатандаа явна. УИХ-ын 126 гишүүний 78 нь гарын үсэг зурсан уг төслийг шинэчлэн найруулахдаа дотоод орчинд тамхи татахыг бүрэн хориглох заалтыг тусгахгүй бол Конвенцын зорилгод бүрэн нийцэхгүй юм. Тамхины хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2015 онд Тамхи татах өрөөг хуульчилж баталгаажуулснаар ухралт болсон гэж мэргэжилтнүүд үздэг.
Тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөнд авталгүй, өмнөхөөс ухралт, буулт хийлгүйгээр, иргэд, хойч үеэ тамхины хор хөнөөлөөс сэргийлэн хамгаалах дэвшилттэй хууль батлахыг Женевын “COP-11” бага хурлын үеэр дэлхийн бүх улс орны Засгийн газарт хандан уриалсан.
Харамсалтай нь, Монголын засгийн газар “COP-10”, “COP-11” бага хуралд ач холбогдол өгсөнгүй. Засгийн газрын төлөөллөө ч оролцуулсангүй. Энэ нь олон улсын өмнө хүлээсэн гэрээнийхээ үүргийг биелүүлэх эрмэлзэл үгүйлэгдэж байна гэж ойлгогдох хэмжээнд хүрчээ.
Женевт зургаан өдөр хуралдсан 180 гаруй улс орны засгийн газрын төлөөлөл:
-Тамхин болон никотины бүтээгдэхүүн, түүнтэй холбоотой электрон төхөөрөмжөөс үүсэх хог хаягдлыг бууруулах, зохицуулах арга хэмжээ
-Тамхин болон никотин агуулсан электрон төхөөрөмжийн эд анги, хэсгүүд болон байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөлийг багасгах иж бүрэн зохицуулалтын хувилбаруудыг авч хэрэгжүүлэх
-ДЭМБ-ын ТХСК-ийн 19 дүгээр зүйлд заасан хариуцлагын асуудал буюу тамхины хяналттай холбоотой эрүүгийн болон иргэний хариуцлагын талаар хууль тогтоомжийн арга хэмжээ авах талаар хэлэлцэж, шийдвэрээ энэхүү бага хурлаар баталлаа.
"Эдгээр чухал шийдвэрүүд нь ирэх жилүүдэд сая сая хүний амийг аврахад болон тамхины байгаль орчинд үзүүлж буй хор нөлөөнөөс дэлхий дахиныг хамгаалахад хувь нэмэр оруулна" хэмээн ДЭМБ-ын ТХСК-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Эндрю Блэк онцолсон болно. 

 

ГУРАВ: "ЖИЛИЙН ДОТОР САНТЬЯГО ХОТЫН ХҮН АМЫГ УСТГАЖ БАЙНА"


Дээрх гарчгийг хаалтад хийснийг ойлгоорой. Өөрөөр хэлбэл Сантьяго хотын хүн амтай (7сая) тэнцэх хэмжээний хүмүүс тамхины хор хөнөөлөөс болж нэг жилийн хугацаанд амь насаа алдаж байна. 
Монгол Улс 3.5 сая хүн амтай. Тэгэхээр Монгол Улсын хүн амыг хоёр дахин давсан хүн жилд нас барж байх нь. Энэ бол Орос-Украйн, Палестин-Израилын дайнд амь үрэгдэгсдийг хол орхисон тоо.
Чимээгүй хэрнээ, сая саяар нь устгаж буй байгууллага нь Аль Кайда биш, тамхи үйлдвэрлэгчид юм.
"Тэд дэлхийн хүн амыг хөнөөх том хүчирхэг армитай болжээ. Эрүүл мэндийн байгууллагынхан хүн ардын эрүүл мэндийн манаанд зогсож, харин тэд үй олноор нь хөнөөхөөр довтолж байна. Тэдэнд ёс зүй байхгүй. Өөрийн хэрэглэгчдээ хордуулж устгадаг. Бид хор хөнөөлийг бууруулахын төлөө тэмцэж, харин тамхи үйлдвэрлэгчид хор хөнөөлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Тэд их, дээд сургуулийн оюутан залуусаас хальж, дунд сургуулийн охид хөвгүүдийг онилох болсон нь аюул гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос онцолсон.
Манай Монгол Улс шиг улстөрчид нь туйлбаргүй, хэвлэл мэдээлэл нь тодорхой хэсэг бүлэгт үйлчилдэг, худалдагдсан сэтгүүлчид цөөнгүй оршиж буй тохиолдолд тамхи үйлдвэрлэгчид тэднээр дамжуулан олон нийтэд ташаа мэдээлэл тараах, шийдвэр гаргагчдыг лоббидох магадлал өндөр байгаа нь зөв хууль гарахад эргэлзээ төрүүлэх нөхцөл бий болгож байна.

 

ДӨРӨВ: CU БУЮУ ХОТЫН ШИНЭ СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ БУРУУГҮЙ Ч...


Өмнөд Солонгосын CU гэх сүлжээ манай нийслэл Улаанбаатарыг "эзэлсэн".
Монгол дахь CU хамгийн ашигтай ажиллаж буй учраас богино хугацаанд салбарын тоо нь 400 хүрсэн гэх мэдээлэл бий. Нийслэлийн хүн ам төвлөрсөн газар бүрд салбараа нээсэн CU сүлжээ Улаанбаатарын залуусын үйлчлүүлэх дуртай газрын нэг болсонтой хэн ч маргахгүй. Кофе уунгаа хичээлээ давтана, уулзалтаа хийнэ. Гэрэлтэй, дулаан, тохилог орчин 24 цаг нээлттэй.
Ганц л асуудал тэнд байна. Тамхи үйлдвэрлэгчид никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний хуулийн зохицуулалт орхигдсон байдлыг ашиглан CU-гийн салбаруудаар дамжуулан 24 цагийн турш бүтээгдэхүүнээ чөлөөтэй борлуулж буй. Түүгээрээ нийслэлийн залуу үеийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна гэдгийг анхааралдаа авах цаг болжээ.
Гарын үсэг зурсан УИХ-ын 78 гишүүн ч Тамхины хяналтын хуулийн шинэчилсэн найруулгадаа дээрх асуудлыг мөн анхаарах шаардлагатай.

 

ТАВ: ХУУЛЬД ЯМАР ЗААЛТЫГ ТУСГАВАЛ ЗОХИЛТОЙ ВЭ?


-Нэн тэргүүнд тамхины бүх төрлийн барааны гаалийн татварыг чангатгах
-Сургууль соёлын газраас 500м хол газарт тамхи худалдаалах зөвшөөрөл олгох гэдэг заалтыг заавал хадгалж үлдэх
-Олон нийтийн газарт тамхины өрөөтэй байна гэдэг заалтыг хасах
Энэ гурван заалтыг заавал оруулж байж, олон улсын конвенцод хуулиа нийцүүлнэ.
Дээр нь, Австрали зэрэг орны зарим нэг туршлагыг тусгаж болно.
Жишээлбэл, Австралийн дэлгүүрт вэйп худалдаалах тусгай цэгтэй. Тэр нь өндөрт, түгжээтэй саванд хадгалагддаг.
Худалдан авагч тамхины төрлийн бүтээгдэхүүн авах тохиолдолд худалдагч нэг талаас шат, нөгөө талаас түлхүүрийг нь авч, дээш гаран онгойлгож бараагаа авсны дараа цоожилж, түлхүүрийг нь нэг буланд, шатыг нь өөр буланд тавьдаг журам мөрддөг. Ажиллагаа шаардах, цаг хугацаа орох энэхүү төвөгтэй үйлдэл нь худалдагчийн төвөгшөөх байдал, дараалалд зогсож буй олны дургүйцлийг төрүүлнэ. Ингэж нийгэм олон нийтийн шахалт дарамтаар тамхи таталтыг бууруулахад нөлөөлдөг сайн туршлага бий болжээ. Түүнийг ч өөрийн хөрсөн дээр буулгахад болохгүй гэх зүйлгүй.
Нөгөө талаас ард иргэдийн эрүүл мэндээс гадна, орчны бохирдол, байгаль орчинд сүйтгэл зэргийг тооцох учиртай гэж мэргэжилтнүүд COP-11 бага хурлын үеэр онцоллоо.
Монголд хамаатай байх болов уу гэсэн хэсгээс буулгалаа.
"Гурван хөлтэй сандал"-аас сануулга авч, иргэдээ олдмол хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлье гэдэг үгээр тэмдэглэлээ өндөрлөе.
“COP-12”-ийн бага хурал 2027 онд Ереван улсын Армен хотод зохиогдоно. Монголын талаас дээд төвшинд оролцоосой, сайн мэдээ, тайлантай очоосой гэж хүсье.


Женев хот, 2025. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 224 (7721)