Ц.МЯГМАРБАЯР 

Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ний Үнсэн сан №1 ажиллахгүй байгаагаас Эрдэнэт хот энэ өвөл хөлдөх эрсдэл үүсэхээр байгаа тухай эх сурвалж хэлсэн. 2021 онд тавдугаар сард “Нутгийн буян" групп улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих “Үнсэн санг хоослох” 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын тендерт шалгарч 4.5 жилийн хугацаанд барьж 2024 оны нэгдүгээр сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгчээ. Гэвч улсын комисс хүлээн авснаас хойш 10 хоногийн дараа уг Үнсэн сангийн шандорын налуу нурсан гэмтэл гарчээ. Гэмтлийг гүйцэтгэгч компани гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу засварлаж станцын ажиллагааг хэвийн болгосон байна. Гэвч энэ оны есдүгээр сарын 29-нд дахин уг гэмтэл гарсан байна. Уг шандор нь ийнхүү хоёр удаагийн гэмтлээр дахин ашиглах боломжгүйгээр эвдэрсэн нь энэ өвөл аймгаараа хөлдөх эрсдэлтэй. Яг одоо Эрдэнэт үйлдвэр хар утаа хаяад байна. Энэ нь амь тавьж байна гэсэн үг. Шандор төхөөрөмж нэг нь ажиллагаанаас бүрэн гарсан” гэж  тус станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баттөр мэдээлсэн юм. Уг шандор гэдэг нь хаягдал үнсийг устай хольж шүүж эргүүлдэг төхөөрөмж аж. Энэ төхөөрөмж нь ашиглалтад ороод жил хүрэхгүй хугацаанд гэмтсэн бол одоо дахин ямар ч засал авах боломжгүйгээр эвдэрсэн гэлээ. Эрдэнэт дулааны станц нь хаягдал үнсээ 3-4 км зайд байрлах Үнсэн санд зөөж тээвэрлэдэг юм байна. Өвлийн ид ачааллын үед өдөрт 20-30 машин үнс зөөвөрлөдөг. Уг төхөөрөмж нь үнсийг шүүж, лаг болгоод саарал усыг станцын зуух руу дахин өгч хөргүүрт ашигладаг станцын чухал хэрэгцээтэй хэсэг гэж болно. Нөгөөтээгүүр, “Нутгийн буян" групп компани нь чанаргүй бүтээн байгуулалт хийсэн. Улсын комисс чанаргүй ажлыг хүлээж авсан нь төсвийн мөнгө энэ мэтээр үр дүнгүй зарцуулагдаж байгаагийн жишээ гэсэн юм. Түүнчлэн тус станцын удирдлагууд, гүйцэтгэгч компанитай ашиг сонирхол нэг, хамаарал бүхий этгээдүүд хэмээн мэдээлсэн юм. Мөн станцын ажилчдын нэг жилийн нэмэгдэл цалин болох 1.325 сая төгрөгийг дутуу олгосон. Үйлдвэрчийн хорооноос шүүхэд нэхэмжлэл гаргаж гурван шатны шүүхээр тогтоогдсон. Түүнчлэн одоогийн удирдлагууд нь Үйлдвэрчний хороогоо дэмждэггүй ажилчдын эрх ашгийг хамгаалдаггүй, хүний эрхийн зөрчил үүсгэсээр байдаг. Энэ талаар Монгол Улсын Хүний эрхийн комиссын зөвлөмжийг тус станцын дарга Б.Бат-Эрдэнэд ирүүлсэн байдаг аж. Уг станц одоогоор 465 ажилтантай ажээ. Түүнчлэн Эрчим хүчний сайдын зөвшөөрөлгүй байгууллагын бүтцийг бүхэлд нь өөрчилж алба, хэлтэс нэгжүүдийг татан буулгаж, нэн шаардлагатай орон тоог үгүй хийж орон тооны давхардал үүсгэх ажилчдын эрх ашигт сөрөг нөлөөтэй шийдвэрүүдийг хууль зөрчиж хийсэн. Тухайлбал, дулаан борлуулалтын хэлтсийг татан буулгасан. Энэ нэгж нь дулаан эрчим хүчний борлуулалт,орлого цуглуулалт, авлага барагдуулалт зэрэг станцын үр ашгийг тооцдог чухал нэгж. Тиймээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд  энэ оны гуравдугаар сарын 17-нд тус Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдэл хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй өдий хүрсэн байна. 

 

"Гэмтлийг засварласан хөлдөх эрсдэл үүсэхгүй"

Бид энэ талаар Эрдэнэт ДЦСТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнээс утсаар тод­руу­лахад "Есдүгээр сарын 29-нд үнс, усны холимгийг барих скрубберийн найд­вартай ажиллагаа алдагдсан нь үнэн. Одоогоор гэмтлийг засварлаж станцын үйл ажиллагааг хэвийн бол­го­сон" гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм. Тодруулбал,Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн Үнсэн сан 1-ийн шинээр барьсан шандорын ялуу байрлах зам бо­лох швеллер нь долоон метрийн төв­шинд 2025 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр гулзайлт өгч, улмаар усны төвшнөөс доош таван метр зайнд тасарч ялуу мултарч унасан. Ин­­гэс­нээр үнсэн сан 1-ийн усыг хяз­гаар­лах боломжгүй болсноор тун­гаасан усан санд их хэмжээний ус орж, хальснаар усан сангийн даланг сэтэлж орчинд их хэмжээний үнстэй ус хаяж, үнс зайлуулах системийн усны эзлэхүүнийг багасгаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүс­гэжээ. Тухайн гэмтлийг уг бүтээн бай­гуу­лалтын гүйцэтгэгч “Нутгийн буян групп” ХХК-д албан бичгээр хандан тун­гаасан усан сангийн сэтэрсэн да­ланг сэргээн засварлуулах ажлыг гэ­рээний дагуу хийлгэсэн аж. 10 хо­ногийн хугацаанд шандорын ялууны бэ­хэлгээг сэргээн засварлах ажлыг хамт­ран хийж гүйцэтгэж станцыг 2025 оны нэгдүгээр сарын 22-ний өдрөөс хэвийн горимд оруулжээ. Түүнчлэн 2025 оны тавдугаар сарын 21-24-ний өдрүүдэд станцын төлөвлөгөөт бүрэн зогсолтын ажил явагдах үеэр “Нутгийн буян групп” ХХК тунгаасан усан сан­гаас 16м3 даацтай Хово маркийн ма­шинаар 100 рейс хийж 1600м3 үнсийг гаргаж хаясан байна.

 

"Гэмтлийг резивэр рүү шилжүүлж хэвийн болгосон" 

Гэвч 2025 оны есдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Тунгаасан усан сан дахин үнсээр дүүрснээр сорох шугам бөглөрч ус хүлээн авах, зуух руу ус өгөх боломжгүй болсон байна. Иймд БКЗ-75-39фб маркийн зуухнуудын  утааны хийн үнс барих трубовентур, үнс усны холимгийг барих скруббер зэргийн найдвартай ажиллагаа алдагджээ. Мөн зуухны галын хотолд нүүрсийг тоос­руулан шатааж, нүүрсний найрлагад байгаа шатдаггүй элементүүд буюу ша­таж амжаагүй тоосны үлдэгдэл доош унасан. Үүнээс үүдэн экран хоолой­нууд буюу комуднаас усаар угаалга хийж зайлуулдаг технологи ажиллагаа алдагдсан аж. Ингэснээр үнс хуурайгаар хаяж эхэлсэн учраас канал буюу хоолойн суваг бөглөрөх эрсдэл үүссэн байна.Технологийн хэрэгцээний ус нь хими цехийн ус бэлтгэл, градерн зэрэгт зориулагдсан тул усны даралт зарцуулалт нь 4-5 зуух ажиллагаанд байгаа тохиолдолд тэжээж хүрэхгүй байгаа учраас зуухны тоог багасгаж цахилгаан ачаалал буу­руулах шаардлагатай болсон хэмээн тайлбарласан юм. 


Өнөөдрийн байд­лаар тунгаасан усан санд үүсээд байгаа гэмтлийг  засварлаж, эрсдэлийг буу­руулаад байна. Өөрөөр хэлбэл,  тун­гаасан усан сангийн усыг юүлж, хоос­лон насосын сорох шугамын эргэн тойронд байгаа үнсийг ухаж авах зорилгоор экскаватор, шороо зөөх том оврын ДАМП машин /16м3/  тус тус  ажил­лаж байна. Гаднын байгууллагатай гэрээ байгуулан мөн нэг экскаватор, нэг ковш, хоёр  ХОВО машин нэмэлтээр ажиллуулж, тунгаасан усан сан руу зам засаж шугамын сорох талын хэсэгт байгаа үнсийг ухаж авсан гэлээ. Шу­гамын сорох камерын хэсгээс таван тонны багтаамжтай бохир ус соруулах машинаар нийт 17 удаа үнстэй усыг со­руу­лан хаяж станцын хэвийн найд­вартай ажиллагааг хангасан. Үүнээс үүдэж Эрдэнэт хот хөлдөх эрсдэл үүсэх хэмжээнд очихгүй гэж тус станцын Хяналт хариуцсан менежер Б.Хатанбаатар хэлсэн юм. 
Үнсэн санг хоослох ажлын тендерт шалгарсан “Нутгийн буян групп” энэ ажлын хүрээнд EPP/2A 19 гэрээ хийсэн байна. Улмаар 2024 оны нэг­дүгээр сард уг бүтээн байгуулалт дуусаж улсын комисс хүлээн авчээ. Гэвч 2025 оны нэгдүгээр сарын 12-нд Үнсэн сан №1 -ийн шандорын ялуу нурсан гэмтэл гарчээ. Гэрээнд заасан баталгаат хугацааны дагуу гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр гэмтлийг 11 хоногийн хугацаанд засварласан байна. Тухайн гэмтлээс болж 397.6 м/вт цахилгаан эрчим хүч дутуу түгээсэн буюу 11.9 сая төгрөгийн хохирол гарсныг тухайн компаниар төлүүлэхээр акт үйлдэж хүргүүлжээ. Гэмтэл гарсан 11 хоногийн хугацаанд гаднах агаарын хэм -10-15 С байж тухайн хэмд харгалзах сүлжээний усны температурыг 95 хэмд барьж хэрэглэгчийн дулаан хангамжийг доголдуулаагүй гэжээ. Гэхдээ олон хавар нэгэндээ гэгчээр өвлийн ид хүйтэн -20-35 хэмд  үлдсэн нэг шандор нь ачааллаа дийлэхгүй  уг үнсэн сан доголдох улмаар станцын хэвийн ажиллагаа алдагдахгүй  гэсэн баталгаа алга хэмээн эх сурвалж хэлсэн. Эцэст нь станцын удирдлагын зүгээс өөр шандор тавьсан гэж байгаа бол Үйлдвэрчний хорооны дарга энэ удаа шандор бүрэн засал аваагүй, хаягдах болоод байгаа гэсэн зөрүүтэй мэдээлэл өгсөн. Ямартаа ч резивэр рүү шилжүүлсэн байдалтай трубовентурын ажиллагааг хэвийн болгосон тохиолдолд  өвлийн ид ачааллын үед зуухны ачааллаа дийлэх­гүйгээс дулаанаар бүрэн хан­гаж чадахгүй, хязгаарлалт хийх нь то­дорхой нөхцөлд орох магадлалтай гэж хөндлөнгийн эксперт анхааруулж байна. 

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 192 (7689)