Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар оруулж, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх гэж байна.
Эдгээрээс хамгийн гол анхаарал татаж буй хуулийн төсөл бол Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөлд уламжлалт янжуур тамхи болон бусад шинээр хэрэглээнд нэвтрээд байгаа утаагүй тамхин бүтээгдэхүүнд маш өндөр хувь хэмжээгээр татвар ногдуулахаар заасан нь өнгөц харвал эдийн засгийн аргаар тамхины хэрэглээг бууруулах зорилготой мэт.
Гэсэн хэдий ч онцгой албан татварын хувь хэмжээг огцом нэмэгдүүлэх санаачилга гаргаад буй УИХ-ын гишүүд үүнийгээ өөр бас хэд хэдэн янзаар тайлбарлан, ухуулан таниулах ажлыг чамгүй олон удаагийн ярилцлагаар дамжуулан хийсээр байгааг ул суурьтай ажиглаж, дүгнэхэд цаана нь хэд хэдэн ноцтой асуудал “нуугдаж” байна. Үүнийг олон нийт мэдэх эрхтэй.
Юун түрүүнд татвараа дагаад тамхины борлуулалтын үнэ хөрш орнуудаас хол илүү өндөр болох нь ээ. Энэ бол тамхины хууль бус наймаа дэлгэрэх үүд хаалгыг нээж өгнө гэсэн үг. Хуулийн төсөл санаачлагчид энэ талаар өчүүхэн ч санаа зовохгүй байгаа нь хачирхалтай. Монголд өнөөдөр ийм хууль бус наймаа хараахан бий болоогүй байгаа нь маш чухал ололт юм. Үүнийг үл хайхарч хэрхэвч болохгүй. Хууль бус наймаа нэг л дэлгэрээд эхэлбэл түүнийг зогсоох, хязгаарлахад маш хэцүү гэдгийг олон улс орны туршлага бэлхнээ харуулж байна. Татварын хувь хэмжээг ирэх таван жилд нийтдээ 1100 хувиар нэмэгдүүлэх тооцоолол хийжээ: Энэ нь хэнд ашигтай вэ? Үүний цаана ямар эрх ашиг байна вэ?
Ямар ч төрлийн тамхи ижилхэн хортой гэж хуулийн төсөл санаачлагчид удаа дараа мэдэгдсэн. Ижилхэн хортой учраас бүгдэд нь “ялгалгүй” ижил хувь хэмжээгээр татвар ногдуулах гэнэ. Энэ логикоор сэтгэвэл архи, шар айраг хоёрын аль аль нь “согтууруулах ундаа” учраас ижилхэн татвартай байх ёстой болох нь. Гэтэл дотор нь агуулагдаж буй спиртийн хэмжээ нь өөр өөр учраас татвар нь ялгаатай байдгийг хүн бүр мэднэ.
Зах зээл дээр борлогдож буй үнийн зөрүү ихтэй хоёр өөр бүтээгдэхүүнд ижил хувь хэмжээгээр татвар ногдуулж, түүнийгээ жил дараалан улам нэмэгдүүлэхэд ямар үр дүн гарахыг сонирхож үзье. Бүтээгдэхүүн А нь 4000 төгрөг, бүтээгдэхүүн Б нь 20000 төгрөг байсан гэвэл ижилхэн 140 хувийн татвар ногдуулахад А нь 9600, Б нь 68000 болно. Үнийн зөрүү 16000 байснаа 58400 болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, А-гаас татгалзаад Б-г сонгох боломж огцом багасна. Бид зөвхөн 140 хувиар тооцоолол хийж үзлээ. 1100 хувиар тооцож үзвэл үнийн зөрүү тэнгэр, газар шиг ялгаатай болно. Энэ нь А-д ашигтай юу, Б-д ашигтай юу гэдгийг энэ тооноос хэн ч хараад ойлгох биз ээ. Ижил хортой учир ижил хувь хэмжээгээр татвар ногдуулна хэмээн “шударга” дүр эсгэгчдийн цаана ийм “заль” нуугдаж байгаа юм биш биз? А-г үлдээж, Б-г зах зээлээс шахах гэсэн явцуу сонирхол нуугдаж байгаа юм биш биз?
Хуулийн төсөл санаачлагч гишүүд хүүхдийг тамхины, тэр дундаа вейпны хор аюулаас хамгаалах тухай байнга ярьж, иргэдээс ихээхэн дэмжлэг авч байгаа нь үнэн. Манай хууль бол “нийтийн эрүүл мэндийн төлөө” хууль гэж сурталчилсаар байгаа. Одоогийн байдлаар 78 гишүүн хуулийн төслийг дэмжсэн байр суурьтай байгаа гол үндэслэл нь хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа вэйпны хэрэглээ. Үүнтэй маргах зүйл байхгүй. Гэтэл хүүхдүүдээс гадна энэ хууль тамхи татдаг насанд хүрэгчдэд бас хамаатай гэдгийг мартаж боломгүй. Дэлхий нийтээр утаагүй тамхийг хэрэглэх болж, насанд хүрсэн янжуур татдаг хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах нэг гол стратеги хэмээн хүлээн зөвшөөрсөн. Үүнийг манай иргэд аль хэдийн ойлгож, манай улсад янжуураас татгалзаж, утаагүй тамхи хэрэглэх насанд хүрсэн хүний тоо нэмэгдсээр байна. Янжуурын хамгийн гол хор нь утаандаа байдаг. Утаагүй тамхи хэрэглэснээр хүмүүс тэр хорноос холдож байгаа юм. Янжуурыг шууд хаяж чадахгүй байгаа архаг тамхичин хүн утаагүй тамхи хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах нь тэр хүний эрхийн асуудал. Энэ эрхийг нь бgогдуулсан хууль гаргавал УИХ-ын гишүүд Үндсэн хуулиа зөрчихөд хүрнэ.
Онцгой албан татварын гол утга нь хортой гэдгийг нь мэдсээр байж “хортой” бүтээгдэхүүн хэрэглэж, эрүүл мэндээ муутгаж байгаа иргэдийн эмчилгээ, сувилгаанд шаардагдах “нэмэгдэл” зардлыг “татвар” хэлбэрээр өөрсдөөс нь гаргуулахад оршино гэж судлаачид тайлбарладаг. Янжуур бол яах аргагүй хортой бүтээгдэхүүн. Түүний утаан дотор 6000 орчим элдэв янзын бодис агуулагддаг гэсэн судалгаа бий. Тэгвэл зарим утаагүй бүтээгдэхүүн энэ хортой бодисуудын хэмжээг 90-95 хүртэл хувиар багасгаж чадсан гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Иймээс утаагүй бүтээгдэхүүн одоохондоо янжуураас нэлээд үнэтэй байгаа нь үнэн. Хэрэглэгч энэ үнэтэй бүтээгдэхүүнийг авч хэрэглэнэ гэдэг бол эрүүл мэндээ хамгаалахын тулд өөрөөсөө зардлаа гаргаж төлж байна гэсэн үг. Гэтэл төр ингээд хамгийн хортой янжуураас татгалзаж, түүнээс хавьгүй илүү өндөр үнэ төлж, эрүүл мэндээ хамгаалах зардлаа өөрөө шууд гаргаж байгаа иргэнээс татвар хэлбэрээр нэмж “төлбөр” гаргуулах нь дэндүү шударга бус юм. Гэхдээ огт татвар авч болохгүй гэсэн үг хараахан биш. Утаат янжууртай харьцуулахад утаагүй тамхин бүтээгдэхүүний татвар дор хаяж тавин хувь бага байх учиртай.
Арваад жилийн өмнө Тамхины хяналтын тухай хуулиар олон нийтийн газар тамхи татахыг хориглосон нь нийгмийн дэмжлэг, сайшаалыг хүлээж байсантай адил электрон тамхийг “хадны мангаа” болгочихвол олон нийтээс оноо авна хэмээн хууль санаачлагчид тооцоолж байгаа бололтой. Манайхан янжуур тамхиа зөвшөөрөгдсөн цэг дээр татаж сурах гэж хэрдээ хичээсэн энэ 10 жилийн хугацаанд дэлхий ертөнц танигдахын аргагүй өөрчлөгдөж, хөгжингүй орнуудад “тамхины цэг” гэдэг нь юу болж өөрчлөгдсөн бэ гэхээр энэ нь зөвхөн утаагүй тамхинд зориулагдах болж, орчны бохирдол, дам тамхидалтын нөлөө ихтэй янжуур тамхийг хэрэглээнээс улам бүр түрж байна.
Японд гэхэд утаагүй тамхи 2014 оноос хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд уламжлалт утаат тамхины борлуулалт 50 хувиар буурсан судалгаа байна. Хүүхдүүдийн нэр барьж, айдас хүйдэс төрүүлж байгаа электрон тамхи гэдэг ойлголтын цаана шаталт үүсгэдэггүй бүх бүтээгдэхүүнийг ч бас өндөр татвараар хааж боож, насанд хүрсэн тамхи хэрэглэгчдийн хор бага сонголтыг хязгаарлах нь үнэндээ утаат тамхи буюу янжуурын зах зээлийг хамгаалах үр дагавартай. Тийм ч учраас Тамхины хяналтын тухай хуулийн төслийн ард янжуур тамхи импортлогчдын лобби явж байна уу гэдэг хардлага сошиал сүлжээнд хүчтэй өрнөж байгаа нь оргүй хардлага биш юм.
Уг нь бол тамхи үйлдвэрлэгчид ч бас ирээдүйг урьдчилан харж технологи шингээсэн уламжлалт бус бүтээгдэхүүний хөгжүүлэлт рүү зорьж байгаа. Үүнд улс орнуудын тамхины хэрэглээнд баримталж буй бодлого ч нөлөөлж байгаа. Шуудхан хэлэхэд дэлхийд шаталтгүй, утаа үүсгэдэггүй тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг янжуурынхаас дунджаар 50 хувиар, хөгжингүй орнууд багтдаг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орнуудад дунджаар 56 хувиар багаар тогтоож байж зах зээлд янжууртай ойролцоо үнээр борлуулагдах нөхцөлийг хуулиараа бүрдүүлсэн байдаг бол манай хууль санаачлагчид бүх тамхийг хортой, аюултай гэж айлгаж байгаад яг ижил өндөр татвар тавьж байгаа нь янжуурын зах зээлд давуу байдал үүсгэх нөхцөл юм. Тэгвэл хэн энэ хуулийн ард хэн лобби хийж байж болох вэ?
Монголын зах зээлд янжуурын импортыг ноёлдог цөөхөн компани бий. Тэдний нэг нь Японы “JTI” хэмээх компанийн дистрибьютор "Волтам” гэх компани байна. “Волтам”-ын ард хэн байгаа нь тийм ч нууц биш.
Б.Баттулга Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байв
Тамхины тухай хуульд хардах хүн нь УИХ-ын гишүүн Х.Баттулга байж болохоор байна. Учир нь одоогоор “Волтам” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Баттулга нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байсан. Түүнээс гадна Монгол Улсын иргэн Батсүрэн Баттулга нь “Монсино транс Пи-Ти-И” компанийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Женко Холдингс Пи-Ти-И” компанийн байранд 2018 онд Сингапурын оффшор бүсэд үүсгэн байгуулжээ. /Монголын өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдэл ТББ-ын нийтлэл/ Ингэхдээ Батсүрэн Баттулга нь Монгол Улсын А0033315 гэсэн албан паспорт ашиглан тус оффшор компанийг үүсгэн байгуулсан.
Тэгвэл Б.Батсүрэн нь одоо “Волтам" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн. Тус компани нь 2005 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан, дэлхийн хамгийн том 5 тамхи үйлдвэрлэгчийн нэг болох "Japan Tobacco Inc." буюу "JTI" гэх компанийн Монгол Улс дахь цорын ганц албан ёсны дистрибьютор юм. Компани нь дотоодын зах зээлд хамгийн олон буюу нийт 4 брэндийн 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот болон 21 аймагт нийт 4500 цэгээр дамжуулан худалдан борлуулалтын өргөн сүлжээгээр борлуулдаг. Тэгвэл өдгөө УИХ-ын гишүүн Женко Баттулга Тамхины тухай хуулийг хөхиүлэн дэмжиж суугаа юм биш биз? Тус хуулийг санаачлагч, идэвхтэй хамгаалагч гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ө.Шижир. Өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан, өөрийнх нь гарын хүн. Үүнээс гадна “Хүн” намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Б.Мөнхсоёл нар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “бүх төрлийн тамхи ижил хортой” гэсэн байр суурийг тууштай илэрхийлдэг. Тэд мөн л дээрх хуулийн төслийг хамгаалагч нар уу? Дашрамд дурдахад, Волтамын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Содномдоржийн Санасэр нь “Хүн” намын Удирдах зөвлөлийн гишүүн. Энэ санамсаргүй хэрэг биш байх. Хамгийн сонирхолтой нь Б.Найдалаа гишүүн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад дагалдах хууль, тогтоолын төслийг хэлэлцэх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдоод удаагүй байгаа билээ.
Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг дагаад тамхины татвар ирэх таван жилд шатлалтайгаар явсаар нийт 1100 хувиар, эхний жил буюу 2026 онд одоогийнхоос 139 хувиар нэмэгдэхэд хайрцаг янжуурын үнэ 19 мянган төгрөгт хүрэх тооцоо байгаа юм. Харин угаас янжуур тамхинаас өндөр өртгөөр үйлдвэрлэдэг, тэр хэрээр борлуулалтын үнэ нь өндөр байдаг утаагүй тамхинууд янжууртай яг ижил татвартай байх тохиолдолд Монголд зарагдах ямар ч боломжгүй юм. Монголчуудын дундаж орлоготой харьцуулахад өдөр тутмын хэрэглээ болсон тамхины үнэ хэд орчим байвал ашиг хийх вэ гэдгийг ямар ч үйлдвэрлэгч тооны машин дээр бодчихно. Хүн ам нь манайхнаас хэд дахин өндөр орлоготой Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орнуудад утаагүй тамхины үнэ янжуурынхтай ойролцоо байдаг нь татварыг ялгаатай тогтоосны үр дүн юм. Яагаад тийм бодлоготой вэ гэхээр тамхи татдаг хүмүүстэй тэмцэх биш тамхины шууд болон шууд бус хор нөлөөг нь бууруулахыг бодлого гэж үздэг учраас.
Янжуурыг дэмжээгүй л бол бусад тамхин бүтээгдэхүүний татварыг эргэж харах ёстой
Тамхинаас татгалзах бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа бол дэлхий нийтэд хор нөлөө нь янжуурынхаас бага гэдгийг судалгаагаар нотолж, онцгой албан татварыг уламжлалт тамхиныхаас багаар тогтоосон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орнууд, тэр дундаа Европын Холбооны улсууд, сайн мэдэх АНУ, Их Британи, Канад, Швейцар, Шинэ Зеландын хууль, туршлагыг судлах хэрэгтэй. Тэнд ч бас л адилхан хүүхдүүд байгаа. Утаагүй тамхины хэрэглээг хүлээн зөвшөөрч, татварыг багаар тогтоолоо гээд хүүхдүүд нь сүйрч байгаа гэж огт бодохгүй байна. Энэ бол тусдаа бодлого.
Мэдээж тамхи болон никотины хамаарлаас бүрэн гарах, болж өгвөл анхнаасаа орохгүй байх нь хамгийн зөв сонголт мөн. Харин тамхинаас гарахгүй байгаа насанд хүрэгчдийн хувьд янжуураас өөр хувилбар сонговол амь насаа алдах эрсдэлийг бууруулах боломж байгаа. Учир нь тамхидалтаас үүдэлтэй өвчний үндсэн шалтгаан нь шатаж буй янжуурын утаанд ихээхэн хэмжээгээр агуулагддаг химийн хортой бодис юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Хүнс, эмийн агентлаг аль аль нь өөр өөр төрлийн тамхин бүтээгдэхүүний эрүүл мэндэд учруулах эрсдэл мөн өөр байдаг бөгөөд шаталт үүсгэх замаар хэрэглэдэг бүтээгдэхүүн хамгийн их хортой байдаг гэж мэдэгдсэн.
Хууль санаачлагчдад судалгаа шинжилгээ, ялгаатай татварын бодлогын талаар танилцуулга байхгүй биш байгаа. Дэлхийд өөр хаана ч байхгүй зүйлийн тухай энд яриагүй. Хамгийн гол нь тэд хүсэхгүй байгаад л энэ бүх хардлагын учир оршино. Түүнчлэн тамхины татварыг нэмэхийг ч энд эсэргүүцээгүй, гэхдээ хувь хэмжээг нь тогтоохдоо гаднын байгууллагын зөвлөмжийг сохроор дагахын оронд бодитой хөрсөн дээрээ буумаар байна. Монголчуудын цалин орлого хэд вэ, инфляц хэд вэ?
Тамхичдын эмнэлэг байгуулах уу
Мөн Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан нэг заалт анхаарал татна. Эрүүл мэндийн даатгалын сангаас “тамхинаас гаргах, никотины хамаарал, хорт зуршлаасаа салах үйл явцыг дэмжих, хөнгөвчлөх зорилготой зөвлөгөө, эмчилгээ, сэтгэлзүйн дэмжлэг, эм бэлдмэл зэргийг багтаасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ” гэж тус хуулийн төслийн 9.1.-д тусгасан байна. Хуулийн төслийг санаачлагчид энэ оны есдүгээр сард өргөн барьсны дараахан Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр энэ төрлийн эмчилгээ, эм маш өндөр өртөгтэй, тэгээд ч Монголд байхгүй талаар мэргэжилтэн илтгэлтэй дурдаж байсан. Огт байхгүй эмчилгээг бий болгоход хэн ямар эмийн бэлдмэл оруулж ирж, Эрүүл мэндийн даатгалын санг “дээрэмдэх” юм бол доо?!
Мөн илтгэгч эмчийн лекцээс харахад тэр эмчилгээ нь асар өндөр зардалтай, төвөгтэй. Ямар ч тамхичин тийм зүйлийг сонгохгүй. Яагаад гэвэл тамхичдын хувьд тэдний бодлоор бол тамхи татах нь өвчин биш, зүгээр сонголт байдаг. Харин татаж буй тамхины хэрэглээнд нь хор бага сонголтыг өгөх нь тамхины эсрэг хамгийн ойрын тусламж, эмчилгээ болох биз ээ. Үгүй юм гэхэд УИХ-ын гишүүд минь хууль санаачлах эрхээ тамхины наймаачдад худалдахаа л больчих.
Редакцын бус нийтлэл