Төмөрбаатарын Батсайхан 

Энэ жилийн “Монгол бахархал”-ын өдрийн гол хүн нь академич С.Нарангэрэл байлаа.  Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж, Монгол түмний өмнө хийж бүтээсэн зүйлтэй, бахархах түүхтэй нэгэн болохоо тунхаглаж чадлаа.  Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа  “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн Содовсүрэнгийн Нарангэрэлийн тухай онцлон хүргэж байна.

Монгол бахархлын өдөр. Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд морин хуурын аяз эгшиглэнэ. Есөн хөлт цагаан тугийн өмнө хүндэт харуулууд нүд цавчилгүй зогсож, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс болон өмнө нь “Чингис хаан” одон хүртэж байсан эрхмүүд танхимд эгнэн суужээ.  Монгол Улсын Морин хуурын чуулгынхан ч ая эгшгээрээ монгол хүний бахархлыг сэрээнэ.  

Танхим бүхэлдээ Монгол гэсэн нэр, уур амьсгалын дор нэгдэх тэр мөчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан тэргүүн зэргийн одон” хүртэх хүндтэй эрхмийг зарлав. Академич С.Нарангэрэл Ерөнхийлөгчийн өмнө ирж “Чингис хаан” одонг энгэртээ зүүхдээ эхлээд малгайгаа, дараа нь нүдний шилээ аван бөхийж шагналыг бие буйгаараа хүндэтгэл дүүрэн хүлээж авч байлаа. Эргэн алхахдаа ч тэр  Төрийн есөн хөлт цагаан тугандаа гурвантаа мөргөж, эх орон, эх түүх, Монгол төрөө эрхэмлэн дээдэлж буйгаа илэрхийлсээр байв.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх С.Нарангэрэлийн тухай “Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.  Мөн  Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академичийг Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна. Их эзэн Чингис хаан нэгэн хүмүүний амьдралд хийж үл барам, мянга мянган удирдагчийн хийж бүтээснээс илүү их түүх бүтээж, эгнэшгүй суу алдраа дэлхий ертөнцөд дуурьсгаж, судлан шинжилж үл дуусах арвин их өвийг хүн төрөлхтөнд үлдээсэн түүхтэй. Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм” хэмээлээ. 


“Чингис хаан” одонт С.Нарангэрэл нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумд төрсөн. Тэрээр хоёрхон настайдаа аавыгаа алдсан нь миний амьдралын анхны, хамгийн гунигтай дурсамж хэмээн өгүүлдэг. Аав нь жинд яваад эргэж ирээгүй билээ. Эцгийгээ гүйцэд таньж амжаагүй нь түүнийг амьдралын хатуу үнэнтэй эртнээс учруулж, эрэл хайгуул хийх эхийг тавьсан гэлтэй. Тэр багадаа өвөг дээдсийнхээ тухай мэддэггүй байсан ч шинжлэн судалж эхэлсэн нь хожим нь түүнийг удам судартаа гүн шумбах нэгэн хүч болж, эрдмийн замд нь сэдэл болж өгчээ.  Түүний аав Б.Содовсүрэн нь Монгол Улсад шүүхийн байгууллага батжин хөгжихөд  их үүрэг гүйцэтгэсэн нэгэн. 16 настайдаа Шүүхийн нарийн бичгийн дарга, 18 настайдаа Улаанбаатар хотын шүүхийн орлогч дарга, 19 настайдаа Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан. Мөн Улсын дээд шүүхийн удирдлагад 13 жил ажиллажээ.  Мөн Б.Содовсүрэнг хилийн маргаантай газрын асуудлаар улсын комиссын хуулийн зөвлөхөөр ажиллуулж байсан түүхтэй.  Ийм л аавын үргэлжлэл юм.  Тиймдээ ч С.Нарангэрэл “Чингисийн одон” гардсаныхаа дараа хэлсэн үгэндээ “Их эзэн Чингис хааныхаа “Эцгийн нэрийг үр хүүхэд нь амьдруулж, эцгийн үйлсийг үр хүүхэд нь залгамжилнам уу” хэмээсэн айлдварыг нь үеийн үед монгол хүн бүр сүсэглэн дагаж явах нь энэ хорвоод монголчууд та бид төрөлх эх орондоо монголоороо үлдэх цорын ганц боломж ч байж болох юм” хэмээн тодотгосон билээ.  Тэр Чингис хааныхаа айлдвараар эцгийнхээ нэрийг амьдруулж, эцгийнхээ үйлсийг залгамжилж амьдарсан нэгэн гэлтэй.  Хотоос зайдуу байх номын өргөөндөө өвөг дээдсээ хөшөө модоор сийлэн бүтээж байгаа бөгөөд цаг нь ирэхээр олон нийтэд дэлгэн харуулна гэдгээ мөн дуулгасан. 


Удам дамжсан хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн, академичийн түүхийг нэг сонины нүүрт багтаана гэвэл нэлээд өрөөсгөл болно. Товчхон өгүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй байх. С.Нарангэрэл Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан.  Ерөнхийдөө түүний ажил амьдралын гараа МУИС-аас эхтэй. Залуу багшаас академич хүртэл түүний туулсан зам нь тийм ч шулуун дардан байгаагүй нь лавтай.  1970-аад оны эхэн үед  МУИС-д хичээл зааж зогсох туранхай бор багшийг хэн ч Шинжлэх ухааны академийн ноён оргилд гарах хүн гэж төсөөлөөгүй байх. Гэвч С.Нарангэрэл багшийн дотоод хүч, хичээл зүтгэл, суралцахуйн урагш тэмүүлэл бусдаас түүнийг ангид болгодог байв.  Тэрээр ОХУ-ын Бүх Холбоотын Хууль зүйн хүрээлэнд аспирантурт суралцаж ирээд шууд л сурган хүмүүжүүлэх ажлаа эхлүүлсэн. МУИС-д багшлахдаа тэр өөрийгөө биш, монгол хуульчийн ирээдүйг бэлдэх чин хүсэлтэй байсан гэдэг.   Энэ хүсэл нь Чингис хааны бас нэгэн сургаалтай ойролцоо мэт.   Тэрээр “Монгол бахархал харийн улс гүрний аж төрөх ёсыг мөнхөд өөрийн болгодоггүй, нэг л мэдэхэд буцаад буурин дээрээ эргээд буучихдаг монгол хүмүүний язгуур мөн чанар, генд нь хадгалагдаж иржээ. Ямар ч хүн өөрийнхөө гэр оронд өвлөж, нүдний цөцгий мэт нандигнаж ирсэн уламжлалаа хадгалахыг эрмэлздэгийн адил үзэсгэлэн төгөлдөр эх орныхоо хөрс шороон дээр таван хошуу мал сүргийн аж ахуй бүхий бэлчээр дагасан соёл иргэншлийн аж төрөх  ёс, мөнхөд оршин байхыг нэгэн цагт хүн төрөлхтний дотор асаж байсан жинхэнэ аз жаргалант амьдралын гал цог бадарч, эцэг тэнгэрээс заяасан эрч хүч цогцолсон амьдралын уламжлалт хэв маягаа үргэлж хадгалж явцгаахыг Их эзэн Чингис хаан монголчууд бидэндээ хичээнгүйлэн захиж үлдээжээ” хэмээсэн.  Энэ бол түүний Чингис хаан тэргүүн зэргийн одон гардах үеэрээ илэрхийлсэн бас нэгэн сэтгэл хөдлөл, монголчуудад бол санаж сэрэх үнэт үг байлаа. 

 


2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг удирдах хугацаандаа тэр шинэчлэгч, бүтээгч захирлын дүрээр бадамлан тодорсон байдаг. Хичээл сургалтын хөтөлбөрийг шинэчилж, гадаадын их сургуулиудтай холбоо тогтоож, олон улсын стандартын дагуу хуульч бэлтгэх системийг хөгжүүлэх нь түүний гол ажлын нэг байв. Монголын олон зуун хуульч түүний гар дамжин, түүний нооргийн зах дээр бичигдсэн үгсийг ойлгон эрдмийн замд орсон гэдэг. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ. Түүнчлэн орчин цагийн хууль зүйн шинжлэх ухаан, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан байдаг. Тухайлбал, үндэсний эрх зүйн тогтолцоо бүрэлдэн тогтох, өрнийн эрх зүйг судлан суралцах үндэс суурь болсон хууль зүйн нэр томьёо, эрх зүйн тайлбар толь цуврал бүтээл, англи, орос хууль зүйн толь бичиг зэргийг зохиож нийтийн хүртээл болгосон билээ. Түүнчлэн онол болон практикийг хослуулж прокурор болон Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан зэрэг нь түүнийг нэрт хуульч, өмгөөлөгч хэмээх алдарт хүргэсэн гэхэд болно.  Тэрээр “Чингис хаан” одон гардах үеэрээ “Их эзэн Чингис хаан маань хэн нэгнийхээ тусыг хариулж чадахгүй юм аа гэхэд эргээд гай төвөг учруулдаггүй, сэтгэлийн тэнхээ муутайг нь тэсвэр тэвчээртэй, хагарал талцал, дайсагналыг нь эв эе, үзэн ядалт, өш хонзон, хорон муу санаархлыг нь өгөөмөр, атгаг бус сэтгэл, эргэж буцдаг шарвалтыг нь урвашгүй чанар болгон хувиргаж өгч байжээ. Ингэсний үр дүнд XIII зуунд цул нэгдмэл, хүчирхэг монгол үндэстэн бүрэлдэж, тэдний сэтгэлийн эерэг сайхан энергид харийнхан өөрийн эрхгүй татагдаж, улмаар дэлхий дахинд 100 жилийн туршид шударга ёс, энхийг тогтоох ариун үйлсийг та бидний гайхамшигт өвөг дээдэс оройлон манлайлж, энэ хорвоогийн хүн ард эвтэй найртай эн зэрэгцэн аж төрөх нөхцөлийг бүрдүүлж өгч байжээ” хэмээн онцолсон нь учиртай билээ. 


1992–1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа улс төрийн амлалтаар бус, хуулийн чанараар үнэлэгдсэн хүн. Тэр өөрийн хэлэх дуртай үгээр “Хуульч хүн улс төрд орох биш, хуулийн төлөө төрд зүтгэнэ. Зөвлөх, прокурорын удирдах ажилтан, судлаач, багш ямар ч албан тушаалд байсан, тэр хамгийн түрүүн хууль, ёс зүй, зөв суурь гэсэн зарчмаасаа гажиж байсан удаа үгүй юм. Их эзэн Чингис хаан монгол зарим хүмүүний бүдүүлэг, цэвдэг сэтгэлийг нь эелдэг, найрсаг, зочломтгой, шударга бусыг цэх голч шударга, залхуу хойрго, унхиагүйг нь ажилсаг, хөдөлмөрч, ханашгүй шунахайрлыг нь эс шунахуй, эрээ цээргүйг нь ичиж эмээдэг болгож өгсөн. Түүнчлэн хүний мөсгүйг нь жудагтай, харгис хэрцгийг нь нинжин, худал хуурмагийг нь үнэн, хэн нэгнийхээ найдвар хөсөрдүүлэхийг нь итгэл даадаг, нэр хүндээ унагахыг нь нэр төрөө дээдэлдэг, амин хувиа хичээхийг нь нийтэч, хамтач болгож өгчээ гэдгийг түүний бүтээлүүд нотолдог.   Тиймдээ ч Академич С.Нарангэрэл “Чингис хааны” одон хүртэх үеэрээ “Их эзэн Чингис хааны маань “Хаан миний бие их хээр талд аж төрөн сууж, цэх  шударгыг эрхэмлэн тогтоогоод, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, идэх хоол, өмсөх хувцсаа адуучин, үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг үр хүүхэдтэйгээ  адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж, эе эвийг сахиулан энэрэл хишгээ түгээж явна аа” хэмээсэн айлдвар нь төр, засгийг барилцаж яваа хүмүүст хандсан нэг ёсны гэрээс өнөөдөр бас хатуу анхааруулга болж байна” гэдгийг зарлан тунхагласан биз ээ. 


Академич С.Нарангэрэл ёс суртахууны асуудлыг олон нийтэд ч зарлан тунхагласан нэгэн.  Тэрээр ёс суртахуун хүнд дөрвөн замаар дамжиж ирдэг. Нэгдүгээрт удмаар дамжиж, хоёрдугаарт гэр бүлээр төлөвшиж, гуравдугаарт өөрийгөө хөгжүүлж, дөрөвдүгээрт, нийгмээс авах юм. Ёс суртахуун нь ёс зүйн ухааны судлагдахуун, хүнд байх учиртай, төлөвшүүлэх ёстой сайн сайхан чанаруудын нийлбэр цогц тул хүний ёс суртахууны тухай ярихдаа ёс зүй хэмээх шинжлэх ухааны нэрийг хэрэглэж, ёс зүйтэй хүн, ёс зүйгүй ажилтан гэх нь буруу юм. Ингэхийн оронд ёс суртахуунлаг хүн, ёс суртахуунгүй багш хэмээн хэлж ярьж, бичиж хэвших нь зүйд нийцнэ. Хүнд ёс зүй төлөвшихгүй, харин ёс суртахуун төлөвшинө, хүн ёс суртахуунтай байхаас биш ёс зүйтэй байхгүй. Хэн нэгнийг ёс зүйтэй хүн гэх нь ёс зүйн шинжлэх ухаантай хүн гэж байгаа хэрэг болно. Харин “ёс зүйн дүрэм” гэж хэрэглэж болох. Хүмүүст тавигдах ёс суртахууны шаардлага, мөрдөх зарчим, хэм хэмжээг тодорхойлон тогтоодог, сахиулан мөрдүүлдэг хүн ёсны хууль тул ийн нэрлэдэг гэжээ. С.Нарангэрэлийн судалгааны өргөн цар хүрээ, олон талт бүтээлүүд, тэвчээртэй зан, монгол ухаанд итгэх итгэл нь түүнийг монголын хууль зүйн салбарын хамгийн нөлөөтэй сэтгэгчдийн нэг болгосон гэлээ. 
Тэр бол Чингис хааны эрх зүйн гүн ухааныг сэргээсэн эрдэмтэн. Зөвхөн шинэ үеийн хуульч бэлтгэгч биш, харин монголын хууль зүйн язгуур философийг ухаж төнхөгч хүн юм. Түүний “Чингис хааны эрх зүй”, “Монголчуудын ёс суртахууны уг гарваль”, “Монголын эрх зүйн тогтолцоо” зэрэг бүтээлүүд үндэслэл, судалгааны баталгаа, соёл-түүхийн уялдаагаараа монгол эрх зүйн шинжлэх ухааныг шинэ шатанд гаргасан. “Монголчууд бол хуульгүй ард түмэн биш, тэдэнд зөвхөн мартагдсан хууль бий” хэмээн тэр хэлдэг. Энэ үг бол түүний судалгааны философийн цөм гэхэд болно.  Тэр ч утгаараа түүхэн сурвалж, хөлгөн судар, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд тулгуурлан “Чингис хааны ёс суртахуун – Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Ёс суртахууны цагаан толгой” хэмээх монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт сэргэлт, монгол хүний удирдлага болгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгож, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит эх баримтад түшиглэн тайлбарласан бүтээлүүдээрээ Төрийн шагнал хүртсэн билээ. Академич С.Нарангэрэлийн туурвисан “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх бүтээлд Чингис хааны хууль цаазын сэтгэлгээний онцлогийг шинжлэн судалж, их хааны үйл хэрэг, хуулийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тогтоож, хууль, эрх зүй нь ёс суртахууны эрхэм чанарыг хамгаалан бэхжүүлэх, хэвшүүлэн мөрдүүлэх хүчирхэг хэрэглүүр болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон байдаг. Энэхүү бүтээл эдүгээ англи, орос, герман, казах, солонгос зэрэг хэлнээ орчуулан хэвлэгдэж, дэлхийн улс орнуудад Их эзэн Чингис хааны билиг сургаал, үйл хэргийг сурталчлан таниулж байна. 

Академич С.Нарангэрэл
-Монгол бахархал бол олон зууны туршид огт хуучраагүй аж төрөх ёс, амьдралаа авч явах монгол айл өрх бүрийн арга билиг, гал голомтоо залгуулан үр хүүхдээ эгэл жирийн амьдралд жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх өнө эртний үнэт уламжлал, элгэмсүү их монгол хэлд маань оршин байсан байна.
-Монгол бахархал бас  өвөг дээдсийнхээ гайхамшигт ухаанаас цаг ямагт суралцаж, түүнд суурилан амьдралаа тодорхойлж, цаашдын ажил үйлсийнхээ зүг чиг, эрч хүчийг олж авахад оршиж байжээ. 
-Монголчууд бид бүгдээрээ төрөлх Монгол эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг билээ.
-Их хааныхаа “Миний сургаалыг мянган онд хувиргалгүй, түмэн үедээ өөрчлөлгүй, ургийн ургаараа мөрдөн журамлатугай” хэмээснийг нь чанд сахин биелүүлж чадах хүмүүс бол та бид хэмээн Монгол бахархлын өдрөөр айл бүрийн хойморт зарлан тунхагласан эрдэмтэн юм.