Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Happy art"  урлангийн багш Т.Ундармаа болон түүний авьяаслаг сурагчдыг онцолж байна.
 

Танай сургалтын төв хүүхдийн зурах ур чадварыг хөгжүүлэхийн тулд ямар арга барилаар хичээлээ заадаг вэ?

-Манай дугуйлангийн онцлог бол хүүхэд бүрийн сонирхолд нь тааруулан хичээлээ заадаг. Бид нэг загварын сургалт явуулах биш хүүхэд бүрийн давуу тал, хөгжүүлэх хэрэгтэй чадварыг нь ажиглаж, түүнд нь тохируулан арга барилаа өөрчилдөг. Ингэснээр хүүхдүүд дарамтгүй суралцаж, ахиц нь илүү тод харагддаг. 
Бас найз шиг харилцаж, ямар зураг зурахыг хүсэж байгаа саналыг нь сонсох чухал. “Би л багш” гээд хүүхдүүдийн санал бодлыг сонсохгүй өөрийн хүссэнээ заах нь буруу. Бас зургийг ганц цаасан биш даавуун цүнх дээр, тэмдэглэлийн дэвтэр, цамц, футболк, модон зуруулж амьдралд ашиглахад илүү хэрэгцээтэй байхаар сургалтаа явуулдаг. Цүнхэндээ хэрэгтэй зүйлсээ хийгээд л дугуйландаа явах, өөрийн гараар бүтээсэн тэмдэглэлийн дэвтэр дээрээ дуртай зүйлсээ бичих, зурсан зурагтай футболкоо өмсөөд биеийн тамиртаа орох ч гоё шүү. Хүүхдүүд маань гацуурынхаа тоглоомыг ч өөрсдөө баримлаар хийгээд өлгөдөг. 

 

-Урлаг тэр тусмаа дүрслэх урлагтай багаас нь ойр байлгаснаар ямар ач холбогдолтой вэ?
-Сургалтад сууж байгаа хүүхэд бүр зураач болох албагүй. Техник технологи хөгжиж байгаа энэ үед урлагийн мэдрэмж маш чухал. Зураг, хөгжим, жүжиг, шүлэг, бүжгийг ямар ч техник хүн шиг илэрхийлж чадахгүй. Хамгийн наад зах нь тэд гоё хоббитой болно. Ирээдүйд сэтгэл санаа тавгүй үедээ зургаа зураад л суухад тайвширна шүү дээ.

 

-Хүүхдийн зурсан зургаас тухайн үеийн мэдрэмж харагддаг гэдэг? 

-Ганц хүүхдийн гэлтгүй том хүний ч сэтгэл зүй ямар байгааг зураг зурж байх үед нь мэдэрч болдог. Олон жил хүүхэдтэй ажилласны хувьд шууд л анзаарагддаг. Багш хүн ганц зургаа зурахыг л заагаад байдаггүй. Хүүхдийн сэтгэл зүйг ч анзаарч баяртай үед нь дэмжиж, гунигтай үед нь хамт байхыг хичээдэг.  Хүүхдүүд  ихэвчлэн гэр бүл, хайртай амьтнаа, мөрөөдлөө, нар, сар, оддыг зурах дуртай байдаг.

 

 -Бяцхан зураач хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Зураг зурахдаа аз жаргалтайгаар зураарай. Зураг зурахад алдаа гэж байдаггүй, зөвхөн шинэ санаа бий болдог. Шугам чинь мурийсан байлаа ч, өнгө чинь холилдсон байлаа ч тэр нь чиний бүтээлд өөрийн гэсэн гоё түүх нэмдэг. Хүүхдүүд минь зураад л байгаарай. Хүн бүр, хүүхэд бүр зураач шүү.

Дүүлэн /9 настай/

 

Гарьд /9 настай/

 

Ашидхүү /4 настай/, Ачитхүү /6 настай/

 

Гэгээнмаа / 7 настайдаа /

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 220 (7717)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.