Д.АРИУН

 

 

Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан шашин, номын ёслол арваннэгдүгээр сарын 14-нд боллоо.

Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 14-нд  тохиов. Энэ өдөрт зориулсан арга хэмжээ Монголын бурханы шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” их цогчин дуганд болсон. Тодруулбал, Өндөр гэгээний урласан “Очирдарь бурхан”-ы бүтээлийг олон нийтэд анхлан дэлгэн толилуулж,  “Цагийг тохинуулагч залбирал” буюу Жанлавцогзол номын айлдварыг хурж,  Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан итгэлийн уралдааны тэргүүн бүтээлийг сонсож, ойд зориулан гаргасан “Хувилгаан  урлал” номын нээлт болов.

Арга хэмжээг нээж Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж хэлсэн үгэндээ Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын үүх түүхийн талаар товчхон атлаа тодорхой мэдээллийг өгөв.

 

Тэргүүн их хамба хэлэхдээ “Өндөр гэгээн Занабазар дээдэс бээр судар, тарни хосолсон их хөлгөний шашныг эртний Энэтхэгийн Наландарын их сургуулийн уламжлалд суурилан Монгол оронд түгээн дэлгэрүүлэхдээ хурал номын ая дан, лам хуврагуудын хувцас, Бурхан шүтээн, балин тахил, онцлог хэлбэр бүхий сүм, дуганыг шинэчлэн цогцлоон байгуулж, Монголчуудын нүүдлийн соёл иргэншил, зан заншил, сэтгэлгээний онцлогт тохируулан шингээж “Монголын гэх онцлог бүхий Бурхны шашин”-ыг бий болгон хөгжүүлж, Монголчуудын мэдлэг боловсрол, үнэт зүйлсийн салшгүй нэгэн чухал хэсэг болгон уламжлуулан үлдээсэн их соён гэгээрүүлэгч юм.

Бурханы шашны үзэл онол, Монголчуудын олон зууны түүх соёл, урлагийг хөгжүүлэхэд Оройн дээд Очирдара анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар дээдэс болон үе үеийн богд Жавзандамба хутагтуудын оруулсан ач ивээл, гавьяа зүтгэл цаглашгүй их билээ” гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч яруу найрагч Ш.Гүрбазар “Арван богдын магтаал” гэдэг шинэ уран бүтээлээ Батцагаан дуганд хурсан олонд анх удаа толилууллаа. Хөгжмийн зохиолч, урлагийн гаьяАриунболдтой хамтарсан түүний шинэ бүтээлийг Монгол Улсын ардын жүжигчин С.Ганзориг, гавьяат жүжигчин  Ц.Төвшинтөгс, У.Далантай, Б.Батмэнд нар дуулж үзэгчдэд хүргэлээ.

 

Эх сурвалж: zms.mn

Гэрэл зураг: Гандантэгчэнлэн