Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Боролдойн гэр" цэцэрлэгийн “Арт” дугуйлангийн ахлах багш Т.Лхамжав болон түүний авьяаслаг сурагчдыг онцолж байна.
-Танай цэцэрлэг хүүхдийн зурах ур чадварыг хөгжүүлэхийн тулд ямар арга барилаар хичээлээ заадаг вэ?
-Хамгийн түрүүнд юу зурахыг хүсэж байгааг асууж, түүнийг нь бодитой болоод сонирхолтой болгоход нь дэмждэг. Мөн хүүхдүүд маань “Би ингэж зурж чадлаа” гэдэг мэдрэмж авч өөртөө итгэх итгэлийг нь бий болгохын тулд хүүхэд төвтэй аргыг баримталдаг.
-Урлаг тэр тусмаа дүрслэх урлагтай багаас нь ойр байлгаснаар ямар ач холбогдолтой вэ?
-Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжийг дэмждэг. Стресс тайлна, тэвчээртэй байдал болон анхаарал төвлөрөлтөд чухал ач холбогдолтой. Зургаас мөн урам зориг авч, "Би чаддаг" гэсэн мэдрэмжийг илүүтэй олж авдаг.
-Хүүхдийн зурсан зургаас тухайн үеийн мэдрэмж харагддаг гэдэг?
- Өөрийнхөө тухай, гэр бүлийнхээ, найзынхаа гээд нийгмийн хүрээллээ зурсан сэдэвт болон чөлөөт зурган дээр хүүхдийн сэтгэл зүй болоод мэдрэмж түлхүү харагддаг. Түүгээр нь дамжуулж хүүхдүүдтэй харилцаа тогтоож тэдний сэтгэл санаа болон аливаа ойлголтыг нь эерэг аргаар чиглүүлж өгдөг.
-Хүүхдүүд ихэвчлэн ямар сэдвээр зурах дуртай вэ?
-Охид, зүрх, солонго, цэцэг голчлон зурдаг бол хөвгүүд машин бөмбөг, найзуудаа зурах дуртай байдаг.
-Бяцхан зураач хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Болж байна аа, миний хүүхдүүд, зураад байгаарай. Улам гоё болоод л байна шүү. Зураг зурах үнэхээр сайхан шүү.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 218 (7715)