Р.Оюун

ОХУ-ын хэл ярианы согог, эмгэгийг эмчлэх тэргүүлэх зэргийн мэргэжлийн эмч нар Монголд ирлээ. Тэд  аутизм, тархины саажилт, дауны синдром гэсэн хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг Монголын багш нарт сургалт явуулж, туршлагаа хуваалцаж байна. Энэ үйл ажиллагааг ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны "Россотрудничество" байгууллагын сайн дурын төвүүдийн холбоо, ОХУ-ын Хүмүүнлэгийн төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж байгааг "Россотрудничество" байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Русский домын захирал Валерия Килпякова "Энэ нь сайн үйлсийн аян. Дэлхий дахинаа хүмүүст тусламж үзүүлэх зорилготой. Оросын өндөр зэргийн мэргэжилтнүүд хилийн чанад дахь төслүүдэд бодитой дэмжлэг үзүүлэн оролцдог. Олон улсын төсөл" гэдгийг онцоллоо. Аяны хүрээнд сүүлийн таван жилийн дотор 14 улсад сайн дурын үйл ажиллагаа явуулж, 10 мянга гаруй хүнд тусалж, нийгэмд үүсээд буй асуудлыг шийджээ. Москвагаас Марина Попова, Татьяна Бондар, Екатерина Чигрина нарын оношилгоо, хэл яриа засах аргын эмч, мэргэжилтэн ирж онол, дадлага хосолсон таван өдрийн танхимын сургалтыг Улаанбаатар, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь аймгийн багш, мэргэжилтэн 100 хүнд явуулж эхэллээ.

Аяны нээлтэд нийслэлийн 55 дугаар сургууль, Дундговь, Өмнөговь аймгаас ирсэн монгол хэл ярианы эмч, ярианы эмгэг судлаач, багш, сургагч нар мөн Монголын Хэл засалчдын "Өгүүлэх чанад" холбоо ТББ-ын удирдлага, гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. ЕБС-ийн тусгай сургалтын 55 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Н.Мөнхтуяа "Бид өмнө нь ОХУ-ын Буриад улсын Боловсролын бодлогын хүрээлэнгийн багш нараар онлайнаар сургалт авсан. Харин одоо Москвагийн мэргэжилтнүүдээс мэргэжил дээшлүүлэх сургалт авч байна. Дээрх хоёр сургалтад Монголын 176 багш, мэргэжилтэн хамрагдаж байна" гэсэн юм. 

Эх сурвалж www.zms.mn